Техник, технологи хурдацтай хөгжиж буй эрин үед оюун санааг тогтворжуулан, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор тулааны урлагаас кэндог дэлхийн нийтээр сонирхон, мөн чанарыг нь ойлгож, идэвхтэй хичээллэх болсон. Ази, Европын олон улс кэндогийн клуб байгуулж тамирчид бэлтгэж байна. Кэндо нь каратэ, айкидо зэрэг тулааны төрлөөс илдээр тулалддагаараа онцлогтой. Хэдийгээр илд нь самурай нарын гол зэвсэг ч энгийн үед сургуулилалт хийхэд эрсдэл ихтэй байсан тул биедээ авч явахыг хориглож, XVIII зуунаас эхлэн хулсаар орлуулах болсон. Сэлэм ашиглан дайснаа ялах арга ухаанаас үүдэлтэй ч түүхийн явцад тулааны урлаг болон хөгжжээ.Тиймээс самурай нарын эртнээс эрхэмлэж ирсэн дэг жаяг, ёс зүй, баримталдаг зарчмыг одоо ч хадгалсаар буй. Хэн их хүч чадалтайдаа бус, харин хэн нь илүү авхаалж самбаатай, сэтгэл зүйгээ зөв удирдаж, төвлөрч чадсан нь ялдаг. Кэндогийн мөн чанар нь зөвхөн ялалтад бус, анд нөхөрлөл, эв нэгдэлд оршдог аж.
Холбоодын нэгдсэн УАШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, спортоор амьсгалсан өдрүүдэд үзэгчид тамирчдын гал гарсан өрсөлдөөн, гаргаж буй амжилтаас эрч хүч, урам зориг авсан. Кэндогийн УАШТ-д оролцсон тамирчдаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын кэндогийн шигшээ багийн тамирчин, “Шинки” клубийн туслах багш, II дант Э.Билгүүн түрүүлсэн юм. Улсын аваргаар анх удаа шалгарсан түүнийг зочноор урилаа.
-Жил бүрийн УАШТ онцлог ихтэй болдог. Кэндогийн тамирчдын тулааныг тайлбартайгаар хүргэх нь үзэгчдийн сонирхлыг татдаг болсон нь анзаарагдлаа.
-Би кэндогоор ес дэх жилдээ хичээллэж байна. Одоо клубийнхээ туслах багшаар ажилладаг. Монголын кэндогийн холбоо Холбоодын нэгдсэн УАШТ-д тамирчдаа гурав дахь жилдээ сойлоо. Тэмцээнийг тайлбартайгаар хүргэх нь олны анхаарлыг татаж, кэндог тулааны төрлүүдээс юугаараа онцлогтой болохыг ойлгуулж байна. Сүүлийн үед хүмүүс сонирхон судалж, хүүхдүүдээ хичээллүүлж буй нь жил бүрийн тэмцээнээс анзаарагддаг. БНСУ-аас дөрвөн шүүгч хүрэлцэн ирж тэмцээнийг дэнсэллээ. Тэднээс нэг нь ДАШТ-ийг шүүн явуулдаг өндөр зэрэглэлтэй. Италийн Милан хотод зохион байгуулсан ДАШТ-ий дараа болсон дотоодын томоорхон тэмцээн тул тамирчид бэлтгэл сайтай оролцсон.
-Та шилдгүүдийг ялж, улсын аварга боллоо. Олон жил хичээллэсэн тэднийг буулгаж авах амаргүй байв уу?
-Миний хувьд өмнөх УАШТ-д түрүүлсэн тамирчидтай бэлтгэл хийж, тэмцээнд цөөнгүй таарсан болохоор арга барил, онцлогийг нь гадарлана. Кэндод надаас олон жил хичээллэсэн, туршлагатай тамирчид бий. Японоос өндөр цолтой, ур чадвартай дасгалжуулагчид ирж заадаг. Тэднээс багагүй суралцсаны үр дүнд аваргуудыг ялж түрүүллээ. Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж бий. Надад тэр цаг хугацаа ирснийг энэ жилийн тэмцээн харуулсан гэж боддог.
-Олон жил бодсон зорилгоо биелүүлнэ гэдэг бас нэг амжилт шиг санагддаг.
-Тэмцээний өмнө одоо л энэ боломжийг алдаж болохгүй шүү гэх мэдрэмж төрсөн. Олон жил бодсон зүйлээ хэрэгжүүлье гэж би ч их хичээсэн. Багаасаа спорттой нөхөрлөсөн тул тэмцээн ямар болдог, тамирчид хэрхэн өрсөлддөгийг сайн мэднэ. Сүүлийн үед сандарч, догдлохоос илүү өөрийгөө хянаж, сэтгэл зүйгээ тогтвортой, тайван байлгаж сурлаа. Энэ удаа кэндогоос юу сурснаа, бас ур чадвараа харуулъя гэж зорьсон.
-Найз ч байсан шударга өрсөлдөөд ял гэдэг бичигдээгүй хууль спортын талбарт үйлчилдэг. Хүчтэй өрсөлдөгчтэй байх нь өөрийгөө хөгжүүлж, хурцлах хөшүүрэг болдог биз.
-Надтай таарсан тамирчдаас А.Нямжав амаргүй өрсөлдөгч. Бид нэг клубийнх. Тэрбээр эрч хүчтэй, дайчин. Ийм зан чанар кэндогийн тулаанд байх ёстой. Түүнээс гадна “Чикара кэндо” клубийн дасгалжуулагч Д.Чинбилэгт багштай медалийн төлөө тулалдах болов уу гэж тооцоолсон. Хамгийн хэцүү тулааныг түүнтэй өрнүүлж, бараг хожигдох дөхсөн шүү. Бид энгийн үед сайхан нөхөрлөдөг ч тулааны талбарт бол жинхэнэ өрсөлдөгчид. Тэмцээнтэй өдөр нэгэндээ амжилт хүсээд, хэрхэн тулалдах тактик боловсруулаад гарна. Аваргын төлөө найзтайгаа тулалдахдаа довтолдог техникүүдийг нь бага хийлгэж, төлөвлөснийхөө дагуу бүх зүйлээ гаргасан.
-Кэндод хөл тавьсан түүх тань сонирхолтой юм билээ. Сагсан бөмбөг олон жил тоглосон таны сэтгэлийг тулааны урлаг татсан нь тун гайхмаар шүү.
-Японы тамирчид кэндогийн техникүүдийг төгс эзэмшдэг. Монгол бөхчүүд үндэсний бөхийн барилдааны мэхнүүдийг сурамгай хийдэг шиг. Үүгээр хичээллэдэг тулаанчид дэг жаягтай, эрхэмлэдэг ёс зүйтэй, баримталдаг зарчимтай. Би өмнө нь сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байв. Самурай нарын тухай өгүүлсэн кино үздэггүй хэрнээ үүгээр хичээллэхээр найзтайгаа хамт ирсэн. Эхний хэд хоног уйтгартай санагдсан ч аажмаар сонирхол татагдах болсон юм. Бэлтгэл хийх тусам стресс, бухимдал тайлагдаж, бие хөнгөрөн, сэтгэл санаа сэргэсэн. Намайг найман жил тоглосон сагсан бөмбөгөө орхиод тулааны урлагаар хичээллэхэд олон хүн гайхсан. Тэд надаас “яагаад” гэж их асуудаг байлаа. Үүгээр хичээллэх шалтгаан байсан юм. Багийн спортын тамирчид нэг зорилготой, нэгдмэл уур амьсгалтай байж амжилт гаргадаг. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох үед үл ойлголцох зүйл бишгүй. Тийм л зүйл болсон. Тэр үеэс багийн бус, ганцаарчилсан төрлийн спорт надад илүү тохирохыг мэдэрсэн юм. Сэлмээр тулалдах нь эрчүүдийн цусанд байдаг зүйл. Энэ нь дэлхийг талыг мориор эзэлсэн монгол цэргийн байлдан дагуулалтын үеэс улбаатай.
-Дуртай спортоо орхино гэдэг таны хувь хүндхэн шийдвэр байжээ.
-Тийм ээ. Сагсан бөмбөгөөс холдох амар байгаагүй. Тухайн үед болих шийдвэр гаргахдаа сэтгэлээр маш их унасан. Довтлогчийн байрлалаа өөр тамирчинд алдаж, сэлгээнд суух болсон минь таатай санагдаагүй. Тэгээд ч багийн гишүүдийн уур амьсгал сэтгэлд минь нэг л хүрэхээ больсон. Тулааны урлагт хөл тавьж, тамирчны карьераа үргэлжлүүлснээ зөв шийдвэр гэж боддог.
-Шигшээ багийн босгоор хүн бүр алхахыг хүсдэг ч санасандаа хүрэх нь цөөн. Италийн Милан хотыг зорьж, дэлхийн дэвжээнд тулалдсанаа сонирхуулаач.
-Монголын кэндогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д анх удаа өрсөлдсөн. Тус тэмцээнд 70 гаруй орны шилдэг тамирчин оролцохоор ирсэн байлаа. Кэндо самурай нарын эртнээс баримталсан амьдралын хэв маяг, дэг жаягийг одоо ч хадгалдаг тул Азийн тулаанчид ухаан, туршлага, мэдрэмжээр Европынхноос давуу. Миний хувьд тамирчдаас хүчний бус, ур чадвар, техникийн ялгааг олж харсан. Тулаанч өндөр, нам байх нь хамаагүй. Хамгийн гол нь ур чадвар чухал. Япон, БНСУ, АНУ-ын тулаанчид ДАШТ-ээс ихэнх медалийг хүртсэн. Монголын кэндогийн холбоо ДАШТ-д сойх тамирчдаа БНСУ-д хамтарсан бэлтгэл хийлгэсэн юм. Дэлхийд чансаагаараа II байрт эрэмбэлэгддэг тус улсын шигшээ багийнхан биднийг сэтгэл өндөр хүлээж авсан шүү. Би тэнд Японы алдарт тулаанч Кенширо Мацүзакитай танилцаж, зургаа хамт авхуулсан. Тэрбээр миний хамгийн их бахархаж, шүтдэг тамирчин.
-Таныг кэндотой анх нөхөрлөх үеэс гэрийнхэн тань сонирхож судалсан уу?
-Эгч кэндогийн спортыг сонирхож судалдаг. Би тэмцээнд оролцохоор болсноо гэрийнхэндээ хэлдэггүй. Хэрвээ манайхнаас хэн нэгэн нь ирээд үзвэл миний дуу ч гарахгүй, биеэ бариад тулалдаж чадахгүй. Эгчийг нууцаар ирж, тэмцээн үздэгийг нь хожим мэдсэн. Хамаатан садныханд намайг хэрхэн оролцсоныг минь сонирхуулж ярьдаг юм билээ. Би ажиллахын зэрэгцээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд завгүй явдаг тул ах, дүүстэйгээ ч тухтай уулзаж амждаггүй. Сая болсон УАШТ-ийг лайваар үзсэн байна билээ. Эгч спортод дуртай. Волейбол нэг хэсэг тоглосон. Надад “Би кэндогоор хичээллэмээр байна. Чиний бэлтгэл хийдэг клубт очъё” гэдэг юм. Түүнийг тулааны урлагаар сургуулилалт хийнэ гэхээр миний санаанд ер буудаггүй. Намайг түрүүлэхэд манайхан нэг их гайхаагүй. Тэд олон жил хичээллэснийг минь мэддэг тул хэзээ нэг өдөр зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэдэг байсан. Алтан медаль хүртсэн гээд миний сэтгэл ханаагүй. Аваргаа хамгаалж, дахин түрүүлэхийг хойшид хичээнэ. Кэндогийн тамирчдад өрсөлдөгчөө сэтгэл зүй, харц, хөдөлгөөн, хандлагаас нь харж, унших мэдрэмж өндөр хөгждөг. Тиймдээ ч хүчний дасгал сургуулилалтыг мэдрэмж, сэтгэл зүйтэй хослуулна. Өрсөлдөгчдөө ялсан ч “Би арай болоогүй байна даа” гэх мэдрэмж хааяа төрдөг.
-Таныг кэндогоос нэг хэсэг холдсоны дараа эргэн ирсэн гэж сонссон. Тулааны өөр төрлөөр хичээллэх нь шинэ мэдрэмж төрүүлсэн байж болох шүү дээ.
-Кэндогоор хэдэн жил хичээллэсэн ч амжилт төдийлөн гаргахгүй байлаа. Өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа ахиулах зорилгоор жиү жицүг муай тай бокстой хослуулдаг “Гаруда” академид жил хагас бэлтгэл хийсэн юм. Нэг хэвийн байдлаасаа гарч, өөр мэдрэмж авахаар сонирхож хичээллэсэн минь хэрэг болсон. Бие, хүчний тэсвэр хатуужлаас ч сайтар суралцсан. Тулааны спортын тамирчдад орон зайг мэдрэх мэдрэмж нь адил байдаг. Муай тай бокст ганц л алдаа гаргавал бэртэж, гэмтэх эрсдэлтэй тул үүрэг хариуцлага өндөртэй тулалдаж сурсан. Кэндо үнэнд ойр, шударга байхыг сургадаг. Намайг эргэн ирэхэд нөхөд минь “Чи өмнөхөөсөө илүү сайжирсан байна” гэж хэлсэн. Дараа нь кэндогийн тэмцээнд оролцохдоо хүчтэй, хурдтай болсноо анзаарсан л даа.
-10 жилийн өмнөх Билгүүнийг одоогийнхтой харьцуулахад ямар хүн болж төлөвшив?
-Өмнө нь өөртөө итгэлгүй, шийдвэр гаргахдаа маруухан, чаддаг зүйлээ хийхдээ хүртэл эргэлздэг байлаа. Кэндогоор хичээллээд өөрийгөө өөрчилж чадсан. Энэ нь миний ажлын карьерт маш их нөлөөлдөг. Тууштай, шийдэмгий болсныг минь найз нөхөд, гэрийнхэн хүртэл анзаарсан байв. Найзууд “Чи их эмзэг, юмыг хүндээр хүлээж авдаг байж билээ. Одоо бол хэлэх гэсэн санаагаа, хийхээр төлөвлөсөн зүйлээ цөөн үгээр товчхон илэрхийлдэг болжээ” гэдэг. Би ШУТИС-д суралцаж, 2018 онд төгссөн. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцож завгүй явсаар нэг л өдөр дипломоо гардаж авах гээд зогсож байлаа.
-Та одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
-Тийм ээ, би график дизайнерын мэргэжилтэй. Удирдлага маань надад итгэж, томоохон ажил даалгадаг. Манай байгууллага салбар дэлгүүртэй. Цөөнгүй байгууллагатай түншийн харилцаатай, хамтарч ажилладаг юм. Салбар дэлгүүрүүдийн хаяг, логоны өнгө үзэмж, загвар дизайныг нь өөрчилж, менежерийн түвшинд анх удаа ажиллаж үзлээ. Боломжийн санагдсан.
-“Шинки” клубийнхэн энэ жилийн УАШТ-д эхний гурван байрт шалгарч харагдсан даа.
-2023 онд болсон УАШТ-ий дараахан хоёр найзтайгаа хамтарч “Шинки” хэмээх клуб байгуулсан. Кэндогоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг клубтээ элсүүлж, бэлтгэл сургуулилалтыг нь чангахан хийлгэдэг байв. Тэднийг шантарч эхлэхэд аргаа өөрчилж, зан чанар, бие, сэтгэл зүйн онцлогт нь тохируулах болсон. Манайд клубт 20 гаруй хүүхэд хичээллэдэг. Эцэг, эх нь “Хүүхдийн минь анхаарал төвлөрч, хичээлдээ сайжирч байна. Бие даах чадварт суралцаж, өөрт тулгарсан асуудлаа бидний оролцоогүйгээр шийдэх гэдэг болсон” гэж байсан.
-2025 онд хаана болох тэмцээнүүдэд оролцохоор хилийн дээс алхах вэ?
-Хонконгод гуравдугаар сард болох кэндогийн олон улсын нээлттэй тэмцээнд оролцоно. Бид ДАШТ-д өмнөхөөсөө илүү амжилт гаргаж, Испани, ХБНГУ, Шинэ Зеландын тамирчдыг ялсан. Саяхан энэ талаар багийнхаа тамирчидтай яриа өрнүүллээ.