Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын ажилтнуудыг хуурамч баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг хууль бусаар завшсан гэсэн үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэгт холбогдож буй хүмүүсийн нэг л гэхэд дор хаяж 30 гаруй сая төгрөг завшсан талаар цагдаагийн ажилтнууд тогтоогоод байгаа аж. Цагдаагийн байгууллагаас есөн дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын удирдлагыг шалгаж байгаа бол саяхнаас Төв, Дархан-Уул аймгийнхныг шалгаж эхэлсэн байна. Тэд мөн л багагүй хэмжээний мөнгө төгрөг завшсан нь УМБГ-ын ажилтнууд Төв аймагт хийсэн шалгалтаар нотлогдож байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.