Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “20 минутын хот” концепцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн нь саяхан. Тэр үеэр “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэх тухай дурдсан билээ. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2024-2028 онд нийслэлд анх удаа хурдны зам барихаар төлөвлөж буй. Үүний хүрээнд “Туулын хурдны зам” төсөл хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, 32 орчим км-ийн урттай, зургаан эгнээ бүхий Туулын хурдны замыг ирэх 2027 он гэхэд ашиглалтад оруулна. Ингэхдээ Туулын хурдны замын төгсгөл, Туул голын хойд хэсэгт “Нарантуул” худалдааны төвийг шинээр барих сонирхолтой буйгаа дуулгав. Мөн Баянзүрхийн хуучин товчооны хажуугийн гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь.
“Да хүрээ” захыг нүүлгэх газрын болон техникийн нөхцөлүүдийг шийдэж өгнө гэв. Дараа нь “Нарантуул” худалдааны төвийг нүүлгэх аж. Энэ хүсэлтээ эздэд нь илэрхийлсэн бөгөөд зам барих гурван жилийн хугацаанд худалдааны төвүүдийг нүүлгэх хүсэлт тавина. Одоо үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул” худалдааны төвийн газарт орон сууц барих талаар уулзалт, хэлэлцүүлэг хийнэ” хэмээн Х.Нямбаатар ярьсан.
Мөн тэрбээр “Нарантуул” худалдааны төвийнхөн амардаг өдөр буюу мягмар гарагт тус захын ойролцоо авто замын түгжрэл үүсдэггүй. Тиймээс худалдаа эрхлэгчдэд санал тавьж, хурдны замын дагуу төвийг байгуулна. Хурдны замынхаа орц, гарцын хэсэгт томоохон худалдааны төвүүд нь үйл ажиллагаа явуулдаг дэлхийн жишиг бий. Манайх шиг суурьшлын бүсэд зах нь байрладаг улс бараг үгүй. “Нарантуул” өдгөө нийслэл болон 21 аймгийн хүнс, ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчхоод байна” хэмээсэн.
Түүний төсөөллөөр бол Туулын хурдны замын төгсгөлд “Нарантуул”, “Да хүрээ” авто худалдааны төвийг сүндэрлүүлэх нь. Хотын зүүн, баруун талд төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх яриа хэлцэл хийхээр төлөвлөсөн гэнэ. Мэдээж олон бэрхшээлтэй нүүр тулна. Захыг нүүлгэх тухай яриа хуурай өвсөнд түймэр тавих мэт л худалдаа эрхлэгчдийн чихэнд хүрчээ. Тэд Засаг даргын эл шийдвэрийг таатай хүлээж авахгүй байгаагаа хэвлэл мэдээллээр ч ярьж эхэлсэн. “Захыг нүүлгэлээ гээд түгжрэл буурахгүй, ялгаа байхгүй. Биднийг хаана оч гээд байгаа юм бэ. Эндээс олон мянган хүн хоолоо “олж” иддэг. Өр зээл ихтэй. Захыг нүүлгэх хүртэл бид хаана байрлах юм, бараа материалаа яах вэ. Зах бараадаж, ойр орчимд нь төвхнөсөн олон айл бий. Бүгд энэ хавьдаа амьдарч, ажиллаж байна” гэх мэтээр байрь сууриа илэрхийлжээ. “Хотын дарга нар ингэдэг шүү дээ. Худлаа попорч байгаа юм” хэмээн тоосон ч шинжгүй ярих нь ч байв.
“Нарантуул” зах нь “Нарантуул трейд” ХХК-д харьяалагддаг. Тус захыг 1999 оны есдүгээр сард одоогийн байрлалд буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулжээ. Өдгөө 26 жилийн нүүр үзэж буй тус захаас хэчнээн мянган хүн амьдралын гараагаа эхэлж, хоногийн хоолоо залгуулж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлснийг таашгүй. Ёстой түм түжигнэж, бум бужигнадаг газар. Энд 10 мянга гаруй хүн лангуу түрээсэлдэг гэх албан бус мэдээ бий. Хэдийгээр наймаа эрхлэгчид халуунд халж, хүйтэнд хөрдөг ч амьжиргааных нь гол эх үүсвэр болсон захаасаа холдож түвдэхгүй гэдгээ дуулгасан.
“Нарантуул” захыг нүүлгэлээ гэхэд худалдаа эрхлэгчдийн орлого хэрхэн өөрчлөгдөх вэ, эдийн засгийн хувьд алдагдалгүй юу гэх мэтээр хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй, хохироохгүй байхад анхаарах нь туйлын чухал. Захыг бараадаж, орон сууц худалдан авч, амьдралаа төвхнүүлсэн олон хүн бий. Тэдний зөвхөн ажлын байр бус, амьдрах орчин нь хүртэл өөрчлөгдөх тул эл асуудалд хэн нэгэн дарга хийсвэрээр хандаж хэрхэвч болохгүй юм. Түгжрэлийн гол буруутнаар нэрлэгдэж буй томоохон худалдааны төвүүдийг нүүлгэхийн цаана хүний амьдрал яригдана. Тэрэг түрж, бараа зөөдөг, халуун хоол, цай зарж амьжиргаагаа залгуулдаг гээд өнгө өнгийн амьдрал “Нарантуул” гэх их “айлд” буцалж байдаг билээ.
Хотын үе үеийн дарга нар түгжрэлийг бууруулахын тулд томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлээс гаргана гэж амласан нь нар гарахаар дулаахан байшин барина гэж бороонд норж, даарч хонох бүрдээ ярьдаг сармагчин, яст мэлхийн үлгэртэй агаар нэг болжээ. Х.Нямбаатар даргын энэ шийдэл ч шинэ зүйл биш. Улиг домог болсон ийм ярианд итгэх хүн ч алга. Аль 2007 оноос зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай ярьж эхэлсэн ч биеллээ олоогүй өдий хүрсэн. Тухайлбал, тухайн үед нийслэлийг удирдаж байсан Ц.Батбаяраас анх худалдааны төвүүдийг нүүлгэх тухай санал гарч байж. Үүнээс хойш 2016 онд С.Батболд мөн л “Нарантуул”, “Да хүрээ” зэрэг захыг хотын төвөөс нэн тэргүүнд нүүлгэнэ, түгжрэлийг сааруулна гэж мөрөөдөж байлаа. Дараагийн хотын удирдлага С.Амарсайхан ч бас барилгын болон бусад томоохон захыг нүүлгэх шийдвэр гаргасан. Ажлын хэсэг хүртэл байгуулаад амжсан. Гэвч амжилт олоогүй юм. Үүний дараа ч Д.Сумъяабазар дарга Сонгинохайрхан дүүрэгт 28 га газар төлөвлөж, захуудыг нүүлгэнэ гэсэн ч бүтээгүй. Харин Х.Нямбаатар үе үеийн дарга нарын мөрөөдлийг биелүүлж чадах уу гэдэг нь сонирхолтой.
2022 онд нийслэлийн ЗДТГ-аас Авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар судалсан байна. Уг судалгаагаар түгжрэлд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь автомашин хэт олон байгаатай холбоотой гэж үзжээ. Харин эдгээр автомашины урсгал томоохон худалдааны төвүүд рүү чиглэдэг учраас түгжрэлийн хоёр дахь “буруутан” нь хотын төвд байрлалтай худалдааны төвүүд гэж тодотгосон. Тодруулбал, “Нарантуул” захад өдөрт дунджаар 42.8, Зуун айлд 34.3, “Бөмбөгөр”-т 33.3, “Хархорин” -д 33.1, “Дэнжийн мянга” худалдааны төвд 29 мянга орчим хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоолол гаргажээ. Тиймээс түгжрэлийг сааруулахын тулд эдгээр төвийг хотын зах руу, эсвэл бүр орон нутаг руу нүүлгэх гэсэн “мэргэн” санааг хотын удирдлагууд дэвшүүлэхээс өөр яах билээ. Үүнийг ч иргэд дэмжсэн нь дээрх судалгаанаас харагдаж буй юм. Тухайлбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь Зуун айл дахь захыг хамгийн эхэнд нүүлгэх талаар дурджээ. Гэвч тус зах өдгөө бууриа сахиж үлдсэн.
Тодруулбал, 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга байхдаа Зуун айл дахь барилгын материалын төвийг нүүлгэнэ гэж амласан С.Амарсайхан Засаг дарга болоод ч хүчрээгүй. Өдгөө Шадар сайдын суудалд заларсан. Харин өнөөх зах нь улам өргөжиж, хаяагаа тэлэв. Налайх руу “цөлөгдөх” нь бүү хэл, Зуун айл дахь худалдааны төвүүдийн эзэд тэр хавьдаа газар худалдан авч, объект барьж, агуулах сав нэмсэн гэдэг. Тус төвийн орчимд нөхцөл байдал ямар байдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тоос, шороо пургисан, агаар, хөрсний бохирдол хамгийн ихтэй газар. Гэтэл тус төвийг тойроод орон сууц хүрээгээ тэлж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагынхан үйл ажиллагаа явуулдаг.
Монголчуудын тэн хагасаас илүү нь нийслэл хотод төвхнөсөн. Томоохон зах худалдааны төв, дэлгүүр, их, дээд сургууль, яам, Тамгын газар, төрийн, төрийн бус гээд бүх л албан байгууллага, үйлчилгээний газрууд энд л байрладаг. Алийг нь эхэлж хотоос гаргах вэ гэдэг нийслэлийн Засаг дарга нарын толгойн өвчин болж ирсэн. Их, дээд сургууль, худалдааны төвүүдийг хотын зах руу нүүлгэнэ гэж ярьдаг ч биеллээ олоогүй. Дарга нар нь ямар ч судалгаагүй, сэтгэл хөөрлөөр, эсвэл шөнө зүүдэлснээ өглөө нь ярьж буй мэт орон гаран шийдвэрийг гэнэт гаргаж, иргэдийг цочоохоос бус, оновчтойгоор хөрсөнд буулгасан нь алга. Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэснийг эс тооцвол. Гэхдээ тус яамныхны 70 хувь нь төвдөө буюу нийслэлд ажиллахаас өөр аргагүй байгаа гэнэ лээ. Хэдхэн хүнийг орон нутаг руу шилжүүллээ гээд ямар өөрчлөлт гарсан нь тодорхойгүй. Үүний оронд их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх нь оновчтой гэж үздэг хүн олон.
Туулын хурдны замыг барих тендерийг зарласан. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулна гэж хотын дарга мэдэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцээд “Нарантуул” худалдааны төвийг нүүлгэх цаг тоологдож эхлэх нь.