Мөс зүсэгч атомын хөлөг онгоц хийсэн улс дэлхийд ганц байдаг нь Орос юм. Ийм онгоцнуудын ачаар тэнгисийн умард замыг эзэмшиж, Европ, Азийн хооронд худалдааны хамгийн дөт маршрутыг бий болгож болох байв. “Чукотка” гэдэг шинэ хөлөг онгоц саяхан “гараа”-наас гарлаа.
Умард нийслэлийн төв буюу Ордны талбайгаас хөлөг онгоц угсрах нэгдсэн корпорацын Балтын завод хүртэл машинаар ердөө хэдхэн минут явна. Гадаадын хүмүүсийг ийш нь оруулахыг хориглодог. Оросын иргэд ч дотогшоо ороход хялбар биш.
Нүсэр бетон хашааны дээгүүр аварга өргөгч цамхгуудаар хөлөг онгоцны эд ангиудыг маш нягт нямбай, асар нарийн хэмжээс тохируулгатайгаар зөөж буулгана. Аварга том машинуудыг ихэнхдээ эмэгтэй хүмүүс ажиллуулдаг. Цахилгааны утас бүрэгч, зорогч, засварч, угсрагчдын дунд ч эмэгтэйчүүд бий.
Тус завод нийтдээ 6000 мэргэжилтэнтэй. Хөлөг онгоцыг угсрахын зэрэгцээ энд атомын реакторын хамгаалагч, сэлүүрийн сэнс бэлтгэнэ. Төмөр замаар өргөгч кранууд их чимээ гарган явж, тэдний дор зургаан тонн жинтэй зангуунууд, 300 метр урт гинжнүүд овоолоостой харагдах аж.
“222 290” төслийн дөрөв дэх үеийн мөс зүсэгч хөлөг “Чукотка” бүхлээрээ модон дотор байх юм. Ажилчид түүнийг будаж байв. Тахир голыг нь угсарчихсан, сүүлчийн сэнсийг тогтоох л үлдэж, хоёр метр урт далавч нь ойролцоо байна. Сэнсний далавчууд нийлэхээр 60 мВт эрчим хүч гаргана. Энэ бол асар их хүч. Хөлгийг хэрэв Нева мөрөн рүү тавьчихвал, түүний эргийг нураачхаж ч чадна. Тиймээс хөлөг онгоцыг задгай тэнгист гарсан хойно л сэнсийг нь ажиллуулж эхлэх ёстой.
Мөс зүсэгч хөлгийг усанд тавихад бэлтгэн, 20 давхар байшинтай (52 метр) тэнцэх өндөр, хөл бөмбөгийн хоёр талбайн (173.3 метр) хэмжээтэй урт лужир том “амьтан” (хөлөг онгоц)-ыг асар хүнд жингээс нь шалтгаалж газар дээр барьж байгуулах боломжгүй. Ийм учраас үйлдвэрийн дамжлагын үе шат дуусахаар нь эргийн ус руу шилжүүлнэ. Энд хөлөг өсөж томрон, тоног төхөөрөмжөөр ачаалал жин нь хүндэрч, далайд гаргахын өмнөх ажлуудыг эмхэлж, эрэгт тулган зогсоох туршилт хийх аж.
Одоо нөгөө л төслийн “Якутия” хөлгийн бүх ажил дуусах шатандаа орж, эрэгт ойртуулсан байв. Энэ хөлөг Финийн буланг зорьж, буцаж ирснийх нь дараа шаардлагатай баримт бичгүүдийг нь бөглөж, Мурманскийн буудал руу хөдөлнө. Балтын завод болон “РосАтом”-ын хоолой шалгагч, моторчин, хөлгийн жолооч, эрчим хүчнийхэн, механикчид зэрэг мэргэжилтнээс бүрдсэн баг ашиглалтад хүлээн авах нарийн шалгалтаа хийж, заавраа өгнө.
Балтын завод нь Хөлөг угсрах нэгдсэн корпорацын ердөө нэг хэсэг нь юм. Умардын болон Адмиралтейскийн хөлөг онгоцны үйлдвэр, Дунд-Невийн хийгээд Пролетарийн хөлөг онгоцны заводууд, зохион бүтээгчдийн хэд хэдэн товчоо, Петербургийн аварга том холдингийн бүрэлдэхүүнд ордог. Үйлдвэрүүд нь улс орон даяар тархан байрлана. Эдгээр үйлдвэр олон зуун мянган хүнийг ажлын байраар хангадаг.
Мэргэжилтэй хүмүүс хэзээ ч хэрэгтэй байдаг болохоор тус корпорац дээд сургуулиудтай хамтарч ажиллахад их анхаарч, Санкт-Петербургийн Механик-Технологийн их сургуулийн оюутнуудыг нэгдүгээр курсээс нь үйлдвэрүүддээ дадлага хийлгэдэг аж.
Ажил буцалж, дараачийн “Ленинград” гэдэг мөс зүсэгч хөлөг онгоцыг бүтээх ажил хэдийн эхэлчхэж. Бас өөр “Сталинград” хөлгийн ажлыг энэ онд эхлүүлэх нь. Эхний үе шатанд Магнитогорск, Череповец, Челябинскээс ирдэг төмөр хийцүүдийг зүсэж бэлтгэнэ. Зузаан гөлмөн төмрийг хуурай газар, нимгэнийг нь усан дотор зүсдэг гэнэ. Онцгой хатуу материалд усан хөргүүртэй зүсэгч хэрэглэнэ. Цааш нь хавтгай эд ангиудыг гагнаж, дараа нь овор ихтэй бүтцүүдийг секц рүү аваачиж, улмаар ус руу тавихын өмнөх налуу дамжлага руу илгээдэг. Чухам энд л явцын дунд тоног төхөөрөмжийг нь тогтоож, угсарч мөс зүсэгч хөлөг бий болгох үйл явц өрнөдөг. Хөлгийг бэлэн болгож гүйцээх ажил усан дээр хоёр жил шахам үргэлжилнэ. Ингээд эцсийн шатанд цөмийн түлшээр дүүргэж, цахилгаан төхөөрөмжийг нь ажиллахад бэлэн болгоно. Хөлгийн бүтэц нь нисэх онгоц унахыг ч тэсэж гарахаар бат бөх. “Бүх гагнаас, шингэн агуулах сав, бетон бүтэц нь хүрээлэн буй орчин хийгээд багийн гишүүдийг туяанаас найдвартай хамгаална” гэж Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Александр Лебедев ярьжээ. Хөлгийг бүтээх технологи маш нарийн, зардал ихтэй ч аюулгүй байдлыг хангахын тулд хөрөнгө хэмнэж болдоггүй аж.
Дэлхий дахины ачаа тээврийн ихэнхийг усан замаар гүйцэтгэж байна. Нефть, хий, төмрийн хүдрээс эхлээд үйлдвэрийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааг ч далай, тэнгисээр зөөдөг. НҮБ-ын үнэлж буйгаар дэлхийн худалдааны 80 гаруй хувь нь хөлөг онгоцны тээвэрт ногддог гэнэ.
Умард тэнгисийг Атлантын далайтай холбодог Европын худалдаанд онцгой ач холбогдолтой Ла-Манш, Энэтхэгийн болон Номхон далайг холбож, дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг, Индонез улсыг хоорондоо харилцах боломжоор хангадаг Малаккийн хоолойг гол замаар нэрлэж болно. Мөн Панамын булан, Карибын тэнгисийг Атлантын далайтай холбож, ертөнцийн баруун хагаст хөлөг онгоц зорчиход үнэлж баршгүй нөлөө үзүүлдэг Панамын суваг, Газар дундын тэнгис, Улаан тэнгисийн хооронд Европоос Азид нэвтрэх шулуун зам нээсэн Суэцийн суваг ч үүнд хамаарна. Түүнчлэн энэ зорилгод үүрэг гүйцэтгэдэг Хар болон Мраморын тэнгисийн хоорондох Босфорын хоолой, Персийн булангийн орнуудад олборлосон нөөц баялгийг АНУ, Япон, Баруун Европ руу гаргах хөлөг онгоцны цорын ганц маршрут болох Оманы болон Персийн булангийн хоорондын Ормузын хоолой ч багтана. Балтын тэнгисээс Дэлхийн их далай руу гарах гарц болсон, Датын гэж нэрлэгддэг Скандинав, Ютландын хойгийн хоорондох хоолой, Оросын Европын хэсэг хийгээд Алс Дорнодыг холбох хамгийн дөт зам (14 200 километр) болох Умард тэнгисийн зам дэлхийн усан тээврийн гол маршрутад ордог.
Умард тэнгисийн замаар Суэцийн сувгаар зорчвол зам нь 23 200 километр болж сунана. Уг зам гагц Оросын эдийн засгийн бүсэд хамаарч Азийн зах зээлд төдийгүй Дэлхийн их далайд гарах замыг нээж өгдөг юм. Маршрутыг өргөжүүлж хөгжүүлэх нь ялангуяа найрсаг бус харилцаатай орнууд хориг тавьсан нөхцөлд Оросын стратегийн зорилтын нэг байдаг аж.
Хөлгүүд ердийн журмаар зорчиход тохиромжтой зуны улирал нь богинохон, 2-3 сар байдаг тул бусад үед нь мөс зүсэгч хөлөггүйгээр “амбан явахгүй”. Орос улс дизель хөдөлгүүрт 34, атомын долоон хөлөг онгоцтой. Эдгээр атомын хөлөг Арктикийн хамгийн хатуу ширүүн нөхцөл, уур амьсгалтай газраар ч үүрэг гүйцэтгэнэ. Өөр ямар ч улсад үүнтэй эгнэх хөлөг байхгүй. “Их бие, металл бүтэц, машины хэсгийн төхөөрөмжүүд, сэлүүрийн цахилгаан хөдөлгүүрүүд, кабель, нээлхийнүүд бүгд манай үйлдвэрийнх. Цахилгаан хэрэгслийн ихэнхийг нь Орост хийдэг. Ганц нэг зүйлд нь найрамдалт орнууд тус нэмэр болдог” гэж Лебедев нэмж хэлсэн юм.
Атомын хөлгүүд гурван метр зузаан мөсийг зүсээд зам гаргаад явах чадалтай. Тэд хэдэн жил ч зогсоолд зангуугаа хаяж “амрахгүй” байх нь цөөнгүй. Гэхдээ реакторт нь үзлэг хийж, нөөцийг нь сэлбэх нь зайлшгүй. Үүний тулд атомын технологийн үйлчилгээний олон үүрэг гүйцэтгэдэг “Владимир Воробьев” хөлөг бэлэн байдаг. Мэргэжилтнүүд шинэ ангиллын хөвдөг атомын цахилгаан станц бий болгосон, тэдний нэг нь “Академич Ломоносов” юм. Түүнийг мөн Балтын заводад үйлдвэрлэсэн. Атомын ийм цахилгаан станцыг дэлхийн олон улс сонирхож буйн дотор Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодын орнууд ордог хэмээн “Росэнергоатом” мэдээлсэн. Харин захиалга ямар байгаа тухайд одоогоор мэдээлэл алга.
Умард тэнгисийн замыг дотоодын тээврийн найдвартай, аюулгүй маршрут болгоод зогсохгүй дэлхий дахины хөлөг онгоц зорчих коридор үүсгэх, ингэснээр ихээхэн орлого олох эх үүсвэрээр ашиглах зорилт одоо тулгараад байна.