Риогийн олимпийн сүүлчийн өдөр чөлөөт бөхийн 65, 97 кг-д медалийн эзэд тодрох учиртай. 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглож байна. Манай бөх эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчёны Азийн наадмаас алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай оноолт таарч, 3:0-ээр буулган авлаа. Удаах даваанд БНХАУ-ын Ерланбик Катайг ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар шигшээ наймд 2014 оны дэлхийн аварга ОХУ-ын Сослан Рамоновтой оноолт таарав. Дэлхийд данстай хоёр хүчтэний барилдаан ширүүн өрнөж, Сослан 6:0-ээр манай бөхийг ялсан юм. Улмаар хагас шигшээд Сослан Узбекистаны бөхийг ялж, финалд шалгарлаа. Ийнхүү манай бөх дагах тойрогт барилдахаар боллоо.