Засгийн газрын хуралдаанаар махны үнийг тогтвортой байлгах зорилгоор экспортын хэмжээг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор мах экспортолдог зарим аж ахуйн нэгж болон Монголын махны холбооныхон эсэргүүцлээ илэрхийлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яаманд албан бичиг хүргүүлжээ.
Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн лхагва гаргийн хуралдааны дарга, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан махны үнэ нэмэгдэж байна. Иймд үнийг тогтвортой байлгах зорилгоор экспортыг хязгаарлах шийдвэр гаргалаа. Ирэх зургаадугаар сарын 1 хүртэл бэлтгэсэн махаа зөвхөн дотоодын зах зээлд нийлүүлнэ. Хонины махны үнэ 19, үхрийн цул 17, ямаа 16 хувиар өсжээ. Энэ нь уламжлалт баяр ёслолын үеэр махны үнэ нэлээд өсөх эрсдэлтэй гэсэн үг. Засгийн газраас ирэх хоёрдугаар сарын 6-наас экспортод бэлтгэсэн махыг нийслэл дэх цэгүүдэд зохион байгуулалттайгаар худалдаж, нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ оны байдлаар 4200 тонн мах экспортолсон. Цаашид экспортлох эрэлт их байсан ч дотоодынхоо нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах нь илүү чухал. Мах экспортолж буй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Нийт бэлтгэсэн махны 10-аас доошгүй хувийг дотоодын хэрэгцээний тогтвортой байдлыг хангах зорилгоор нийлүүлэх ёстой. Энэ нь махны үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлж буй зохицуулалт юм. Экспортын бодлого тасралтгүй үргэлжилнэ. Түр хугацаанд квот тогтоож байгаа гэсэн үг. Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэл өөрсдөө махны нөөцөө бэлдээд гурван жил болж буй. Нийслэлээс 5000 гаруй тонн мах нөөцөлсөн, цаашид шаардлагатай тохиолдолд экспортлохоор бэлдсэн махыг худалдан авах эх үүсвэрийг сая шийдлээ. Аж ахуйн нэгжүүдэд хохирол учрахгүй. Одоогоор хилийн боомтуудаар махыг хязгаарлалтгүйгээр экспортолж буй” гэсэн юм.
Эл асуудлаар Монголын махны холбооныхонтой холбогдоход “Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар хуралдаж, түр хугацаанд экспортыг зогсоох шийдвэр гаргажээ. Махны экспортыг зогсоох нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд маш их хохиролтой юм. Урт хугацааны гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилтээ аль хэдийн авчихсан байхад экспортыг зогсоох нь аж ахуйн нэгжүүдээрээ туг тахиж буй хэрэг. Үүний улмаас бид цаг тухайд нь махаа нийлүүлж чадахгүйд хүрч, захиалагчдаа алдах зэрэг сөрөг нөлөөтэй. Нэг ёсондоо импортлогч талынхаа итгэлийг алдаж, санхүү болон түншлэлийн хувьд ихээхэн хохирол амсана гэсэн үг. Одоогийн байдлаар Монголоос БНХАУ, Казахстан зэрэг улс руу давхардсан тоогоор 40 гаруй аж ахуйн нэгж мах экспортолж буй. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах зорилгоор манай байгууллагынхан ХХААХҮЯ-нд албан бичиг хүргүүллээ” гэсэн юм.
У.Сүрэн