-Компанийнхаа талаар танилцуулна уу. БНСУ-ын зах зээлд танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани хэр олон байдаг вэ. Тэдгээрээс танай байгууллагын ялгарах давуу тал юу вэ?
-Манай компани Өмнөд Солонгост амьдарч буй монголчуудад бүх төрлийн дугаар, шинэ, хуучин гар утас зээлээр олгох болон худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ийм үйл ажиллагаа явуулдаг газар БНСУ-д олон бий. Зарим компани харилцагчийнхаа бичиг баримтыг авч, өөр хүний нэр дээр дугаар олгох зэргээр ашигладаг. Харин манайх хуулийн дагуу, найдвартай гэж хэлж болно. БНСУ-д амьдардаг монголчуудын сайн мэдэх “Монгол таун”-д үйл ажиллагаа явуулдаг учраас ямар нэгэн асуудал үүсэхэд буцаад хандах “хаягтай” гэсэн үг юм. Мөн харилцагчийн бичиг баримтыг өөр зүйлд ашиглахгүй. Түүнчлэн монгол хэлээрээ, ямар нэгэн ойлголтын зөрүүгүй үйлчилгээ авах боломжтой. Тухайлбал, хүмүүс солонгос компаниас утас зээлээр авахдаа ойлголцолд хүрээгүйн улмаас хүү өндөр, ашиггүй гэрээ байгуулах нь элбэг. Тиймээс монгол хэлээрээ үйлчилгээ үзүүлдэг нь манай давуу тал. Түүнчлэн бид татвараа төлж, тайлангаа гарган, ямар нэгэн зөрчилгүйгээр хууль ёсны дагуу бизнесээ эрхэлдэг. Тиймдээ ч ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаас илүү найдвартай, эргэх холбоотой ажилладаг.
-Өмнөд Солонгост 40 гаруй мянган монгол иргэн амьдардаг гэсэн тоо бий. Тэр бүх хүн танай компаниас үйлчилгээ авах боломжтой юу?
-Тийм ээ. Бид визийн хугацаа хэтэрсэн хүмүүст ч дугаар олгодог. Мөн хуучин утас авах, цаашлаад аяллаар ирсэн хүнд яриа, дата хязгааргүй дугаар санал болгодог зэргээр энд амьдарч, аялж буй бүх хүн манайхаас үйлчилгээ авах боломж нээлттэй.
-Энэхүү бизнесийн санаагаа хэрхэн олж байв?
-Би БНСУ-д аялал жуулчлал, маркетингийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ болон бусад олон салбарт ажиллаж үзсэн. Сонирхолтой нь, оюутан байхдаа яг манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг солонгос компанид ажилладаг байлаа. Мөн Монгол руу жуулчид явуулдаг аялал жуулчлалын компанитай байсан ч цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ингээд бүх зүйлийн тохирол нь бүрдсэн гэдэг шиг оюутан байхдаа хийж байсан, олон жил бодсон бизнесээ эхлүүлэхээр болсон.
-Та Монгол болон БНСУ-д бизнес эрхэлж байжээ. БНСУ-ын бизнесийн орчныг хэрхэн тодорхойлох бол?
-Бизнес эрхлэхэд таатай, ямар нэгэн дарамтгүй, хэн ч байсан хөдөлмөрлөж чадвал үр шимээ хүртэх боломжтой гэж хардаг. Мөн үйлчилгээний салбар өндөр хөгжсөн. Энд ирээд сурсан олон зүйлийн нэг нь хэрэглэгчтэй зөв харилцах. Хүмүүст бүтээгдэхүүнээ санал болгохоос илүүтэй сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал юм. Сурсан зүйлээ мөн өөрийн компанидаа ашиглахыг зорьдог.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал