Монголын оюутны спортын VI наадмын хөгжөөн дэмжигч (чирлидинг) бүжгийн спортын төрлийн тэмцээнд 10 их, дээд сургуулийн баг өрсөлдөж, шилдгээ тодруулсан юм. МУИС-ийн багш, аэробик, чирлидингийн олон улсын шүүгч Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Ануударь ахлагчтай “NUM falcons cheerleading” багийнхан медалийн салхи хагалж, 67.4 оноогоор тэргүүн байр эзэллээ. Тэдэнтэй ана мана өрсөлдсөн МУБИС-ийнхан (66.8 оноо) мөнгө, АШУҮИС-ийнхан (63.3) хүрэл медаль хүртэв. Түрүүлсэн багийнхан Тайландын Бангкок хотод энэ сарын 6-8-нд болсон Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчинтай өрсөлдөж, 18-аас дээш насныхны ангилалд аваргаар шалгарч байсан билээ. Оюутны их наадмыг тэргүүлсэн баг, тамирчин БНСУ-ын Тэгү хотод болох “Оюутан сурагч” олон улсын наадамд эх орноо төлөөлж өрсөлдөх юм.