Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Шадар сайдын тушаалаар Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийг баталжээ. Үүний хүрээнд онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулсан байна. Уг хуудсыг ОБЕГ-ын quiz.belenbai.mn вэб сайтад байршуулсан бөгөөд хэн ч хүссэн үедээ аюулгүй байдлаа үнэлүүлэх боломжтой. Тодруулбал, хяналтын хуудаснууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн төдийгүй иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй аж. Аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлүүлснээр цаашид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж болох нь. Мөн болзошгүй гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах зорилгоор өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хянаж, холбогдох арга хэмжээг авахыг онцгой байдлын байгууллагаас уриаллаа.
Ч.Болор