Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (хүний хөхөнцөр вирус)-ний эсрэг дархлаажуулалтад улсын хэмжээнд 11 насны 20 000 гаруй хүүхдийг хамруулжээ. Энэхүү вакциныг өсвөр насны охид, хөвгүүдэд хийлгэснээр зургаан төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой аж. Одоогоор энэ төрлийн дархлаажуулалтад хамруулах 70 000 гаруй хүүхэд байгаа. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас олон нийтэд мэдээлэл хүргэх, уриалах өдөрлөг зохион байгуулав. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төвд ийм арга хэмжээ зохион байгуулсан. Харин өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирусний эсрэг дархлаажуулалтын өдөрлөг боллоо. Ингэхдээ тус төвийн ажилтнууд, тэдний хүүхдүүдийг вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна.
Хүний хөхөнцөр вирусний эсрэг дархлаажуулалтыг өрхийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-д хийж буй юм. Вакцин хийлгэх хүүхдүүдэд аливаа халдварт өвчин бий, эсэхийг эхлээд шинжлэх аж. Тиймээс энэ төрлийн вакцин хийлгэх бол мэргэжлийн эмчид хандаж халдварт өвчинтэй, эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй юм байна.
Уг вирус нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг аж. Хавдрын хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг гэнэ. Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Эл өвчний улмаас хоёр хоног тутамд нэг эмэгтэй нас барж буй.
А.Тэлмэн