Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын гэх тодотголтой, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргийг АТГ-т шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Нэг хэсэг олныг шуугиулсан энэ хэрэг Өршөөлийн хуульд багтан хэрэгсэхгүй болж байгаа талаар дуулдах болов.
Түүний хэрэгт Жорж Чайлмерс гэх гадаадын иргэн холбогдоод байгаа. “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 2006 оны гуравдугаар сарын 9-нд Жорж Чайлмерстай 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан аж. Түүгээр нь Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон ч, өнөөдөр нэг ч орон сууц бариагүй. Хууль хяналтын байгууллагынхан дээрх гэрээг хууль бус гэж үзэж, О.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.
“Харин Жорж Чайлмерст Монголын Төвбанк 20 гаруй сая доллараа залилуулсан” гэж О.Чулуунбат хууль хяналтынханд мэдүүлсэн гэдэг. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэрэгтэй хамтатган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газрынхан Ж.Чайлмерсийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзээд О.Чулуунбатын хэргээс тусгаарлан харьяаллын дагуу УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ. Энэ талаар тус хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Жорж Чайлмерсийг Монголбанкийг залилж 21 сая доллар залилан мэхлэж авсан гэж үзээд АТГ-аас өнгөрсөн долоо хоногт манайд шилжүүлсэн.
Түүнд холбогдох хэрэгтэй бид танилцаж эхэлж байна. Үнэхээр залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна уу, үгүй юү гэдгийг шалгаж байж л мэдээлэл өгөх боломжтой” гэлээ. Жорж Чайлмерст Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр АНУ-ын М&P компанитай аккредитивийн гэрээ байгуулж, нээсэн аж. Тэрбээр “Монголбанкны аккредитивийг дэлхийн зах зээлд үнэд хүргэх үүднээс л М&P компанитай гэрээ байгуулсан. Монголбанк 200 сая доллартай тэнцэх хэмжээний аккредитив гаргасан тохиолдолд хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломжтой байсан. Тус банк энэ аккредитиваа гаргаагүй тул хөрөнгө оруулагч нар үйлдлээ зогсоосон” гэж тайлбарлаж байгаа гэнэ.
Жорж Чайлмерс нь АНУ-ын иргэн бөгөөд манай улсад хөрөнгө оруулагч нэрээр байнга оршин суух эрх яв сан нэгэн юм байна. Түүнийг цагдаагийнхан батлан даалтад байлгаж буй гэнэ. Харин түүний “Стоунлэй интернэшнл” гэх компани нь Малайзын “Лабуан офшор” бүсэд бүртгэлтэй юм байна.