Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед нийслэлд хамгийн эрэлттэй болдог унаа бол такси. Гэвч манай хотын таксины үйлчилгээ хувийн машинтай иргэд, хэн дуртай хүний хийдэг ажил болсон нь харамсалтай. Таксинд суухаар гар өргөхөд хэн нэгэн “Хаашаа явах вэ” гэж асуудаг нь Улаанбаатарт уламжлал болох шахаад байна. Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчдэд зорчигчийн очих газар төдийлөн чухал бус, харин өөрийнх нь явах зүгт нийцсэн байх нь л хамаатайг эндээс харж болно. Тэдний хувьд зорчигчдын аюулгүй байдал, тав тух бүр ч хамаагүй. Хэдэн жилийн өмнө л угаасан байх гэмээр халтар суудлын бүрээс, тамхины нэвширсэн үнэр нь хамар сэтлэх шахна. Бас тэд түгжрэлээс “бултаж”, замаа товчилно гээд хаашаа ч хамаагүй давхичихдаг. Замын хөдөлгөөний дүрмийн тухай ярих нь бүр илүүц биз. Хурд хэмжигч камер хаана байдаг, тэдгээрийн аль нь ажилладаггүйг андахгүй мэднэ. Уг нь зорчигч туулсан километрээрээ тооцож төлбөрөө өгдөг ч гуйж суусан мэт загнуулж, жолооч нарын хэлсэн замаар явах нь түгээмэл. Зарим тохиолдолд жолооч зорчигчоос илүү мөнгө авахын тулд албаар тойрч явах нь ч бий. Үйлчилгээ үзүүлж байж чанга гэгч нь утсаар ярьж, тамхи баагиулах нь энүүхэнд. Түүнчлэн үйлчилгээний хөлс гэж амандаа орсон тоогоо хэлнэ. Автобусны буудлыг хаагаад ар, араасаа дугаарлаад зогсчихдог нь нийтлэг дүр зураг болсон. Улмаар автобус зогсоолдоо бус, замын голд зорчигчдоо буулгаж, тэр хэрээр түгжрэлд “хувь нэмэр” оруулна. Хувийн таксигаар үйлчлүүлж үзсэн хэн бүхэн энэ зовлонг андахгүй биз. Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчид гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гаргах нь нэмэгдсэнийг албаныхан онцолсон. Халамцуу, согтуу байгаагаар нь далимдуулан үйлчлүүлэгчээ дээрэлхэж, дээрэмдэж, хүчиндэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Тухайлбал, Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар нь тодорхойгүй, “Toy¬ota рrius” загварын автомашинд суусан 14 настай охин таксины жолоочид хүчиндүүлсэн хэрэг өнгөрсөн онд гарсан. Бас Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охин өглөө хичээлдээ явахдаа таксинд суусныг албаныхан мэдээлж байв.
ХЭЗЭЭ ЦЭГЦЛЭХ ВЭ
Хүссэн болгон нь машин авч унаад таксины үйлчилгээ эрхэлдэг, хөдөөнөөс хотод орж ирсэн хүн ч зам мэдэхгүй атлаа уг ажлыг хийдэг жишиг манайд хэдийн тогтоод буй. Иймд хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчдийг цэгцлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах цаг хэдийн болсныг албаныхан байнга ярьдаг ч хийж хэрэгжүүлсэн зүйл алга. Тухайлбал, төрөөс таксины үйлчилгээг цэгцлэхийн тулд тусгай зөвшөөрөлтэй болгох тухай энэ оны эхнээс ярих болсон. Ингэхдээ таксины үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлж, зөвшөөрөл авна гэж байв. Хэрэв зөвшөөрөлгүйгээр таксины үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг тав, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг өнгөрсөн нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуульд оруулчихсан. Тухайн үед уг хуулийн зохицуулалтууд иргэдийг ихэд бухимдуулсан тул нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь нийслэлд гарсан. Үүний 2116 нь таксины жолоочтой холбоотой хэрэг байв. Тиймээс энэ нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Зөрчлийн, Авто тээврийн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 15-наас таксины үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ. Хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, үйлчилгээ үзүүлэх
зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагынхан таксины үйлчилгээ эрхэлнэ. Аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүй хүмүүс таксины үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал шаардлагатай зохицуулалтыг хийнэ” хэмээн тайлбар өгч байв. Үүнээс гадна таксины зогсоолыг “халж” иргэдэд такси барих цэг гаргаж өгөхөөр болсон юм. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхэд ердөө нэг сар үлдээд байна. Гэтэл үүнийг хэрхэн хэрэгжүүлж, бэлтгэл ажлаа яаж хангах зэрэг нь өдий хүртэл тодорхойгүй. Холбогдох албаныхнаас нь тодруулахад тоймтой хариу өгөхгүй, бие бие рүүгээ түлхэх аж. Нэгэнт хуульд өөрчлөлт оруулчихсан учраас хэрэгжүүлэх ёстой. Тиймээс хэрхэн хэрэгжүүлэхийг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Одоогоор энэ талаар ярьж эхлээгүй байна. Ирэх сарын 15-наас өмнө бид албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт 80 гаруй мянган иргэн таксигаар үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Тэдний 90 гаруй хувь нь хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчидтэй таардаг гэнэ. Жолооч нар “Ажлаа тарчхаад гэртээ харихдаа зам дагуу тааралдсан ганц, хоёр хүнийг аваад явдаг. Ажлынхаа хажуугаар бензиний мөнгөө залгуулах гэсэн бидний хувьд тийм ч их орлого олдоггүй. Нэг километрт 2000 төгрөгөөр явдаг. Олсон мөнгөөрөө бензин аваад л таардаг” гэсэн юм. Өөр нэгэн жолооч “Би Таван шараас Тахилт чиглэлд иргэдэд таксигаар үйлчилдэг. Ингэж ажиллаад хоёр жил гаруй болж байна. Таван шараас Тахилт хүртэл нэг хүнээс 3000 төгрөг авдаг. Нэг удаа явахдаа таван хүн суулгадаг юм. Харин Тахилтаас бараг л хүнгүй буцдаг. Сүүлийн үед авто замын засварын ажилтай холбоотойгоор түгжрэл эрс нэмэгдсэн. Тиймээс үүнийг дагаад бидний эргэлтийн хугацаа уртсаж, тэр хэрээр орлого ч багаслаа. Ер нь өглөө 07.00-09.00 цагт хүмүүс олноор үйлчлүүлдэг. Орой 19.00 цагаас хойш нэмэгддэг. Ирж, очих болон түгжрэлээ тооцвол өдөрт ихдээ 10 удаа эргэдэг гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор 150 мянга орчим төгрөг олно. Гэхдээ энэ нь цэвэр ашиг биш. Үүнээс бензин хийх хэрэгтэй. Бас таксины үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн ихэнх нь ямар нэгэн зээлтэй. Бид арай гэж л зээлээ төлдөг. Гэтэл одоо 3-10 сая төгрөгөөр зөвшөөрөл авахаар боллоо. Уг зохицуулалтыг ирэх сараас мөрдөж эхэлбэл төлбөрийн чадамжгүй олон хүн гэр бүлээрээ хохирно. Үүнээс гадна бүх таксийг ийм зохицуулалтаар журамлахдаа таних тэмдэгтэй болгох ёстой шүү дээ. Гэтэл үүнд дахиад л их хэмжээний хөрөнгө мөнгө шаардана. Нийслэлд үйлчилгээнд явуулж байгаа бүх таксины өнгийг адилхан болгоно гэдэг нь алтан загасны үлгэртэй л адил шүү дээ. Ийм боломжгүй” гэв.
“ТАКСИНЫ КОМПАНИУДЫГ Ч ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ”
Манайд таксины албан ёсны үйлчилгээ үзүүлэх эрхтэй “UB cab”, “Abba” гэх мэт цөөн хэдхэн аж ахуйн нэгж бий. Энэ салбартаа монопол гэж болохуйц, 40 гаруй мянган жолоочийг нэгтгэсэн “UB cab” компанийн хувьд анх хэрэглэгчдээ татах үүднээс хамгийн хямд үнийг санал болгож байв. Харин өдгөө 200 мянга гаруй хэрэглэгчтэй болсон эл компанийнхан үйлчилгээний хөлсөө хэд хэдэн удаа нэмээд амжжээ. Нэгэн иргэн цахим хуудсандаа “Урт цагаанаас Сансарын тойрог ороход 15 240 төгрөг төлсөн. Би үйлчилгээ авсан учраас төлбөрөө төлнө. Гэхдээ ийм хүн чанаргүй бизнесийг дахин дэмжихгүй. Яагаад ийм төлбөр гарсныг асуухад жолооч зорчих хугацааны төлбөр 60 төгрөг байсан нь нэмэгдээд 120 боллоо гэсэн. Түгжирч цаг их зарцуулж байгааг ийм маягаар зальжин ашигладаг. Эл компанийнхан бизнесээ дэмжүүлэхийн тулд хувийн таксийг цэгцлэх шийдвэр гаргуулсан. Мөн такси үйлчилгээний үнийг дураараа тогтоож байна. “UB cab” хувь хүмүүстэй гэрээ байгуулж, орлогын хувь тооцож авдаг газар. Үйл ажиллагааны зардал харьцангуй бага атлаа иргэдээс хэт өндөр төлбөр авч, хохироож байна. Тиймээс таксины компанийг ч цэгцлэх, хяналтыг сайжруулах хэрэгтэй ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дээрх байгууллагатай холбоотой иргэдийн энэ мэт гомдол барагдахгүй. Сүүлийн нэг жилд гэхэд иргэд олноор үйлчлүүлдэг оргил ачааллын үед такси дуудвал хөлс нь 3000 төгрөгөөр нэмэгдэхээр шийдвэрлэсэн юм. Оргил ачааллын үеэс бусад үед дуудлагын хөлс 1500 төгрөг. Мөн хүлээлгийн төлбөр ч нэмж авдаг болсон. Эхний таван минут үнэгүй бөгөөд үүнээс цааш минут тутамд 200 төгрөг төлөх шаардлагатай. Жолооч нар нь ч үүнийг нь андахгүй. Очих ёстой газраа ирээгүй атлаа ирсэн гээд хүлээлгийн тохиргоон дээрээ тавьчихдаг. Ирэх болоогүй хэрнээ ирсэн гээд хүлээлгийн төлбөр авдаг тохиолдол ч цөөнгүй байдаг тухай иргэд хэлж байгаа юм. Энэ мэтээр таксины үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийнхэнтэй холбоотой гомдол тасардаггүй учраас тэдэнд ч бас хяналт, хариуцлага хэрэгтэй байна.
У.Цэцэгсүрэн