Өмнөд хөршийн Харбин хотод ес дэх удаагийн Азийн өвлийн наадам ирэх сарын 7-нд хөшгөө нээнэ. Олон оролцогчтой спортын төрлөөс шайбтай хоккей, кёрлингийн тэмцээн хоёрдугаар сарын 3-нд эхлэхээр болжээ. Тус наадмын кёрлингийн холимог хосын төрөлд Б.Баяр, Г.Энхзаяа нар 12 улсын тамирчидтай өрсөлдөж, Монголын багийн салхийг хагална. Тэд Япон, Кувейт, Хонконг, Тайванийн багтай нэг хэсэгт багтжээ. Манайхаас спортын долоон төрөлд 36 тамирчин оролцох юм. 29 жилийн дараа тус хотод зохион байгуулах уг наадмын тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 19 гишүүн сурвалжлан үзэгчдэд хүргэнэ.