Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 2019 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ эргэн харах ёстой гэв. ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь хүйтний улиралд хүүхдийн амь, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил байлаа. Гэвч Засгийн газар уг тогтоолоо хүчингүй болгож, хүүхэд нэгдүгээрт зарчмаас ухарсанд ХЭҮК туйлаас харамсаж байна. Ингэснээрээ Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтууд, Үндсэн хууль болон хүний, хүүхдийн эрхийн хууль тогтоомжуудаа зөрчлөө. Өвөл, хавар уралдаан зохион байгуулснаар хүүхэд хичээлээ таслах, чөлөө авах, улмаар сурлагын түвшин буурах, сургуулиас завсардах зэрэг ноцтой үр дагавартай. Бас газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхайтай хүйтний улиралд уралдах явцдаа мориноос унаж бэртэх, гар, хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэлийг дагуулдаг” гэв.
Түүнчлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Т.Ихтамир хүүхэд хамгааллын бодлогоос ухарсан шийдвэрээ эргэн харахыг хүссэн албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг тэрбээр онцоллоо. Нөгөөтээгүүр, эрдэмтэд, ялангуяа монгол наадмын түүхийг дагнан судалсан, ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр өвөл, хавар морь уралдуулах нь монгол өв соёл биш гэдгийг илэрхийллээ. Түүнчлэн тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаан зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчсөн маш бүдүүлэг алдаа. 50-60 км/цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагч тариулчихсан адууг гуравдугаар сарын хүйтэнд насанд хүрээгүй хүүхдээр унуулж, хөлдүү газраар давхиулах нь хэнд ашигтай вэ. 300-400 морь уралдуулахад 3-4 уяач л өөрийн хүүхдээр унуулдаг. Бусад морийг ямар айлын хүүхдүүд унадгийг бид хэнээр ч хэлүүлэлгүй мэднэ” гэсэн юм.
Үүнээс гадна орон нутгийн удирдлагууд өвөл, хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр гаргаж эхлэв. Учир нь Засгийн газраас өвөл, хаврын уралдаан зохион байгуулах, эсэхийг орон нутгийн удирдлага шийднэ хэмээн мэдэгдсэн. Эл шийдвэрийн дагуу Архангай, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Засаг дарга арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх захирамж гаргажээ.
М.Оч