Америкийн хүүхдийн зохиолч Катерина Голдсайто энэ сарын 30-ны 16.00 цагт “American corner Ulaanbaatar”-т уулзалт зохион байгуулна. Уг уулзалтад номын зохиолч, сонирхогчид, хүүхдүүд оролцох боломжтой аж. Уулзалт зохион байгуулах танхимын багтаамжаас хамаараад 100 орчим хүн хүлээн авах төлөвлөгөөтэй гэнэ. Зохиолч энэ үеэр “Аниргүйн чимээ” номынхоо талаар танилцуулж, яагаад эл бүтээлээ бичихээр болсон, юуг уншигчдадаа илүүтэй ойлгуулахыг хүссэн зэргээсээ хуваалцах нь. Мөн хүүхдүүдэд зориулан номоосоо уншиж өгөх юм байна. Түүнчлэн оролцогчдын сонирхсон асуултад хариулах аж. Хүүхдийн зохиолч Катерина Голдсайто нь “NHK world”, “National geographic”-т сэтгүүлч, редактороор ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө Азийн сангийн санаачилгаар манай улсад хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн менторын үүрэг гүйцэтгэж буй юм. Энэ төсөлд хүүхдийн номын 16 зохиолчийг хамруулж, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхээр ажиллаж буй гэнэ.