Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр танилцуулав. Эл судалгаа нь шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдгээрээ онцлог. 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексээр манай улс 2023 онд 53.22 оноо авчээ. Энэ нь 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлт юм байна. Индексийн үзүүлэлтийг дараах шалгуураар хэмждэг аж.
Тодруулбал, шүүхийн эрх, хэмжээ, бие даасан, нээлттэй, ил тод байдал, олон нийтийн итгэл, дэд бүтэц, нөөц, шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүхийн ашигтай үйл ажиллагаа гэсэн үндсэн зургаа болон 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлсэн байна. Мөн 21 аймаг, нийслэлийн 2000 гаруй иргэнийг хамруулж, санаа бодлын асуулга, 400 гаруй хуульчийн үнэлгээ, захиргааны статистик мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжид тулгуурлажээ.
Хоёр жилийн өмнө анх танилцуулсан шүүхийн индекс нь 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх үеийг хамарсан аж. Харин энэ удаагийн тайлан нь Шүүхийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг өнгөрсөн хугацаанд хэрхэн хэрэгжүүлсний үр нөлөөг дүгнэх боломж хэмээн судлаачид онцоллоо.
Ташрамд дуулгахад, “Нээлттэй нийгэм форум”-аас санаачилсан уг судалгааг хоёр жил тутамд хийхээр болжээ.