Өмнөговь аймгийн хил, гааль, тагнуулын ажилтнуудад холбогдох авлига, албан тушаалын хэргийг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлэн шалгаж, саяхан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ. Энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагынхан ихэд нууцалж, ам ангайхыг ч хүсэхгүй байгаа юм.
Эх сурвалжаас авсан мэдээллээр, тус аймгийн тагнуул, хил, гаалийн ажилтнууд хамтран хилээр гаргахыг хориглосон бараа болох зэс, гууль, ноолуур, самар зэргийг хилээр давуулжээ. Түүнчлэн хориотой эд зүйлсийг ч хуйвалдан хилээр оруулж байсан бололтой.
Энэ талаар ЭЦГ-ын эх сурвалжаас тодруулахад “Энэ хэрэгт тагнуулын ажилтан холбогдсон учраас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.