Монголын шатрын холбооноос зохион байгуулсан өсвөр үеийнхний нийслэлийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 82 сургууль, академи, клубийн 6-18 насны 221 эмэгтэй, 616 эрэгтэй нийт 837 тамирчин өрсөлдсөн. Найман насныхны нээлттэй ангилалд хөвгүүдээс М.Үлэмж (“Стейниц”), охидоос Ү.Баянлхам (“Chess mind”) тэргүүлэв. 10 насныхад Д.Төгсбилгүүн (“ABChess”), Ч.Нандинжигүүр (“Стейниц”) нар шилдгээр шалгарлаа. 12 насныхад Ч.Эрдэнэ (“Бэрс гарах хүү”), Н.Энхрийхэн (“Их мастер”) манлайлжээ. 14 насныхад Т.Идэржавхлан (“Их заргач”), Б.Буянхишиг (Стейниц) нар тэргүүн байр эзэллээ. Түүнчлэн 16 насныхад Н.Содбилэгт (“Хан-Алтай”), Э.Эмүжин (“Стейниц”), 18 насныхад Б.Алдар (“Босоо ноён”), Э.Хүслэн (“Хан-Алтай”) нар нийслэлийн аваргаар тодров. Багийн дүнгээр “Стейниц” Монголын шатрын академийнхан түрүүлж, “ChesStation”-ын тоглогчид удаалан, “Хан-Алтай”-гийнхан III байрт шалгарчээ. Дээрх тэмцээний сүүлийн есөн өрөгт 9-10 насныхнаас “ABChess” шатрын академийн тамирчин Д.Төгсбилгүүн нэг ч хожигдолгүй тэргүүлсэн нь онцлох амжилт байв. Нийслэлийн АШТ-ий ангилал тус бүрийн эхний 27 байрт шалгарсан өсвөр үеийн шилдэг шатарчид УАШТ-ий шигшээ тоглолтод оролцох эрхтэй болсон юм.