Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд “Чингис хаан” зочид буудлын нэг хэсгийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Метрополис” цэнгээний газарт өнгөрсөн Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнө томоохон ажиллагаа явуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн.
Энэ дагуу Цагдаагийн хэлтсээс тодруулахад “Цаг хэтрүүлэн ажилласан тул хаалгах гэж эргүүлийн гурван цагдааг явуулсан” гэж тайлбарлав.
Харин тус дүүргийн цагдаагийн хэлтсийн өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр “Хар тамхи зарж байна” гэсэн мэдээллийн дагуу очжээ. Гэхдээ олуулаа очоогүй мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нийлсэн гурван хүн шөнийн 02.00 цагт очсон байна.
Улмаар нэг ч хүн гаргаж болохгүй гэж хамгаалалтынханд үүрэг өгөөд сэжигтэй хүмүүсийг шалгаж зарим нэгнийх нь биед үзлэг хийжээ.Үүний эцэст нэгэн залууг баривчилан авч явсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Б гэх залуу мансууруулах төрлийн бодис биедээ авч явсан байна. Иргэд мансууруулах бодис худалдаалж байна гэж түүний талаар мэдээлэл өгсний дагуу цагдаагийнхан дээрхи цэнгээний газраар үйлчлүүлж байсан хүмүүст нэгжлэг хийсэн байна.