Этиопийн усанд сэлэгч Робел Хабте гэх залуу Риогийн олимпийн бас нэг чимэг болсон. Тэрбээр уралдаанд онцгойрч, улсаа мандуулаагүй, харин гүзээтэй усанд сэлэгч маань өөрийнхөө уралдсан төрөлд 59 тамирчнаас хамгийн сүүлийн байрт орсноор од болсон юм. Тэгвэл олимпийн дараа их спортоо орхихоо зарласан этиоп эр эргэж ирэхээр болжээ. Гэхдээ өөрөө уралдах бус үзэгчдийн хайрласан "Робел халим" хочоороо сан байгуулж, улсынхаа усанд сэлэгчдийг дэмжихээр шийдсэн байна.
Олимпод оролцсоныхоо дараа цахим ертөнцөд түүнийг шоглосон олон арван зураг дэлгэрч, үүнд Робел маш их гомджээ. Тиймээс их спортоо орхиж, энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн аж. Гэхдээ хоёр долоо хоногийн дараа шийдвэрээ өөрчилж, "Робел халим" хэмээх сан байгуулахаар болжээ. Тэрбээр этиоп сэлэгчдэд тусалж, тэднийг Токиогийн олимпод бэлдэхэд анхаарах юм байна.
Сонирхуулахад, түүний эцэг нь улсынхаа усан спортын холбооны ерөнхийлөгч. Ийм эцгийнхээ буянд хүү нь зарим хүний хүсээд ч олдохгүй олимпод оролцож, бүр нээлтийн ажиллагаанд улсынхаа тугчаар сонгогдож, хэрээсээ хэтэрсэн эрх мэдэл түүнийг дэлхий дахины танил болгосон.
Тэгвэл Робел цаашид Этиопийн усан спортын хөгжилд анхаарал тавихаар шийджээ. Африкийн энэ улсад олимпийн зэрэглэлийн усан сан байдаггүй. Тиймээс эхний ээлжинд тамирчдын бэлтгэл хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой гэдгээ тэр сайн ойлгосон байна.
Хабте автомашины осолд орсон тул илүүдэл жинтэй болсон хэмээн ярьж буй. Тэрбээр энэ талаар "Анх усанд сэлэлтээр хичээллэх үед 72 кг жинтэй байсан. Харин одоо тэр үеэсээ 10 кг илүү нэмчихээд байна. Биеийнхээ жинг хэвийн байлгах гэж оролдож байгаа ч нэмэр болохгүй юм. Хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд сэтгэлээр их унасан. Гэхдээ энэ бүгдийг давж гарах хэрэгтэй" хэмээн ярьжээ.