
Нийслэлийн Налайх дүүрэгт энэ сарын 29-нд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийнхөн шуурхай хуралдав. Халдвар бүртгэгдсэн даруйд мэргэжлийн байгууллагынхан тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгчээ. Мөн дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халваргүйжүүлэлт яаралтай хийсэн байна. ЭМЯ, ХӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Онцгой комиссынхон халдвар гарсан бүсэд ажиллан, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж буйгаа мэдээлэв. Тэгвэл өчигдрөөс ерөнхий боловсролын “Голомт” цогцолборын бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүллээ.
ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой комиссынхон нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Бага насны хүүхэд менингококкийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул сорьц авч, ХӨСҮТ рүү илгээсэн. Шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарлаа гэсэн мэдээллийг энэ сарын 29-ний 17.57 цагт бидэнд өглөө. Үүний дагуу шуурхай хурал зарлаж, хариу арга хэмжээ авсан. Халдвар авсан хүүхдийн тухайд ам бүл наймуулаа, цэцэрлэгт явдаг, 28-29-нд шилжих шөнө өндөр халуурсан. Өвдөх хүртлээ цэцэрлэгтээ явж байгаад 29-ний өглөө өрхийн эрүүл мэндийн төвдөө хандсан юм билээ. Ингээд шинж тэмдгийн дагуу хүүхдийг дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж, шинжилгээ, эмчилгээг эхлүүлсэн. ХӨСҮТ-өөс эрчимт эмчилгээ, халдвартын таван эмч ирж, ажиллаж байна. Өвчтөний ойрын хүмүүсээс сорьц аван шинжлүүлсэн. Халдвар илрээгүй” гэв.
Хүүхдийн биеийн байдал хүнд байна
Хүүхдийн биеийн байдал хүнд, халдвар, хордлогын шоктой, биеэр нь 4-5 см хэмжээтэй тууралтууд гарсныг Эрүүл мэндийн төвийнхөн хэлсэн. Эмчилгээг эхлүүлснээс хойш тууралт нэмэгдээгүй аж. Өвчтөнтэй хамгийн ойр байсан зургаан хүнийг тусгаарласан юм байна. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан тул гэрт нь буцаахаар болсон гэнэ. Боловсролын дээрх байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосны дараа олон нийтийн сүлжээнд менингококкоор гурван хүүхэд өвчилсөн гэх ташаа мэдээлэл таржээ. Учрыг тодруулбал, халдвар авсан хүүхдийн суралцаж байсан 307 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож. Цэцэрлэгтэй залгаа, нэг байранд үйл ажиллагаа явуулдаг 160 дугаар сургуулийг ч мөн түр хаасан байна. Өвчтөний гэр бүлийн нэг гишүүн “Голомт” цогцолборын бага сургуульд суралцдаг учраас үйл ажиллагааг нь бас цахим хэлбэрт шилжүүлжээ. Бага, дунд сургууль нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг учир эхний ээлжид ийм арга хэмжээ авсан гэв.
Халдвар нэмж бүртгэгдвэл боловсролын бүх байгууллагыг хаана
Онцгой комиссынхны өгсөн мэдээллээр энэ сарын 29-30-нд шилжих шөнө дүүргийн хэмжээнд боловсролын 25 байгууллагын 41 анги танхим, дотуур байрны 70 250 ам метр талбайг ариутган халдваргүйжүүлж, өчигдөр өглөө хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгтээ ирэхэд нь биеийн халууныг нь үзжээ. Мөн өрхийн эмч нар сургууль, цэцэрлэгүүдэд өдөр бүр үзлэг хийж буй аж. Эхний ээлжид боловсролын гурван байгууллагын үйл ажиллагааг Засаг даргын захирамжийн дагуу 10 хоног зогсоосон юм байна. Мөн ирэх даваа гараг хүртэл дүүргийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ, хурал чуулган зохион байгуулахыг хориглов. Хэрэв халдвар нэмж бүртгэгдвэл боловсролын бүх байгууллагын үйл ажиллагааг зогсооно гэсэн юм.
Тусгаарлах өрөө, эмийн сан бэлэн байлгахыг үүрэг болгов
Дүүргийн хэмжээнд өчигдөр шуурхай хурал зарлаж, бүх цэцэрлэг, сургуулийн эмч, эрхлэгч, захирал нарт мэдэгдэл хүргүүллээ. Цэцэрлэг, сургуулиудыг тусгаарлах өрөөтэй байх, халууны шил болон эмийн сан бэлэн байлгах, эцэг, эх, хүүхдүүдийг амны хаалттай нэвтрүүлэх, амны хөндийн болон бүх биеийн үзлэгийг тогтмол хийх, тууралт гарсан, эсэхийг шалгах, ханиаж халуурсан, хоолой нь өвдсөн хүүхдийг гэрт нь буцаах, гэрээр эмчлүүлж буй бол бүртгэлжүүлэх, ирцийн мэдээг тогтмол өгөх, иргэд, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, ахуйн орчинд агаар тогтмол сэлгэх, ам, хамрыг зайлах зөвлөмж өгчээ. Дүүргийн хэмжээнд 10 хоног бэлэн байдал зарласныг мөн мэдэгдэв.
Ч.Уртнасан: Нэг хүн өвдсөн ч дэгдэлт гэж үздэг
ХӨСҮТ-ийн Томууны үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан “2008-2009 онд менингококкийн эсрэг вакцин хийдэг байх үед халдвар бараг гараагүй. “Ковид-19”-ийн өмнө дэгдэж байгаад хөл хорионы үеэр буурсан юм. Одоо буцаад нэмэгдэх хандлагатай. Халдвар авсан тохиолдолд өвчин богино хугацаанд хүндэрч, үхэлд хүргэх аюултай тул цахилгаан менингит гэж манайхан ярьдаг. Тууралт биеийн доод мөчдөөс эхлэн гарч, маш өндөр халууруулдаг тул цаг алдалгүй эмчлүүлэхгүй л бол ялангуяа бага насны хүүхэд эндэх эрсдэлтэй. Нас барах эрсдэл өндөр тул менингококкийн нэг тохиолдол бүртгэгдсэн ч дэгдэлт гэж үздэг. Тиймээс дүүргийн хэмжээнд хариу арга хэмжээг одоо ч авсаар буй. Уг өвчин нь агаар дуслын замаар дамжин халдварладаг. Нийт өвчлөгсдийн 80 орчим хувь нь дөрөв хүртэлх насныхан байдаг. Насанд хүрсэн хүн халдвар авсан ч өвчлөхгүй, дамжуулагч болох нь бий. Тиймээс иргэд гарын ариун цэврийг тогтмол сахиж, гаднаас гэртээ орж ирэхдээ ам, хамраа зайлж, ариутгал хийсний дараа хүүхдэдээ ойртох хэрэгтэй. Айл бүр халууны шил, эмийн сантай байх шаардлагатай. Менингококк нянгаар үүсгэгддэг. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурахаас гадна бөөлжих, толгой өвдөх, нойрмоглох, цусархаг тууралт гарах, гэрэлд цочимтгой болох, дагз хөших, татах шинж тэмдэг илэрнэ. Эдгээрээс аль нэг зовуурь нь илэрсэн л бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна” гэлээ.
О.Оргилох