NBA-ийн солилцоо, наймааны цонх хоёрдугаар сарын 6-нд хаагдана. Энэ өдрөөс хойш лигийн багууд наймаа хийх боломжгүй юм. Плей-офф улам ойртож буй учраас аваргын төлөө өрсөлдөхийг хүссэн зарим баг хүчээ зузаалахыг хичээх нь гарцаагүй. Тэд хоёрдугаар сарын 6-наас өмнө солилцоо хийх ёстой. Тэгвэл лигийн багууд ямар наймаа хийх боломжтой вэ.
“Финикс”-т зориулсан шок эмчилгээ
Плей-оффт сайн амжилт үзүүлэхийг хүсэж л байгаа бол ихээхэн өөрчлөлт хийх ёстой багуудын тэргүүн эгнээнд “Финикс” бичигдэх нь гарцаагүй. Тус баг сүүлийн жилүүдэд од тоглогчдыг цуглуулж, орчин цагийн ээлжит “их гурвал”-ыг бүрдүүлээд буй. Гэвч багийн эзэн М.Ишбигийн амбицтай наймаанууд үр дүнгээ өгөөгүй л байна. Тийм ч учраас лигийн нэгэн багийн менежер баг худалдаж авснаасаа хойших хагас жилд солилцоо хийхгүй байх дүрэм гаргаж, түүнийг “Ишбигийн дүрэм” гэж нэрлэхийг санал болгосон тухай хошин яриа тарж байлаа.
Тус баг “их гурвал”-тай болсон ч аваргын төлөө өрсөлдөгчид тооцогдохгүй байгаа юм. Тэд энэ улирлын эхний 10 тоглолтын наймд нь хожсон. Гэвч өдгөө хожил, хожигдлын харьцаа нь тэнцүү болжээ. Багийн тоглолт тогтворгүй төдийгүй зогсонги байдалд орсон нь илт байна. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалж их гурвалын нэг болох хамгаалагч Б.Бийлийг сэлгээнээс тоглуулж эхлэв. Ингэх ч шалтгаан бий. Түүний статистик үзүүлэлт гурав дахь улиралдаа дараалан буурч, баг дотроо нэмэх-хасах үзүүлэлтээр хамгийн сүүлд орж байна. Үүн дээр нь өндөр үнэтэй гэрээ, солилцоог цуцлах эрхийг нь нэмэх хэрэгтэй.
“Финикс” солилцоо хийх зорилгоор драфтын эрхээ нэмсэн. Тэд эдгээр эрх болон зарим тоглогчоо ашиглаж, “Майами”-гаас Ж.Батлерыг авах магадлалтай юм. Жимми ч өөрөө уг солилцоонд таатай хандана гэдгээ саяхан өмссөн пүүзний өнгөөрөө илэрхийлээд амжсан.
“Лейкерс”-ийн ужиг асуудал
Тус баг холбогч Д.Расселийг явуулснаас хойш төвийн тоглогчийн эрэлд гарсан. Сэлгээгээ сайжруулах зорилгоор тэд Д.Финни-Смит, Ш.Милтоныг авсан билээ. Харин төвийн байрлалын асуудлаа шийдэж чадаагүй л байна. Энэ талаар багийн лидер Э.Дэвис “Багт маань ахиад нэг өндөр тоглогч хэрэгтэй. Би дөрвөн номерын байрлалд л сайн тоглодог. Аварга болохдоо бид үүнийг сайн харсан шүү дээ” гэж ярьжээ. Үнэхээр ч 2020 онд аваргалахад тус багт Ж.Макги, Д.Ховард нар төвийн тоглогчийн байрлалд тоглож байлаа. Харин одоогийн шидэгчидтэй, Лебронтой, хамгаалалтын мангас Э.Дэвистэй тус багт төвийн тоглогч л хэрэгтэй.
Сэтгүүлч Ш.Чараниягийн мэдээллээс үзвэл “Лейкерс” төвийн тоглогч У.Кесслерийг (Юта) сонирхож байгаа бололтой. Түүнчлэн Й.Валанчюнас (Вашингтон), Н.Вучевич (Чикаго) нарыг овоо хараандаа оруулсан гэх мэдээлэл ч гарсан. Нэгэнт сул талаа олсон тэд уг асуудлын шийдлийг хэнээр нөхөхийг харах л үлдлээ.
“Милуоки”-д мэргэн буудагч хэрэгтэй
Я.Антетокумпо дахин “Үнэ цэнтэй тоглогч”-ийн түвшинд тоглож, оноо авалтаар лигийн дэд байрт бичигдэж байна. Үүнийх нь үр дүнд “Бакс” NBA цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Улирлыг асар муу эхлүүлсэн тэд алдаагаа бага багаар засаж буйн илрэл нь энэхүү ялалт юм. “Бакс” өдгөө бүсдээ эхний дөрөвт бичигдэж байгаа. Гэвч бүсийнхээ топ багуудтай өрсөлдөхөд хүч дутуу хэвээр байна. Жишээлбэл, тэд “Кавальерс”, “Селтикс”, “Никс”-тэй найман удаа тоглохдоо нэг ч ялаагүй.
Өнгөрсөн жил Д.Лиллардыг авахын тулд бүхнээ зориулсан ч төрөл бүрийн шалтгааны улмаас тэд плей-оффын эхний шатнаас хасагдсан. Харин энэ алдаагаа давтахгүйн тулд хоёр лидертээ хань болох оноо түүгчийн эрэлд “Бакс” гарсан бололтой. Яннис, Дэйм энэ улиралд дунджаар тус бүр 31.4 болон 25.2 оноо дунджилж байгаа. Тэгвэл Б.Портис 13.4 оноо авч багтаа гуравдугаарт бичигдэж буй. Б.Лопес, К.Миддлтон урьдынх шигээ тоглохгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Энэ нь ч тэдэнд нэрмээс болж байна. Эдгээрээс үүдэж тэд довтолгоонд идэвхтэй, оноо авч чаддаг гурав дахь сонголтоор Б.Бийлийг авч магадгүй. Хэрэв Ж.Батлер “Санс”-т ирвэл Б.Бийл солигдох нь гарцаагүй билээ. Гэхдээ тэрбээр 2023 онд “Милуоки”-д очихоос татгалзаж, “Финикс”-ийг сонгож байсныг мартаж болохгүй. Ямартай ч тэдэнд гурав дахь мэргэн бууч хэрэгтэй байна.
С.Көррид хэн туслах бол
“Стефен Көрри бол сайн туслахгүй лигийн цорын ганц супер од” гэж телевизийн аналист К.Перкинс хэлсэн нь үнэний ортой юм. “Уорриорз” өнөөг хүртэл түүнд сайн туслагч, багийн хоёр дахь лидерийг олж өгч чадаагүй л байна. Тийм учраас тэд өнгөрсөн улиралд плей-инээс хасагдаж, энэ улиралд тун тааруу тоглох боллоо.
Тэдний нөхцөл байдал “Финикс”-тэй тун төстэй. Ялдаг, плей-оффт хүчтэй өрсөлддөг баг болохын тулд тэд цус сэлбэхээс өөр арга байхгүй. Асар их итгэл найдвар тавьж байсан Ж.Куминга эргэлзээ төрүүлж эхэлсэн. Түүнээс гадна тэрбээр саяхан гэмтсэн юм. Энэ өвлийн цор ганц солилцоо болох Д.Шредер багт эерэг нөлөө төдий л үзүүлж чадсангүй.
“Уорриорз”-ын хувьд салаа замын өмнө ирээд байгаа гэж болно. Нэгдүгээрт, С.Көррид хань болох супер одыг ямар ч үнээр хамаагүй авчрах. Эсвэл, нөхцөл байдалтайгаа эвлэрээд С.Көрриг зодог тайлах хүртэл нь энэ маягаар тоглох. Хэрэв тэд домогт тоглогчтойгоо хамт сүүлчийн бүжиг хийхийг хүсэж байгаа л бол гар хумхин суух ёсгүй билээ.
Э.Манлайбаатар