УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн байршил, тойргийг шинээр тогтоосон юм. Өмнөх хуулийн дагуу орон нутагт эрүү, иргэний хэргийн шүүхүүд тусдаа ажиллаж байв. Тэгвэл өдгөө Захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 аймаг, нийслэлд ажиллах бол эрүү, иргэний хэргийн шүүхүүдийг нэгтгэн ажиллуулах болсон. Харин Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Өмнөговийн Ханбогд, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Сайхан, Ховдын Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөрт Сум дундын шүүх ажиллаж, ойролцоох сумуудын иргэдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх юм.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд иргэний хэрэг маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэнэ. Эрүүгийн хэргүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хариуцах аж. Эл шүүхүүд өмнө нь байрлаж байсан байрандаа үйл ажиллагаа явуулж буй.
Эдгээрээс гадна нийслэлд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаагаа энэ сарын 2-ноос эхлүүлсэн. Тус шүүхийн үйл ажиллагаагаа өчигдөр албан ёсоор нээсэн бөгөөд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хариуцан, хэрэг хянан шийдвэрлэх юм. Энэ шүүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс доош хэмжээний үнийн дүн бүхий зарим төрлийн хэрэг маргаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагч нарын холбогдсон хэргүүдийг хэлэлцэх юм. Эдгээрээс гадна эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчид авах таслан сэргийлэх арга хэмжээний хурлыг тус шүүх шийднэ. Мөн эрүүгийн шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан зөрчлийн хэргүүдийг ч хэлэлцэн шийдвэрлэхээр хуульд заасан. Энэ шүүхээр шийдвэрлэх хэрэг, маргааныг 45 хоногийн хугацаанд эцэслэхээрээ цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой. Тус шүүх Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, валют арилжааны “Найман шарга” зах, “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэр, “Олонлог экзэ” сургуулийн зүүн талд байрлаж байна.
Түүнчлэн нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ажиллаж, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хариуцан энэ төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх аж. Энэ шүүхийг одоогоор хараахан байгуулаагүй, судалгааны шатанд явна.