Холимог тулааны "One Championship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, "Чингисийн цавчилт" хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровтой хэдхэн мөчийн дараа Сингапурт тулалдана.
Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай "Чингисийн цавчилт" одоогоос яг жилийн өмнө "Кобра"-д дийлдэн дэлхийн аваргын бүсээ алдсаныг нь манай уншигчид андахгүй.
Айсуй тулааны талаар Марат Гафуров "Жадамбаа (Ж.Нарантунгалаг)-г сайтар судалж байна. Өмнөхөөсөө ч хурдан хугацаанд ялж, аварга цолоо хамгаалах зорилготой. Амаргүй нь ойлгомжтой. Тэр ч бас намайг ялахыг хүсч байгаа. Би тулаанд бэлэн" хэмээн "One Championship" холбооны албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Ж.Нарантунгалаг гавьяатад М.Гафуровыг "цавчин", дэлхийн аварга цолоо эргүүлэн авах боломж, нөөц байгаа нь мэдээж.
Ж.Нарантунгалаг гавьяатыг "Кобра"-гаас даагаа нэхэж, дэлхийн аварга болох болтугай хэмээгээд түүний тухай сонирхолтой 10 баримт сонирхуулъя.
1. Ж.Нарантунгалаг 1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Өдгөө 41 настай. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см.
2. Тэрээр эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг.
3."Чингисийн цавчилт" "Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг" хэмээх үгийг хэлэх дуртай.
Тулааны спортоос мэндэлсэн анхны гавьяат тамирчин
4.Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор энэ жил шагнасан. Тэрээр ийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон юм.
Домог ингэж эхэлсэн
5.Ж.Нарантунгалаг багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.
2003 онд болсон холимог тулааны "Mongolia fighting" тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.
Олон хүний хараанд өртөж, ирээдүйд юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч "К-1"-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй.
"Чингисийн цавчилт" хочийг түүнд Д.Дагвадорж аварга өгсөн
6.Тэрээр "К-1" холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө "Чингисийн цавчилт" хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн юм.
Тэр тулааныг үзэж байсан нэгэн хүн Д.Дагвадорж аваргаас "Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү" хэмээн гайхан асуухад нь аварга маань "Тийм ээ. Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт" хэмээн хариулсан гэдэг.
Тэр үеэс эл хоч эцэн эхийнх нь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрсэн. Японы "Sony" корпораци түүний "Чингисийн цавчилт" цохилтыг нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.
Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Чингисийн цавчилт" хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг" хэмээн өгүүлсэн.
"Legend FC" холбооны дэлхийн аварга болов
7.Харамсалтай нь "К-1" 2010 онд татан буугдсанаас болж өөр холбоонд хүч сорихоос өөр аргагүй болов. Улмаар "Legend FC" холбоонд хөл тавьсан юм. Ж.Нарантунгалаг шилдэг гэдгээ баталж, хоёрхон сарын дараа Адриан Пэнийг "цавчиж", дэлхийн аварга боллоо.
Дэлхийн аварга цолоо алдаж, хүнд бэртсэн
8."Legend FC" холбооны аварга цолоо хамгаалах тулаанаа 2013 онд Японы К.Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч "Дахин тулаан хийх боломжгүй" гэж хэлсэн гэдэг.
Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ лээ. Саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Тэрээр жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм.
Эмнэлгийн орон дээрээс "One Championship"-т
9.Ж.Нарантунгалаг дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй "One Championship" холбоонд 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. Тэрээр Японы Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон юм.
Харамсалтай нь өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын тулаанч Марат Гафуровт дийлдэн, дэлхийн аварга цолоо алдсан юм. Уг тулаанд Ж.Нарантунгалаг бүх талаар илүүрхсэн ч харамсалтайгаар боох мэхэнд орж, ялагдсан.
"Кобра"-гаас даагаа нэхэж, дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө
10.Өдгөө 41 настай түүний хувьд дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөөх эргэн ирэлт хийх амаргүй байсан нь мэдээж. Ж.Нарантунгалаг чансаа ахиулах тулаанд Бокү Коотэцү, Эрик Келли нарыг ялж, М.Гафуровоос даагаа нэхэх, дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.