Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, хэрэв энэ хугацаанд буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам баталсан билээ. Тус журмыг өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, орон нутгаас орж ирсэн авто тээврийн хэрэгслийн жолооч шалган нэвтрүүлэх товчоодоор гарахдаа авто зам ашигласны төлбөр төлж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахааргүй болжээ. Уг захирамжийг ирэх сарын 15-наас хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх гэнэ. Тодруулбал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлд ирсэн бол 5000 төгрөгийн хураамж төлөхгүй. Мөн тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн, онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ нотолсон тохиолдолд хураамжаас чөлөөлөх аж.
Ч.Туяа