Риогийн олимпийн сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд өнөөдөр болж буй. Хүрлийн төлөө хашир туршлагатай Испани, сүүлийн хэдэн жил бүрэлдэхүүн нь эрс сайжирсан Австралийн шигшээ баг тунаж үлдсэн.
36 настай ахмад төвийн тоглогч По Газолоор удирдуулсан Испанийн шигшээ баг гуравдугаар үе дуусахад гурван оноогоор илүүрхэж байв. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе дөнгөж эхлэнгүүт Серхио Родригес холын зайн шидэлтээ оновчтой болгож, баг нь зургаан онооны давамгай болсон. Үүнээс хойш хоёр багийнхан эн тэнцүү өрсөлдөж эхэллээ. Үндсэн цаг дуусахаас 28 секунд дутуу байхад Газоль дээр Аарон Бэйнес алдаа гаргав. Хашир туршлагатай Газоль торгуулийн хоёр шидэлтээ алдалгүй гүйцэтгэж, багтаа нэг онооны тэргүүлэл авчирсан. Гэхдээ "ногоон тивийнхэн" тоглолт дуусаагүй гэдгийг харуулж, Бэйнес өмнөх алдаагаа залруулан хоёр оноо авлаа. Энэ үед цаг дуусахад 9 секунд дутуу байв. Родригесийн довтолгоонд шүүгч эсрэг багийн Патти Миллсийг алдаа гаргасан гэж шүглээ үлээв. Цагтаа NBA-д ч зүтгэж явсан Родригес шийдвэрлэх үед багаа аварч, торгуулийн хоёр оноогоо халаасалснаар баг нь 89:88-аар тэргүүлж эхэлсэн.
Үлдсэн таван секундэд Австралийн шигшээ баг довтлох байсан ч бөмбөгөө шидэж амжсангүй. Ийнхүү Испанийн эрэгтэй шигшээ баг олимпоос дөрөв дэх медалиа хүртлээ. Тэд 1984 онд Лос Анжелесийн олимпоос мөнгөн медаль хүртсэн бол сүүлийн хоёр олимпод дээрх амжилтаа давтсан. Харин энэ удаа хүрэл медалийн эзэн боллоо.
Харин Австралийн шигшээ баг олимпоос анх удаа медаль хүртэх гэж зүтгэсэн ч амжсангүй.
Энэ тоглолтод Испаниас По Газоль 31 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол эсрэг багаас Патти Миллс 30 оноо аваад ч багаа хожилд хүргэж чадаагүй юм.