Монголын зохиолчдын эвлэлээс энэ оны “Утгын чимэг” уралдааны сүүлийн шатанд өрсөлдүүлэх 10 өгүүллэгийг тодруулснаа зарлав. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулах тус наадамд өрсөлдүүлэх өгүүллэгүүд нь өмнө нь огт хэвлүүлээгүй, цоо шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой юм. Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ” өгүүллэг сүүлийн шатанд өрсөлдөх нь. Мөн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва”, Р.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, Н.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” өгүүллэг шилдэгт багтжээ.
Уг наадмын шилдэг 10-т багтсан өгүүллэгүүдийг мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид тайзнаа “амилуулан” үзэгчдэд хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн наадмыг Л.Түдэв агсны мэндэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон байна.
Ч.Зул