Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн бямба гарагт сүр дуулиантай гэгч нь нээлээ. Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан хорвоод хосгүй зүйл барьж, түүхэн бүтээн байгуулалт хийчихсэн юм шиг, өнөөх метрогоо ашиглалтад оруулчихсан мэт л хөл хөөрцөг болов. Товчхондоо, нээлтийн ёслол нь нүхэн гарцаасаа ч сүртэй байлаа. Үнэн хэрэгтээ хэдэн давхар барилга ч бус, нэг айлын амины орон сууц барихтай адилтгаж болохуйц нүхэн гарц л ашиглалтад оруулснаас бус, дуулиан болох хэмжээний ажил тэд хийгээгүй юм. Тодруулбал, нүхэн гарцын урт нь 169 метр. Өндөр нь 5.8, өргөн нь 10.2 метр. Энэ хэмжээгээр төсөөлбөл нэг давхар амины орон сууц барих хэмжээний л ажил гэхэд болно. Бас нээлтийн ёслол хүртэл хийхээр хэмжээний том бүтээн байгуулалт ч биш.
Сүүлийн найман жил гаруй хугацаанд хотод засаглахдаа олигтой зүйл хийгээгүй МАН-ын дарга нарын хувьд ганц нүхэн гарц нь барих том ажилд тооцогдож магадгүй л юм. Харин нийслэлийн иргэдийн хувьд тийм биш. Нөгөөтээгүүр, уг гарцыг барьж дуусгах гэж нэг жил, ярьж эхэлснийг нь нэмж тооцвол гурван жил зарцуулсныг санах хэрэгтэй. Тодруулбал, “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах” гэсэн нүсэр зорилгын дор дөрвөн байршилд нүхэн гарц барих тухай бараг гурван жилийн өмнөөс ярьж эхэлсэн билээ. Тэдгээрээс Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг дуншиж дуншиж, 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн нь ийнхүү арайхийн дуусав. Гэтэл дарга нар хэний ч хийгээгүй зүйлийг бүтээчихсэн мэт л авирлаж, орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа хийж байна.
“Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний төсөл”, “Гарцыг барьснаар нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төмөр замын хаалттай гарам дээрх осол буурах боломжтой. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувь болгож сайжруулна”, “Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэж, Таван шар орчмын авто замын түгжрэл 10.5 хувиар буурна” гэх мэтийн пиар нь хэрээс хэтэрлээ. Бас үлдсэн гурван гарцыг “нүд ирмэх”-ийн зуурт л бариад, Улаанбаатарын түгжрэлийг бууруулчихна гэхэд нь итгэл үл төрнө. Сонгуулиар иргэдийн саналыг авахын тулд ингэж худал амлаж, олон нийтийг хуурмааргүй байна, эрх баригчид аа.