Хятадын хиймэл оюун ухаант чатбот “DeepSeek”-ийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын технологийн “толгой” компаниудын нэг “Aлибаба”-гийн хөгжүүлсэн “Qwen2.5” хиймэл оюун ухаант (AI) загвар нь “DeepSeek”-ээс давсан үзүүлэлттэй гэж өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
Саяхан танилцуулсан “DeepSeek V3” нь бүтсэн зардал, үзүүлэлтээрээ дотоодын гэлтгүй дэлхийн том өрсөлдөгч компаниудыг “сандаргаад” байсан юм. Үүний хариуд “Алибаба” хиймэл оюун ухааны технологио эрчимтэй сайжруулж, тиктокийг эзэмшдэг “ByteDance” зэрэг өрсөлдөгч AI-ийн системээ “DeepSeek”-ийн стандартад нийцүүлэн шинэчилж байна. “Qwen2.5-Max” хэмээх уг чатботыг “Mixture-of-Experts” (MoE) машин сургалтын алгоритмд тулгуурлан хөгжүүлжээ. Энэхүү чатбот нь оюуны чадавхын хувьд сайжирсан бөгөөд ашиглахад бэлэн гэдгийг хөгжүүлэгчид онцолж. Хятадын технологийн томоохон компаниуд болох “Baidu” болон “Tencent” нар ч мөн адил арга хэмжээ авч эхэлсэн аж.
“Алибаба”-гийн хөгжүүлэлтийн хэлтсийнхний албан ёсны мэдэгдэлд “Qwen 2.5-Max” загвар нь бусад AI чатботтой харьцуулахад хариу өгөх гүйцэтгэл, нарийвчлал, тооцоолол сайтай. Мөн бичвэрт дүн шинжилгээ, орчуулга хийх, контент бүтээх зэрэг ажлыг илүү сайн гүйцэтгэж байна” гэжээ. Түүнчлэн “Arena-hard”, “Live beach”, “LiveCodeBench” зэрэг сорилын үзүүлэлтээр “DeepSeek V3” чатботоос илүү байсан бол “MMLU-Pro” сорилоор өрсөлдөхүйц түвшинд үнэлэгдсэн байна. “Aлибаба” компани энэхүү чатботоо бусад үйлчилгээндээ нэгтгэхээр төлөвлөж буй. Ингэснээр өгөгдөл боловсруулах ажлыг автоматжуулах, чатботоор дамжуулан үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг, бизнесийн үйл явцыг хялбарчлах аж.
А.Дөлгөөнзул