Риогийн олимпийн сүүлчийн өдөр чөлөөт бөхийн 65, 97 кг-д медалийн эзэд тодорлоо. 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглов. Манай бөх эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчёны Азийн наадмаас алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай оноолт таарч, 3:0-ээр буулган авлаа. Удаах даваанд БНХАУ-ын Ерланбик Катайг ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар шигшээ наймд 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын Сослан Рамоновтой оноолт таарав. Дэлхийд данстай хоёр хүчтэний барилдаан ширүүн өрнөж, Сослан 6:0-ээр манай бөхийг ялсан юм. Улмаар хагас шигшээд Сослан Узбекистаны бөхийг ялж, финалд шалгарлаа. Ийнхүү манай бөх дагах тойрогт барилдах эрхтэй болсон юм. Мандахнаран гавьяат дагах тойрогт Канадын Хайслан Гарсиятай хүч үзэж, 3:0-ээр ялсан юм. Манай бөх хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдаж, 7:6-гаар буулган авсан ч зугтсан хэмээн үзэж, барилдааны цаг дууссаны дараа ялалтыг эсрэг талд өгсөн юм. Ийнхүү ээлжит булхайтай шүүлтийн золиос боллоо.