“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг нэг бус удаа хойшлуулсны эцэст нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр шийдвэрлэлээ. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов. Тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаад дахин шинжилгээний дүгнэлт гаргуулах болон өөр бусад нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн прокурорын хяналтад буцаасан аж.
Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 9-нд хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.
Шүүхийн эл шийтгэх тогтоолыг Ч.Ганхуяг, Б.Золбоо нар үл зөвшөөрч, давж заалдан, өмгөөлөгчөө сольж, нэмж аван эрхээ хамгаалуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.