Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-ынхан сурагчдын амралтаар спорт заалыг үнэ төлбөргүй болгох саналыг Биеийн тамир, спортын газар болон Боловсрол, соёл урлагийн газартаа хүргүүлжээ. Ингэснээр сурагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт суралцах боломжтой гэж үзсэн байна. Хичээл, сургалтын үйл ажиллагаа зогссон, тэмцээн, уралдаангүй үед ихэнх заал цоожтой, мөн өндөр төлбөртэй байдаг нь хүүхэд, залуусыг спортоор тууштай хичээллэхэд саад болдог гэнэ. Иймд Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх спорт заалыг сурагчдын амралтын турш нээлттэй, үнэ төлбөргүй байлгах санаачилга гаргажээ. Мөн бусад сумыг энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг сургалт, тэмцээнд хамруулах нэрийдлээр ажлаар дарахгүй “чанартай” амраах уриалгыг тус аймгийн ЗДТГ-аас гаргажээ.
Бэлтгэсэн И.Мишээл