АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа ормогц нэлээд хэдэн зарлигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийсэн нь дэлхий дахины анхаарлыг татав. Түүний анхны алхмуудад улс орнууд янз бүрээр хандаж, хариу үйлдэл нь болгоомжлолоос найдвар руу, үйл хайхрахаас чин сэтгэлээсээ итгэх хандлага руу, гайхширлаас бахархал руу хэлбэлзэх боллоо. Тэгэхдээ сэтгэл дундуур байх, түгших, шүүмжлэх нь давамгайлж байна.
Дональд Трамп бусад улсад үзүүлэх санхүүгийн тусламжийг 90 өдрөөр царцаав. Энэ нь Украин улсад хамаарах, эсэхийг тодруулаагүй ч, Киевт ихээхэн хэмжээгээр хөрөнгө зарцуулахыг хүсэхгүй байгаагаа урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.
Тангараг өргөснийхөө дараа гарын үсэг зурсан нэгэн зарлигт нь хууль бусаар ирсэн цагаачаас төрсөн хүүхдийг АНУ-ын иргэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байхаар тусгажээ. Энэ журам тус улсад хууль ёсоор ч гэлээ түр оршин сууж буй эмэгтэйгээс төрсөн хүүхдүүдэд ч үйлчилнэ. Тэгтэл Америкийн 22 мужийн ерөнхий прокурорууд энэ зарлигийг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Ерөнхийлөгч ч, Конгресс ч Үндсэн хуулийн заалтыг эргэж харах эрхгүй гэж тэд үзэж байв.
1948 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ыг үүсгэн байгуулсан 193 улсын нэг нь АНУ бөгөөд санхүүгийн томоохон ивээн тэтгэгч нь юм. Тус байгууллагын төсвийн 22 хувийг нь АНУ бүрдүүлдэг. Тэгвэл энэ байгууллагаас АНУ-ыг гаргах санаачилгыг Трамп Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Вашингтон энэ тухай 2021 оны нэгдүгээр сард НҮБ-д мэдээлж байжээ. Харин Ерөнхийлөгч асан Жо Байден ажилдаа орсон эхний өдрөө л энэ шийдвэрийг цуцалсан аж. Трамп тангараг өргөснийхөө дараахан мэдэгдэхдээ АНУ ДЭМБ-ын гишүүний хувьд түүнд Хятадаас илүү мөнгө төлдөг. ДЭМБ биднээс хулгайлж байна” гэж хэлжээ. Трампын энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Еврокомисс илэрхийлж, ДЭМБ-аас гарснаар Вашингтон ирээдүйд тохиолдох цар тахлын эсрэг тэмцэлд хүчгүйдэх болно хэмээн анхааруулав.
2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрээс АНУ дахин гарч буй тухай зарлигт Трамп бас гарын үсэг зурав. Барак Обамаг Ерөнхийлөгч байсан 2016 онд АНУ тус хэлэлцээрт нэгджээ. Манай гараг даяар дулаарна гэдэг үзэл баримтлал шинжлэх ухааны үндэслэлтэй гэдэгт Трамп эргэлздэг бөгөөд цаг уурын талаарх уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэрийг 2020 оны эцсээр баталсан ч дараа оных нь нэгдүгээр сард Жо Байден ажилдаа орж улсаа энэхүү хэлэлцээрт буцаан оруулах зарлигт гарын үсэг зурсан юм. Цаг уурын асуудлаархи Еврокомиссар Вопке Хукстра АНУ Парисын хэлэлцээрээс дахин гарч буйг “харамсалтай үйл явдал” гэж нэрлээд “Дэлхийн томоохон эдийн засаг, цаг агаарын өөрчлөлттэй хийх тэмцэлд бидний ойрын холбоотны маань нэг хэлэлцээрээс гарч байна” хэмээн тэмдэглэв.
Трамп График F гэх холбооны улсын мэргэжлийн олон албан хаагчийг ажилтай байлгах баталгааг үгүй болгох баримт бичигт бас гарын үсэг зурлаа. Тэрбээр энэ шийдвэрээ “Байдены засаг захиргааны бий болгосон бүх төрлийн хорт хавдраас бид ангижирлаа” хэмээн тайлбарлав. 37 байгууллагын 50 мянган ажилтныг төлөөлж үйлдвэрчний байгууллага нь энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаад байна. Уг нэхэмжлэлд энэ шийдвэр ажлаасаа халагдах аюулд өртөх хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлнэ гэж өгүүлсэн байв. “Цагаан ордныг улс төрийн ямар нам эзэлж байгаагаас үл хамааран төрийн өдөр тутмын ажил алба өндөр чадвартай, үнэнч мэргэжилтнүүдийн гарт байлгах боломж Америкийн ард түмэнд байсан юм” гэж тус үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Дорин Гринвальдын мэдэгдэлд өгүүлсэн байв.
Цагаан ордны испани хэл дээрх цахим хуудсанд нэвтрэхийг Трамп зогсоолоо. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид испани хэлтэй орнуудаас ирсэн цагаачдыг АНУ-аас гарч явахыг Трамп уриаллаа гэж үзэж байна.
Америкийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй Панамын сувгийг эргүүлж авах бодолтойгоо Трамп бүр өнгөрсөн оны эцсээр мэдэгдэж байв. Сувгийг Панам улсад шилжүүлснийг тангараг өргөсний дараа хэлсэн үгэндээ “мулгуу шийдвэр” хэмээн тэрбээр нэрлэсэн юм. Сувгийг Хятадын хяналтад оруулсан хэмээн Панамын эрх баригчдыг Трамп буруутгасан билээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн энэ заналхийллийг эсэргүүцэж Панамын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсан. Суваг Панамын хяналтад, дэлхийн бүх улсад нээлттэй байх болно гэж усан замын захирагч Рикуарте Васкес онцлон тэмдэглэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгчийн хийж буй эхний алхмуудад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тусгайлан анхаарал хандуулж байна. Британийн “Guardian” сонин Трампыг Ерөнхийлөгч байсан эхний дөрвөн жилийнхээ ажлын үр дүнгээр ардаа эмх замбараагүй байдал, хуваагдал бий болгож орхисон, сүйрэл авчирсан хүн, “Хонзон авахаар эргэж ирсэн” гэж дүгнэжээ. Трамп эргэж ирснийг “Bloomberg” бүхэлд нь “Европын Холбооны орнуудын хувьд түгшүүрийн дохио” гэж үзэв. Британийн “Mirror star” Трамп ямар нэг асуудлыг шийдэх чадвартайд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Францын “Liberation” Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор “Хар дарсан зүүд дахин эхэллээ” гэжээ. Түүнийг тангараг өргөөд үг хэлснээс хойш олон улсын дэг журам, эрх, хуучин холбоотнууд ач холбогдолгүй болж, тэрбээр ердөө АНУ-ын эрх ашгийг л тэргүүнд тавих нь хэмээн Германы “Spiegel” тэмдэглэсэн байх юм. Тэрбээр үнэндээ ч “Америкийн алтан зуун” гэх нэр томьёо хэрэглэх болсон билээ.
Трамп зарлигууддаа гарын үсэг зурчхаад 2021 оны нэгдүгээр сардын 6-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр баривчлагдсан 1600 хүнд бүгдэд нь шахам өршөөл үзүүлэв. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер асан хатагтай Нэнси Пелоси энэ шийдвэрийг нь “Америкийн үнэний шүүхийн тогтолцоо, Капитолийг хамгаалах үедээ хохирол үзсэн баатрууд, Конгресс, Америкийн Үндсэн хуулийг доромжилсон” гэв. Хоёрдугаар сарын 1-нээс Мексик, Канадад 25 хувийн гаалийн татвар тогтоохоор боллоо. Хэвлэлд бичиж байгаагаас үзвэл Трамп эрх мэдэл рүү эргэж ирэхдээ удирдан жолоодох тодорхой стратегитай, үйл ажиллагааны нэлээд түрэмгий гэж хэлж болохоор хөтөлбөр бүхий баг бүрдүүлжээ. Өөрөө болохоор урьдын хэвээр урьдчилан таамаглашгүй, төвлөрсөн байр суургүй байх төлөвтэй, шинэ бодлогоо илэрхийлж, бусдын анхаарлыг татахыг хичээсэн мэдэгдлүүд хийсээр, ямар ч байсан түүний хоёр дахь эрин эхэллээ. CNN-ийн үзэж буйгаар Байдены бий болгосон өвийн үлэмж хэсгийг устгах замаар Трамп эрх мэдлээ бэхжүүлэхийг эрмэлзэх бололтойг шинэ Ерөнхийлөгчийн явуулж эхэлж буй бодлогоос АНУ-ыг дүрвэгчид, цагаачдын толгой хоргодох газар байлгахыг хүсэхгүй байна гэсэн дүгнэлтийг “The New York times” сонин хийсэн байна. Трамп ажлаа авсан өдөр өмнөх Ерөнхийлөгчдийн алиныхаас нь ч давсан олон зарлигт гарын үсэг зурсан бөгөөд тэдгээрийн агуулгатай, тэдгээрээр шийдэж эс чадах хүндхэн ажил америкчуудыг хүлээж байна гэж “The Washington рost” сонинд бичжээ. Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелийн үзэж буйгаар Америкийн одоогийн Ерөнхийлөгч Кубийн эсрэг эдийн засгийн дайнаа хүчтэй болгох зорилт тавьж буй аж. Эквадорын Төрийн тэргүүн Даниэль Нобоа мансууруулах бодис үйлдвэрлэж, борлуулагчдыг олон улсын алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрснийг нь дэмжиж, “манай бодлогод нийцэж байна” хэмээсэн байна.
Украины хувь заяа Путин, Трамп нарын харилцаа ямар байхаас хамаарна гэж “Times” сонинд бичжээ. 2020 онд Трампын ялалтыг хулгайлгаагүй бол тухайн оны хямрал үүсэхгүй байсан гэж Путин мэдэгдэж байсан юм. Америкийн тусгай прокурор Роберт Мюллер 448 хуудас илтгэл бэлтгээд ч 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсоныг, Трамп-Кремлийн хоорондох хуйвалдааныг нотолж чадаагүй билээ. “Тэрбээр манай тагнуул байсансан бол чамайг манай хүн гэж хэн ч буруутгахгүй байлгахын тулд бидэнд ямагт дайсагнаж хандаж бай гэж түүнд хэлэх байсан” гэж Оросын тагнуулч асан нэгэн аяга цай уух завсраа надад хэлж билээ гэж Британийн сэтгүүлч бичсэн байсан.
Трамп, Путин нар биечлэн таван удаа уулзсан гэдэг. Германд болсон эхний уулзалтын дараа хэлмэрчийнхээ тэмдэглэлийг Трамп аваад энд сонссон юмаа бусдад дуулгахгүй байхыг хүссэн байдаг. Тэдний олон түмэнд ихэд тодорхой мэдээлсэн албан ёсны уулзалт 2018 онд Хельсинкид болсон бөгөөд зөвхөн хэлмэрчдийнхээ хамт удаан ярилцсан юм билээ. Ямар нэг тэмдэглэл хөтлөөгүй гэсэн. Тэд одоо удахгүй бас уулзах юм гэнэ лээ... Гэтэл хоёр удирдагчийн уулзалтаас Путиний багийн зарим хүн болгоомжилж буй гэх чимээ бий. Трамп “Путин Байденд хүндэтгэлгүй хандаж байснаас 2022 онд Украинд тусгай ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байсан. Тэрбээр хүмүүст хүндэтгэлгүй хандаж буйгаа илэрхийлчихдэг юм” гэж мэдэгдсэн байна. Өөрт нь хүндэтгэлгүй хандаж байна гээд мэдэрчихвэл уур нь хүрсэн Трамп Байден, Обама хоёроос ч хавьгүй аюултай. Энэ хүн сургамж болгохын тулд биднийг үнс чандруу болгохыг оролдох болно” гэж Оросын төрийн нэг ажилтан гадаадын сэтгүүлчид ярьсан байна.