Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар ирэх долоодугаар сард Монголд албан ёсны айлчлал хийхтэй холбоотойгоор хоёр улс албаны түвшинд ярилцаж байгааг “Kyodo” агентлагаас мэдээллээ. Энэхүү айлчлалыг Монголын талын урилгаар, Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Японы эзэн хаан, хатны хамт манай улсад хийх анхны айлчлал нь энэ болох юм. Цог жавхлант эзэн хаан Нарүхито хаан ширээнд 2019 онд заларснаасаа хойш Индонезэд 2023, Британид 2024 онд айлчлаад буй аж.
Ташрамд дурдахад, эзэн хаан Нарүхито хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад 2007 онд айлчилж байв. Тухайн үед дэлхийн II дайны дараа хуучин ЗХУ-д олзлогдож амиа алдсан 1700 орчим япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн. Иймд өнөө жилийн айлчлалын үеэр ч бас эзэн хаан, хатан нар эл цогцолборт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж буй юм байна.
У.Цэцэг