Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газрынхан малын сэг зэмийг устгахад 5.5 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийсэн.
НҮБ-аас төсөл хэрэгжүүлэхээр болж, дээрх мөнгийг гарган малын сэг зэмийг устгах гэсээр байтал Улаанбаатарт үхсэн малын мах орж ирсэн гэх нь дуулдав. Энэ яриа бодитой эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Ганхуягаас тодруулахад, -Манайх махны чанарт хяналт тавин ажиллаж байгаа. Энэ дагуу Нисэх, Яармаг, Баянзүрх, 22-ын товчоо зэрэг авто тээврийн хянан шалгах цэгт шалгалт хийлээ. Орон нутгаас оруулж байгаа махны гарал үүслийн бичгийг ч шалгаж байна.
Өнгөрсөн сард л гэхэд Төв аймгийн ойролцоо сумаас зуданд үхсэн 70 гаруй ямааны мах хотод оруулж ирснийг үйлдэл дээр нь илрүүллээ. Одоогийн байдлаар 10 гаруй тонн мах хурааж аваад байна. Дээрх мах нь нянгийн бохирдолтой байсан. Лабораторийн шинжилгээгээр зуданд үхсэн малын мах гэдэг нь батлагдсан учир устгалд орууллаа гэв.