Манай улс жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд цөөнгүй жилийн нүүр үзэж буй. “Ковид-19” цар тахлаас хойш аялал жуулчлалыг сэргээн хөгжүүлэх “Монголд зочлох жил” санаачилга гаргаж, нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг сулруулах зэрэг олон талт арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн онд арай чүү 850 мянган аялагч хүлээн авсан. Тэгвэл Монгол Улс 2040 он гэхэд утаагүй үйлдвэрлэлийн салбарын хөгжил, орлогын түвшнээр бүс нутагтаа төдийгүй дэлхийд “цойлж”, үүнээс гурав дахин олон жуулчныг ганцхан бүсэд угтан авах гэнэ.
Улаанбаатар хоттой хаяа залгуулан байгуулахаар төлөвлөсөн Шинэ Зуунмод хотын эдийн засгийн чөлөөт бүсэд жилд багадаа гурван сая жуулчин хүлээн авч, улсын төсөвт 9.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх нь. Нийт 1000 орчим га талбайд төрийн захиргааны байгууллагынхан болон гадаадын иргэд түр оршин суух оффис, бизнес, хурал зөвлөгөөн, худалдаа, үйлчилгээний газар, зочид буудал, энтертайнмент төв (бооцоот тоглоом, морин тойруулга)-ийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулан, 23 000 ажлын байр бий болгох юм байна. Ингэснээр аялал жуулчлал, бизнес, худалдаа, үйлчилгээний зангилаа бүс бий болж, гадаадын жуулчид Хөшигийн хөндий дэх эдийн засгийн чөлөөт бүсийг мянга мянгаараа зорьж, бүс нутгийн эдийн засагт үлэмж хэмжээний хөрөнгө оруулах аж. Тэр хэрээр шинэ суурьшлын бүс рүү чиглэсэн дотоодын иргэдийн шилжилт хөдөлгөөн ч эрчимжиж, Улаанбаатарын ачаалал эрс буурах гэнэ.
Ийм нэг хэт өөдрөг төсөөлөл, “романтик” тооцоолол бүхий төлөвлөгөөг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхан болон Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааныхан хамтран боловсруулсныг Засгийн газар батлаад буй. Албан ёсны нэршил нь “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”. Харин цаашид үүнийг Хүннү хотынх болгож өөрчилнө. Учир нь УИХ-ын чуулганы энэ сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын нэрийг Хүннү болгож өөрчлөх шийдвэр гаргасан юм. Ингээд манай улс Хархорум, Хүннү хэмээх түүхэн нэртэй хоёр ч хотыг цаасан дээр зовлонгүй “байгуулчхав”.
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэн Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт дагуул хот байгуулах бэлтгэл ажил сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд үргэлжиллээ. Холбогдох яам, хариуцсан захиргааныхан нь “Дэд бүтэц, бүтээн байгуулалтын суурь болсон газар доорх “хот”-ын ажлыг амжилттай хийж байна”, “Усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэр, инженерийн байгууламжийн ажлыг эхлүүлсэн” гэж мэдээлж буй ч одоогоор гарт баригдах, нүдэнд үзэгдэх бодитой хийсэн зүйл бараг үгүй. Хот байгуулах ажил дэндүү удаашралтай, бичиг цааснаас хэтрэхгүй байна. Шинэ Зуунмод хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2022 онд баталсан. Тэгвэл үүнтэй уялдуулан боловсруулах ёстой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг одоо болтол батлаагүй, танилцуулаагүй л буй.
Шинэ Зуунмод дагуул хотыг нийт 31 501 га газарт байгуулж, 44 мянган өрх, 150 гаруй мянган иргэн суурьшуулахаар төлөвлөсөн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар бол бүтээн байгуулалтын I үе шат 2025 онд дуусах учиртай. Энэ хүртэлх хугацаанд нийт 1864 га талбайд бүтээн байгуулалт хийхээр тооцсон. Хачирхалтай нь, яг өнөөдрийн байдлаар 1864 байтугай 18 га талбайд ч ажил хийж чадаагүй байна. Тэгсэн атлаа хотын нэрийг өөрчлөх, хууль, журам батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ албан тушаал бий болгож, түүндээ хэн нэгнийг томилох зэргээр “хийцгүйрч”, шал хэрэггүй ажлуудад цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрж, хүн хүчээ тарамдсаар. Тиймээс л “Жилдээ гурван сая жуулчин хүлээн авч, төсөвт 9.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах” төлөвлөгөө, зорилтыг хэт өөдрөг, дэврүүн хэмээн тодотгож буй юм. 2025-2030 он хүртэл 2120, 2030-2040 онд 2000, нийт 4120 га талбайд бүтээн байгуулалт хийж чадах уу, амжих уу гэдэг нь ч бүрхэг.
Шинэ Зуунмод хотын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасны дараа хот байгуулалт, хөгжлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд нийгмийн сүлжээнд өргөн хүрээний хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэв. Энэ ажлыг хариуцсан хүмүүс өөрсдийн боловсруулсан макет зургандаа тулгуурлан ирээдүйд олох ашиг орлогоо тооцож, “том” тоо ярихаас өөр үр дүнтэй ажиллахгүй, хамгийн гол зүйл болох төлөвлөлт, зохион байгуулалтдаа анхаарахгүй байгааг мэргэжилтнүүд хөндсөн. Н.Сэнгүм “Дагуул хотыг Зуунмод голын дунд хэсэг, Тахилт уулын өвөр бэлд, Ар толгойн хойд хормойд байгуулах зураглал гаргасан. Хөшигийн хөндий дэх хамгийн үнэ цэнтэй, тохиромжтой байршил сонгосон гэж үзэж байгаа. Тэнд хэдхэн айл суурьшуулах орон сууцын барилга бариад орхих тухай ярьж буй юм биш. Аялал жуулчлал, тээвэр ложистик, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, суурьшлын гэсэн хэд хэдэн тусгай бүсийг зааг хязгаартай байгуулж, цогц байдлаар хөгжүүлэх асуудлыг ярьж байна. Олон ажлыг харилцан уялдаатай, тооцоо судалгаатай, оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэсэн үг. Гэтэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхан цогц төлөвлөлт, бодлого бус, маш ерөнхий зүйлс ярьдаг. Хот байгуулах талбайгаа зуу зуун га-гаар нь хэд хэдэн (эдийн засгийн чөлөөт, олон нийт, ажил хэргийн, тээвэр ложистикийн, үйлдвэрлэлийн гэх мэт) хэсэгт хувааснаа л харуулж, танилцуулах боллоо. Мэргэжлийн хүмүүс илүү бодитой, судалгаа, харьцуулалт, үнэлгээ хийсэн төлөвлөлтийг тэднээс хүлээж буй. Шинэ хотын хөдөлгөөний урсгал хаанаас хаашаа чиглэх, гол төвлөрөл нь аль хэсэгт байх вэ, Улаанбаатар шиг төлөвлөснөөс нь давсан олон хүн амтай болбол хэрхэн шийдэх юм гэх зэрэгт хариулт хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байна гээд ашигтай, үнэ цэнтэй байршлаа үгүй хийгээд, нисэх онгоцны буудлаа түгжрэлийн цэг болгочих вий” гэсэн юм. Харин өөр нэгэн мэргэжилтэн “Шинэ Зуунмод хот аялал жуулчлалын бүс байх уу, эсвэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, бизнесийн төв цэг болох уу, суурьшлын бүсийг ямар байдлаар хэрхэн төлөвлөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нэрийг нь Хүннү болгож өөрчилсөнтэй холбоотойгоор цаашид хөгжлийн төлөвлөгөө, үзэл баримтлалд нь ямар өөрчлөлтүүд оруулах вэ. Түүхэн нэртэй хот юм бол түүхэн бэлгэдэл, өнгө төрхийг бага ч болов агуулж, тээж байх ёстой шүү дээ. Хархорум хотыг уламжлал, шинэчлэлийг хослуулсан байдлаар байгуулж, хөгжүүлээд, Шинэ Зуунмодыг илүү орчин үеийн өнгө төрхтэйгөөр төлөвлөх нь илүү зүйтэй байсан юм. Бүх зүйлийг түүх соёл, үндэсний гэх зүйлстэй хүчээр холбож, хольж хутгах нь зохимжгүй. Шинэ Зуунмодыг Хүннү болголоо гээд хөрөнгө оруулагчдыг татаж чадна гэсэн үг биш. Хүмүүс ч төөрөлдөж сүйд болоод байгаа зүйл үгүй. Нэрийг нь ямар ч болгосон Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад маш хариуцлагатай хандах ёстой. Хархорум хот байгуулах ажлынх шиг зураг төсвийг нь ил тод, нээлттэй боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангах нь чухал” гэлээ.
Шинэ Зуунмод хот байгуулах ажилд энэ мэт тодорхойгүй зүйл олон байна. Газар чөлөөлөлтөөс үүдэлтэй маргаан, нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэн, эсэх нь бүрхэг. Дагуул хотын далд бэрхшээл болсон усан хангамжийг хэрхэн шийдэх нь ч хариултгүй хэвээрээ. Хот байгуулахаар сонгосон газарт гадаргын усны нөөц, хуримтлалын сүлжээ байхгүй нь хүн амын хэрэглээг тасралтгүй хангахад бэрхшээл учруулж болзошгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа. Дээрээс нь хот байгуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг хэдийд, хэрхэн шийдэх нь ч тодорхойгүй. Шинэ Зуннмод хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гурван үе шаттай хэрэгжүүлэхэд 17 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн эх үүсвэрээс тус бүр 39, улс, нийслэлийн төсвөөс 21.2 хувийг нь босгохоор төлөвлөсөн юм билээ. Харамсалтай нь, энэ тооцоо, төлөвлөгөө одоо цаасан дээр л “биеллээ олж”.
Н.Мишээл