Бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдааны бизнес эрхэлж амьдрал ахуйгаа дэвжээдэг олон хүн бий. Дотоодын жижиглэн худалдаачид голдуу БНХАУ-аас бэлэн бүтээгдэхүүн импортолж, дамлан борлуулдаг. Тэдний нэг Б.Наранцэцэг “Баянзүрх” худалдааны төвд лангуу түрээслэн, урд хөршийн Бээжин хот, Эрээнээс малгай импортлон борлуулж байна. Тэрбээр “Бидний хувьд юанийн ханш хэрхэх нь маш чухал. Учир нь юанийн ханш өсөх тусам худалдаачдын ашиг, орлого буурдаг. Би өмнөд хөршийн хэд хэдэн бөөний худалдаачинтай түншилж ажилладаг. Тэд сүүлийн жилүүдэд барааныхаа үнийг нэг ч могоор нэмээгүй. Тэгвэл 2020 онд юанийн ханш 400 төгрөг ч даваагүй байсан. Одоо 500 төгрөг давчихлаа. Гурван жилийн өмнөхтэй харьцуулбал юанийн ханш төгрөгийн эсрэг 30 орчим хувиар чангарсан. Хэдийгээр Хятадад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй ч юанийн ханш чангарсан учраас бид бараа, бүтээгдэхүүнээ гурван жилийн өмнөхөөс 30 хувиар илүү үнэтэй худалдан авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бараагаа 13 мянгаар авдаг болсон” гэж ярив.
Юанийн ханш чангарснаар бараа, бүтээгдэхүүний төгрөгөөр илэрхийлэх үнээс гадна тээврийн зардал өсжээ. Б.Наранцэцэг цахим сүлжээ ашиглан бараа, бүтээгдэхүүнээ сонгож, түншүүдийнхээ Монголын банканд нээсэн дансанд тухай үеийн юанийн ханшаар тооцон төлбөрийг нь хийдэг байна. Харин түншүүд нь худалдаж авсан бараагнь каргогоор илгээдэг аж. Каргоны төлбөрийг юаниар тооцдог гэнэ. Б.Наранцэцэг “Би саяхан бараа захиалж авсан. Каргоны төлбөр 300 юань болсон. Төлбөрийг нь нэг юанийг 510 төгрөгөөр тооцож төлсөн. Ингэхээр 153 мянган төгрөг болж байгаа юм. Юанийн ханш хоёрсарын өмнө 460 орчим төгрөг байсан. Тухайн үеийн ханшаар тооцож үзвэл 138 мянган төгрөг каргоны төлбөрт төлөх байж. Ханшийн өсөлт энэ мэтээр зардал нэмдэг юм” гэв.
Түүний ярьснаар зарим худалдаачин юанийн ханш өссөн ч барааныхаа үнийг нэмээгүй байжээ. Харин юанийн ханш 500 төгрөг давснаас хойш барааныхаа үнийг нэмсэн гэнэ. Тухайлбал, тэрбээр 15 мянган төгрөгөөр зардаг байсан малгайныхаа үнийг 20 мянга болгож өсгөсөн байна. Монгол Улсын бага, дунд орлоготой иргэн 15 мянган төгрөгөөр малгай аваад өмсөх боломжтой байсан бол юанийн ханшийн өсөлтөөсшалтгаалан 25 хувиар өндөр үнээр авахаас аргагүйд хүргэсэн нь энэ. Ханшийн өсөлтөөс шалтгаалж, зардал нь нэмэгдэж байгаа учраас барааныхаа үнийг ахиулж буй худалдаачныг буруутгах учиргүй. Эцсийн бүлэгт валютын ханшийн өсөлт хэрэглэгчдийн халааснаас мөнгийг нь ийн “хулгайлж” байна. Нөгөө тээгүүр, ханшийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг дордуулж, амьжиргааг нь доош нь чангааж буй хэрэг юм.
Б.Наранцэцэгийн дурдсанчлан юанийн ханш хоёр сарын өмнө нь 460 төгрөгт хэлбэлзэж байсан. Тодруулбал, Монголбанкнаас зарласан албан ханшаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд юань 466 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл Төвбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр юань 512 төгрөгтэй дүйлээ. Юанийн ханш сар гаруйн хугацаанд 46 төгрөгөөр, ялангуяа шинэ он гарснаас хойш огцом өссөнийг БНХАУ хилээ нээсэнтэй холбон тайлбарлаж буй. Мэдээжийн хэрэг Хятад улс хилээ нээж, зочин хүлээж авах болсон нь юанийн эрэлтийг нэмэгдүүлэх нөхцөл болсон нь ойлгомжтой. Монголбанкнаас юанийн ханш чангарсан шалтгааныг олон улсын зах зээлийн нөхцөлтэй холбон, “АНУ-ын инфляцын өсөлт 2022 оны дунд үеэс тогтворжиж, улмаар инфляцын хүлээлт болон ам.долларын эрэлт буурсан. Нөгөө тээгүүр, БНХАУ-аас“Тэг ковид” бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн хяналт, хязгаарлалтуудыг 2022 оны арваннэгдүгээр сараас хойш өргөн хүрээнд сулруулсантай холбоотойгоор тус улсын эдийн засаг сэргэж байна. Ийнхүү олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарах дарамт буурсан. Мөн БНХАУ-ын дотоод эдийн засгийн нөхцөл байдлын улмаас юанийн ханш сулрах дарамт харьцангуй бага байна. Тиймээс сүүлийн саруудад ам.долларын эсрэг юанийн ханш чангарсан үзүүлэлттэй байгаа. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш алгуур суларч буй. Энэ үед юанийн ханш ам.долларын эсрэг чангарч, үнэтэй болж байгаа нь Монгол Улсын дотоодын зах зээлд БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш өсөх гол шалтгаан боллоо” гэж тайлбарлав. Товчхондоо, хорио цээрийн дэглэмээ сулруулснаар Хятадын эдийн засаг сэргэж байна. Үүнийг дагаад ам.долларын эсрэг юанийн ханш чангарав. Юанийн ханш “ногоон”-ы эсрэг дээшилж буй учраас төгрөгтэй харьцах нь мөн чангарсан гэж ойлгоход болно. Ам.доллар юаний ханшийн харьцаа хэрхэн өөрчлөгдөнө, түүнийг нь манай болон Хятадын мөнгөн тэмдэгт дагадаг зүйл тогтолтой билээ.
Энэ бол сүүлийн хоёрсард юанийн ханш төгрөгийн эсрэг хурдтай чангарсантай холбогдсон тайлбар. Юанийн ханш урт хугацаанд төгрөгийн эсрэг чангарсаар ирсэн. Өдгөөгөөс 10 жилийн өмнө Монголбанкнаас зарласан ханшаар юанийн ханш 223.5 төгрөгтэй тэнцэж байж. Түүнээс хойш хоёр дахин чангарчээ. Төвбанкнаас зарласан албан ханшаар Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш 2020 оны нэгдүгээрсарын 1-нд 392 төгрөгтэй тэнцэж байсан. Үүнээс хойш юанийн ханш төгрөгийн эсрэг 30 хувиар чангараад байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний төгрөгөөр илэрхийлэх үнэ 30 хувиар өссөн гэсэн үг.
Манай улс өнгөрсөн жил БНХАУ-аас гурван тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь нийт импортын 35.5 хувийг эзэлж, тэргүүн эгнээнд жагсав. Эндээс юань манай улсын гадаад худалдааны чухал валют гэдэг нь ойлгомжтой харагдана. Өнөөгийн ханшаар тооцвол өнгөрсөн жил өмнөд хөршөөс 20.1 тэрбум юанийн бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнийг төгрөгрүү хөрвүүлбэл 10.2 их наяд болно. Энэ мөнгөний 30 хувь нь гурван их наяд төгрөгтэй дүйнэ. Хэрэв юанийн ханшийг 2020 оны түвшинд, өөрөөр хэлбэл 400-гаас доош төгрөгт байлгаж чадсан бол Хятадаас импортлох бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байж, иргэдийн халаасанд гурван их наяд төгрөг үлдэх байжээ. Өнгөрсөн гурван жилд юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалж, инфляц дээшилж, иргэдийн халааснаас гурван их наяд төгрөгийг салхинд хийлгэсэн хэрэг. Тэгэхээр валютын ханшийг тогтвортой байлгах шаардлагатай юу, төгрөгийнхийг чангаруулах хэрэгтэй юү гэх мэт учир шалтгааныг тодруулах асуулт ургана.
Валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Ханш тогтвортой байвал бизнесменүүд зөв төлөвлөлт хийж, ашиг орлогоо бодитоор нэмэгдүүлж чаддаг гэдэг. Төгрөгийн ханшийг бусад валютын эсрэг чангаруулах шаардлагатай юу, эсвэл сулруулах нь зөв үү гэдэг асуудал онолын маргаан дагуулдаг. Олон эдийн засагч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сул байх нь дотоодод үйлдвэрлэл хөгжүүлэх сэдлийг төрүүлдэг. Тиймээс төгрөгийн ханш ам.доллар, юань зэрэг манай улсын гадаад худалдааны голлох валютын эсрэг сул байх шаардлагатай гэдэг. Өмнөд Солонгос дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд воны ханшийг зохиомлоор сулруулж байсан түүхтэй. Вьетнам чийм бодлого баримталдаг. Хүн ам олонтой, өөрөөр хэлбэл, зах зээл томтой улс орнуудад дээрх бодлого үр дүнгээ өгчээ. Харин манайх шиг цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй улсад ийм бодлого тохирохгүй бололтой. Малгай үйлдвэрлэлээ гэж бодъё. Манайхан ан амьтны арьс, малын ноолуур, хөөврөөр үндэсний өв, уламжлалыг шингээсэн малгай үйлдвэрлэж болно. Харин барууны загвартай даавуу болон нийлэг материалаар малгай үйлдвэрлэж, бусадтай өрсөлдөх боломж одоохондоо байхгүй. Тэгэхээр бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүйн тулд валютын ханшийг аль болох тогтвортой байлгах нь зөв болов уу.
Валютын ханшийг тогтвортой байлгах хамгийн эхний алхам нь төлбөрийн тэнцлээ ашигтай гаргах бодлого баримтлах юм. Үүний тулд экспортын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Валют их хэмжээгээр гадагш нь урсгадаг импортоо орлуулах шаардлагатай. Дотооддоо шатахуунаа үйлдвэрлэж, эрчим хүчээ өөрсдөө хангадаг болчихвол төлбөрийн тэнцэл сайжирч, ханшийн өсөлтийн дарамт хөнгөрөх дүр зураг харагддаг.