АНЭУ-д болсон засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” 10 дахь удаагийн олон өдрийн тэмцээнд 23 орны мэргэжлийн 29 багийн 174 тамирчин хурд сорив. Олон улсын тус тэмцээнд дугуйчид таван өдөрт 526.26 км зам туулснаас Монголын дугуйн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр V байрт шалгарлаа. Тэрбээр эл амжилтаараа Олон улсын дугуйн холбооноос олгодог чансааг 15 оноогоор ахиулсан байна. Тэгвэл түүнтэй хамт дээрх тэмцээнд оролцсон Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт эрэмбэлэгджээ. С.Жамбалжамц өмнө нь “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас мөн хүрэл медаль хүртэж, Парисын олимпын наадамд эрх авч оролцсон анхны монгол тамирчин юм.