“Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр өрнүүлж буй цуврал хэлэлцүүлэгийн хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” дэд хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт нийт 225 хүн оролцож, 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс дээрх сэдвээр санал авчээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Монгол Улсад 1990 онд татварын тогтолцоо бүрдүүлснээс хойш багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дөрөв дэх удаа хөндөж буй. 2020 онд уг хуулийг шинэчлэхдээ татварын бааз суурийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) зэрэг олон босго бий болгосон. НӨАТ-ын буцаан олголтын системийг шинэчилснээр иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар бүртгүүлж, буцаан олголт авах зэрэг харьцангуй сайн дэвшилтэт системтэй боллоо. Энэ нь татварын бааз суурийг нэмэгдүүлэх, орлогыг зөв бүртгэж, хянах үйл дэмжсэн хууль болсон юм. Гэвч одоо болтол иргэд, аж ахуйн нэгжээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулахтай холбоотой санал олноор ирдэг” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Манай улсад одоогоор 30 нэр, төрлийн төлбөр, хураамж татварын тогтолцоонд хамаардаг. НӨАТ-ын хувьд олон улсад 1948 оноос хойш энэ бүтцийг хэрэглэж эхэлсэн байдаг. Харин манайд 1998 оноос худалдааны татварыг НӨАТ болгож хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд татварын хувь хэмжээг 15-10 болгож бууруулж. Үүний хүрээнд татварын албанаас олон арга хэмжээ авсны нэг нь 2016 онд нэвтрүүлсэн урамшууллын систем байв. Түүнчлэн дэлхийн 175 орон НӨАТ-ыг нэвтрүүлснээс Монгол хамгийн бага хувь хэмжээтэй есөн улсын нэгт багтдаг. Мөн уг хуулийн хүрээнд сугалаа болон буцаан олгох зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан өгч байна. Улмаар нийт 62 төрлийн бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлж буй. НӨАТ-аас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэйгээс 13-ыг нь өдгөө хүчин төгөлдөр хэрэгжүүлж байгаа” гэв.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монголд татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн их гомдол ирдэг юм. Иймд НӨАТ-ыг шинэчлэх ажлын хүрээнд чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг илүү оновчтой болгох ёстой. Одоогоор манайд нийт 28 төрлийн бараа, 19 үйлчилгээг уг татвараас чөлөөлсөн. Ер нь НӨАТ бол хэрэглээний татвар. Хэн хэрэглэж байгаа нь илүү төлөх зарчимтай шүү дээ. Нөгөөтээгүүр, хүн амын өргөн хэрэглээний мах, гурил, сүү зэрэг бараа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг” гэв.
Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргал “НӨАТ-ын нөлөөллийн талаарх судалгааны үр дүнд харилцагч, бэлтгэн нийлүүлэгч буюу компани болон хувь хүмүүс НӨАТ-ын баримт өгдөггүй. Бас ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөхгүйгээр бараа, үйлчилгээгээ хямд үнээр худалдан борлуулж, өрсөлддөг нь дарамт үүсгэдэг. Бизнес эрхлэгч, удирдлагын түвшний хүмүүс энэ талаар хангалттай мэдлэггүй учраас татварын дарамтад өртөх нь түгээмэл. Ер нь бид татвараас зайлсхийдэг этгээдийг бус, төлдөг иргэдээ л үргэлж шалгадаг учраас үүнтэй холбоотой зөрчил илэрсээр иржээ” гэсэн юм.
У.Цэцэг