Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн ч хүзүүндээ зүүж чадаагүй Г.Мандахнарангийн ялагдлын тухай олон хүн саналаа бодлоо илэрхийлж байгаа. Бөхдөө хайртай монгол түмэн түүнийг луйвардуулсан хэмээн үзэж байгаа бол зарим арай өөр бодолтой байгаа аж. Жишээ нэгэн залуу өөрийн фэйсбүүктээ бодлоо хуваалцсан байна. Тэрбээр Г.Мандахнаран луйвардуулаагүй хэмээн үзэж байна.
БУРУУ БҮХЭН БУСДЫН БУРУУ
Өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдаад Узбекын бөхөд ялагдсан Г.Мандахнарангийн барилдааны шийдвэрийн талаар манай хэвлэл мэдээлэл болон олон нийт янз бүрийн зүйл бичиж байна. Болсон үйл явдлын талаар манай Монголчууд буруу анализ хийгээд байгааг хараад тэсэлгүй үүнийг бичлээ.
Барилдааны шүүлтийн хувьд яалт ч үгүй манай бөх Дэлхийн Бөхийн Холбооны дүрмийн 33-р заалтын дагуу “барилдаан дуусахаас 30 секунд дотор өрсөлдөгч бөхөдөө барьц өгөхгүй зугтаж идэвхигүй барилдвал шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр 1 оноогоор торгох” гэсэн заалтын дагуу ялагдсан.
World United Wrestling буюу хуучнаар бол FILA гэдэг өнөөгийн Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооны олон улсын бөхийн дүрмийн (International Wrestling Rules) 33-р заалтанд (Article 33) ингэж байна.
“… If there are less than 30 seconds remaining in a Freestyle bout and the refereeing body agrees unanimously that one of the wrestlers is passive, they may issue 1 point for fleeing-the-hold. Should this point determine the winner of the match, the other wrestler may request a challenge …”
(https://unitedworldwrestling.org/…/docu…/wrestling_rules.pdf)
Шүүгчид буруу шүүсэн гэвэл үнэнээс хол зөрнө. Яагаад гэвэл 2-р үед буюу барилдааны 5 мин 41 секундэнд манай бөх дэвжээний захад 2 оноо аван оноогоо 6-6 болгон тэнцүүлсэн бөгөөд барилдаан 6-6 оноогоор дуусвал сүүлчийн оноог авсан тул манай бөх давуу байдалтай байлаа. Үүгээр ч зогсохгүй Узбекстаны талаас шүүгчидтэй санал нийцэхгүй онооны эсрэг давж заалдахад шүүгчид барилдааны бичлэгийг нягталж үзээд шүүгчдийн зөв байсан тул оноог баталж харин Узбекстаны тал буруу байсан тул 1 оноогоор нэмж торгуулан оноо 7-6 болж манай бөх маш давуу байдалтай болсон юм. Энэ шүүлтэн дээр харин ч манай бөхөд шудрага хандсан.
Тэр ч байтугай үүнийг эсэргүүцсэн Узбек дасгалжуулагч дэмжээн дээр сэтгэл хөдлөлдөө автан гарч ирсэнд шүүгч түүнд сануулга өгч шар хуудас үзүүлсэн. Гэтэл давуу байдалтай байсан Г.Мандахнаран маань барилдаан дуусахын өмнө үлдсэн 18 секундийн турш маш идэвхигүй зугтаж барилдсан бөгөөд ялангуяа сүүлчийн 6 секундэнд сэтгэл хөдлөлдөө автан бүр илэрхий өрсөлдөгчдөө барьц өгөхгүй зугтсан тул 1 оноогоор торгуулчихсан. Г.Мандахнаранг идэвхигүй барилдаж зугтаж байгааг харсан шүүгч хүртэл барилдааны 5 мин 58 секундэд барилдаан дуусахаас 2 секундын өмнө барилдааныг зогсоохоор шүгэлдсэн. Манай бөхийг торгохоор барилдааныг зогсоох гэж шүгэлдсэн байх. Манай бөх сэтгэлийн хөөрөлдөө хэт автан шүгэл дуугарч цаг дуусах эцсийн мөч хүртэл тайван байдлаа хадгалан барилдаандаа анхаарлаа хандуулж чадсангүй. Узбекын бөх бас өөрийгөө ялагдчихлаа гэж бодоод барьц өгөлгүй манай бөхийн зугтсанд илт дүргүйцэж байгаа харагдсан. Манай дасгалжуулагч нар ч 1 оноогоор торгуулснаа мэдэлгүй дэвжээн дээр гүйлдэн гарч ирсэн. Эцсийн торгуулийн 1 оноо бол маргах аргагүй яалт ч үгүй шүүгчдийн зөв байсан. Ингээд манайхыг торгож Узбекын бөхөд өгсөн 1 оноотой хамт эцсийн оноо 7-7 болсон. Олон Улсын дүрмийн дагуу энэ торгуулийн 1 оноо хэрвээ оноог тэнцүүлж сүүлийн оноо болсон тохиолдолд барилдааны ялагчийг тодорхойлж болох тул Узбекийн тал ялах болсон. Манай дасгалжуулагчид үүний эсрэг эсэргүүцэн давж заалдаж зөөлөн тоглоом шидсэн. Дээр нь дэвжээн дээр цамнан гарч ирж маргалдан шүүгчид саад болсон тул сануулах шар хуудас авсан. Энэ сануулга нь бүр дарин дээр давс гэгчээр Узбекийн талд ялалтыг бататгаж өгсөн. Яагаад гэхээр оноо тэнцсэн тохиолдолд сүүлчийн онооноос илүү шүүгчийн сануулга тэмцээний ялагчийн шийддэг болохоор сүүлд сануулга авсан манай тал эсрэг талдаа ялалтыг нь бүр бататгаад өгсөн. Үүний дараа манай 2 дасгалжуулагч тайчих үзүүлбэр үзүүлж эхэлсэн. Тэмцээний шүүгч тэсэлгүй улаан хуудас үзүүлэн тэмцээнээс бараг хассан. Эцэст нь манай дасгалжуулагчдын үйлдэлд дүргүйцэн бүр бататгаад манай торгуулийн эсрэг давж заалдсныг үгүйсгэсэн торгуулийн шүүлт зөв хэмээн нэмж 1 оноог Узбект өгөн 7-8 харьцаагаар манайх бүрэн ялагдсан. Манай бөх үндсэндээ 3 байдлаар ялагдлаа. 1-рт торгуулж сүүлийн оноо алдан ялагдаа. 2-рт дасгалжуулагчид нь сануулах шар хуудас хамгийн сүүлд авж ялагдлаа. 3-рт манай давж заалдсаныг хүчингүй болгож 1 оноо эсрэг талд нь өгч ялагдлаа. Хараад байхад манайхны хэн нь болсон процесыг бүрэн ойлгоогүй юм шиг. Хэрэв манай дасгалжуулагч нар дүрмээ мэддэг хэрнээ алдаагаа хүлээж авахгүй эсэргүүцэн дэмжээн дээр ингэж тайчсан бол үнэндээ дэлхий даяархи шившэг гэхээс өөр юу гэх вэ.
Энэ бүгдээс харагдсан зүйлүүд гэвэл юуны түрүүн манай тамирчидад сэтгэлзүйн ямар ч бэлтгэл алга. Нэг бол хэт сэтгэл хөдлөн буруу үйлдэл хийх, нэг бол хэт сэтгэлээр унан сааталд орох байдал олон ажиглагдлаа. Тэмцээний эцсийн мөч хүртэл тэмцэх сэтгэл санааны зориг тэвчээр, анхааралтай тайван байдал үнэхээр дутуу байна. Япон гэх мэт орны тамрчдыг харахад сэтгэлзүйн бэлтгэл нь үнэхээр өндөр мэт санагдсан. Дээр нь манай дасгалжуулагч нар болон холбогдох хүмүүс тухайн спортынхоо сүүлийн үеийн дүрэм журмыг сайн мэддэггүй юм шиг байдлууд ажиглагдаж байна. Мөн манай хэвлэл мэдээллийнхэн луйвардлаа гэж хов жив шиг баримтгүй мэдээлэл цацахаасаа өмнө мэргэжилийн хүмүүс шиг сайн судалж яагаад ийм шийд гарах болов гэдгийг ул суурьтай сайн судалж мэдээлэхгүй юм.
Манай спортынхонд тэр тусмаа чөлөөт бөхийнхөнд судалгаа, тактик гэж зүйл үнэхээр алга юм шиг. Түрүүчийн өдөр бас О.Үйтүмэн оноогоор ялж яваад тэмцээн дуусахад хэдхэн секунд дутуу байхад ямар хэрэггүй үйлдэл хийн Болгарын бөхөд цэвэр даруулсан. Өнөө үед олимпын спортод гэдэг зөвхөн булчин шөрмөсөөр амжилт гаргана гэвэл хол явахгүй болжээ. Тактик битгий хэл Риогийн Олимпид амжилтаараа 2-т орж буй Их Британи гэхэд маш нягт судалгаа шинжилгээ, нарийн төлөвлөгөө тооцооны дагуу шинжлэх ухаанч арга байдлаар олимпийн тамирчдаа бэлдсэн тул энэ жил маш амжилттай оролцлоо гэж бичигдэж байна. Тэгэхээр спорт гэдэг зарим орнуудын хувьд булчин шөрмөс, оюун ухаан, технологи хосолсон дараагийн үе шатанд гарчихаад байна. Одоо ер нь ихэнхи улсууд мэргэжлийн спортын сэтгэлзүйч нартай Олимпид оролцож байгаа байх. Ядахдаа манай улс шинжлэх ухаанчаа байг гэхэд спортын сэтгэлзүйчтэй дараагийн Олимпид оролцохгүй бол хол явахгүй ээ. Манайхан аливаа юманд түрүүлж бусдаас алдаа эрэхээсээ өмнө өөрсдөө юун дээр алдав гэдгээ ер эрэгцүүлэхгүй юм.