Монгол Улсад стандарт гэгчийг мөрдөөгүйгээс болж хэчнээн хүн амиа алдсаныг таашгүй. Золгүй явдлын ихэнх нь стандарт, дүрэм журам зөрчсөнтэй холбоотой байдаг. Өнгөрсөн сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг “Буман жаал” гэх цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд хахсаны улмаас эндсэн харамсалтай хэрэг гарсныг уншигчид санаж буй биз. Тэндхийн ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас эрүүл саруул бяцхан хүү эндсэн. Мэдээж энэ хэргийг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж, үнэнийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцно. Гэхдээ үүний цаана стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөх тухай асуудал хөндөгдөж буй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн бүх л байгууллага стандарт, дүрэм журмыг ягштал мөрдөх ёстой. Гэвч харамсалтай нь, бяцхан хүү амиа алдсан тухайн байгууллага нь үйл ажиллагаа эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй байж. Бүр 2019 оноос өнөөг хүртэл зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх. Бага насны хүүхдүүдийг олноор нь цуглуулж, харж хандах үүрэг хүлээсэн тус байгууллагын үйл ажиллагааг нэг удаа ч болов хянаж шалгах мэргэжилтэн байсангүй юу.
Боловсролын байгууллагад хүүхэд эндсэн учир хариуцлага нэхэх асуудал Боловсролын сайд руу чиглэсэн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр “Буман жаал” гэх байгууллага нь цэцэрлэг биш, хүүхэд харах үйлчилгээний газар хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Тус газар нь хүүхэд харах үйлчилгээг хувиараа эрхэлж байсан юм билээ. 0-2 насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байсан. Харин хоёроос дээш настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний газар гэдгээрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа газрууд нь хариуцах ёстой” гэсэн юм. Цэцэрлэгт л биш бол хүүхэд эндсэн, эсэх нь эрхэм сайдад хамаагүй юм байна. Тэгвэл энэ тухайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ямар байр суурь илэрхийлсэн бэ. Тэрбээр “Үүсэн нөхцөл байдалд хэн хариуцлага хүлээх вэ. “Буман жаал” гэх энэ газар нь төлбөртэй, өдөр өнжүүлэх, хувийн цэцэрлэг гэж өөрсдийгөө тодорхойлсон байна. Эцэг, эхчүүдээс нэг сард 350 мянган төгрөгийн төлбөр авдаг. Нийт 11 хүүхэдтэй. Гэхдээ энэ байгууллага хүүхэд харах үйлчилгээний болон хувийн цэцэрлэгийн зөвшөөрөл аль алиныг нь аваагүй. Дүүрэг, багийн Засаг дарга нарт үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргаагүй байна. Цэцэрлэг гэдгээр нь Боловсролын яам, хүүхэд харах үйлчилгээний төв гэвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хувьсах зардал аваагүй. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байхад нь хүүхдийн амь эндсэн” гэсэн юм. Хоёр нас хүрээгүй хүүхдийг улсын цэцэрлэг хүлээж авдаггүй учир эцэг, эхчүүд өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт, эсвэл хүүхэд харах үйлчилгээ нэртэй мэргэжлийн бус хүмүүст үр хүүхдээ даатгахаас өөр аргагүйд хүрдэг.
Хүүхдээ хэнд найдаж үлдээх вэ
Манай улсад сургууль, цэцэрлэгээс гадна хүүхдийг асран хамгаалах, харж хандах, хооллож ундлах, боловсрол олгох чиг үүрэгтэй олон байгууллага бий. Улсын харьяаны цэцэрлэг, сургууль хүртээмжгүйн улмаас хувийн хэвшлийн боловсролын байгууллагууд, нэмээд хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд “төрөн гарсан” билээ. 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталж, улс төрчид “Нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй боллоо” хэмээн сүржигнэж байв. Тус хуульд “Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь 2-5 хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ” гэжээ. Үүн дотор хоёр нас хүрсэн хүүхдийг авах тухай тод томруунаар бичсэн байна. Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төвүүд ихэвчлэн хоёр нас хүрээгүй хүүхдүүдийг хамруулж буй. Мөн тус хуульд “хүүхэд харагч” нь эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн байна гэж заажээ. Энэ нь заавал багш мэргэжилтэй байх албагүй гэсэн үг. Багшийн хомсдолд орсон энэ цагт хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүдэд ажиллах мэргэжилтэн олдох нь юу бол. Тиймээс мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний гол үүрэг нь боловсрол олгох бус, асран хамгаалж, хараа салгахгүй харж хандах юм. Гэтэл эл үүргээ умартан, хүүхдүүдийн эрүүл мэнд, цаашлаад амийг нь хохироосныг юу гэх вэ.
Багачуудыг “байрлуулдаг” газруудыг шалгая
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлд хүүхэд харах зөвшөөрөлтэй 323 байгууллага бий гэх мэдээлэл байна. Хүүхэд харах үйлчилгээний байгууллагаас гадна өдөр өнжүүлэх төвүүдийн эрэлт хэрэгцээ өндөр. Эцэг, эх, асран хамгаалагч нар ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулахын тулд аргагүйн эрхэнд бага насны хүүхдүүдээ ах, эгчид нь хариуцуулж үлдээх нь бий. Үүний зэрэгцээ хүүхдээ сургуулиас нь авч амждаггүй хүмүүс ихэвчлэн өдөр өнжүүлэхэд “даатгадаг”. Өдөр өнжүүлэх төвүүд хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийлгэхээс эхлээд боловсрол олгодог учраас Боловсролын яаманд харьяалагдаж буй. Тиймээс өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар Боловсролын яаманд хандсан юм. Гэвч тус яамныхан Боловсролын ерөнхий газар хариуцдаг гэв. Харин Боловсролын ерөнхий газрынхан “Бид мэдэхгүй. Нийслэлийн Боловсролын газраас асуу” гэж “чулуу хөөлгөв”. Хийсэн ажил, хэлэх үггүй учраас хариуцсан мэргэжилтнүүд нь ингэж бултсан юм.
БСШУС-ын сайдын 2020 оны гуравдугаар сарын 24-ний А/152 дугаар тушаалаар Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг баталжээ. Эл шаардлагыг дагаж, мөрдөж буй, эсэхийг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хянаж, шалгах үүрэгтэй. Гэвч дээрх тушаалыг хүчингүй болгож, 2022 онд шинэчлэхээр болжээ. Одоогоор хэрхэн шинэчилсэн талаарх мэдээлэл олдсонгүй. Харин 2022 онд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/180 тушаалаар “Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүүхэд харах үйлчилгээнд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллана” гэж үүрэгжүүлжээ. Гэвч хүлээсэн үүргээ умартсаны горыг хүүхдүүд амссаар байна. Сүүлд болсон харамсалтай явдлын дараа харьяа яамных нь сайд нар асуудлыг судалж, хүүхдийн байгууллагад хөөрхий үрс хохирч, амиа алдахаас сэргийлэх арга хэмжээ авахын оронд “арьс”-аа хамгаалаад л өнгөрсөн.
“Хүссэн нь өдөр өнжүүлэх төв ажиллуулж байна. Хаяг тодорхойгүй, албан ёсны бүртгэл, мэдээлэл байхгүйн улмаас хэчнээн өдөр өнжүүлэх ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буйг тодорхойлох боломжгүй. Итгэлцлийн үндсэнд тус үйлчилгээг явуулж буй учраас хүүхдийн эрх зөрчигдвөл хариуцах этгээд нь тодорхойгүй” хэмээн ХЭҮК-ынхон өнгөрсөн онд мэдээлж байв. Энэ байдал одоо ч хэвээр. Хүүхдүүд ямар орчинд, хэний хараа хяналтад, юу идэж, ууж буйг мэддэг газар алга. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар л өөрсдөө хараа хяналтаа сайжруулж, шаардлагаа өндөрсгөх хэрэгтэй байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.23-т “Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Мөн хүүхэд харах үйлчилгээний стандарт, журам зөрчсөн бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгохоор заасан байна. Энэ нь арга хэмжээ авсан нэрийн төдий аж. Хүүхдийн эрхийг зөрчсөн байхад буруутай этгээдийг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрнө гэдэг толгойг нь илснээс өөрцгүй. Үүнийг эрх баригчид эргэн харах шаардлагатай байна. Хүүхдүүд эрсдэл дүүрэн орчинд байгааг бяцхан хүү амиараа сануулаад буцлаа. Үүнээс сургамж авч, хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөлгүй газруудыг цэгцлэх цаг болжээ.