Консерваторын дуулаачийн тэнхимийн уртын дууны ангийн хоёрдугаар курст орох Б.Ариунбатыг ярилцлагад урьсан юм. Өнгөрсөн тавдугаар сард хойд хөршийн нийслэлд болсон тус улсын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдааны ардын дууны төрөлд тэрбээр тэргүүлсэн. Дууны урлаг өндөр хөгжсөн оронд Монголын зүүн хойд хязгаараас нийслэлд сурахаар ирээд удаагүй хөвгүүн түрүүлсэн гэхээр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан буриад дуунуудаараа гадаадынхны ч, ард түмнийхээ ч сэтгэлийг хэрхэн татдаг байсан нь санаанд орох ч шиг болсон. Тэгтэл оюутан залуу хичээлээ тармагц сумынхаа наадамд морь уях ажилдаа яараад нутаг руугаа явчихсан. Түр хугацаагаар нийслэлд ирээд байхад нь түүнтэй ярилцлаа.
-Морь хурдан уу?
-Ерөөлөөр болог, хурдан, хурдан. Уяаны ажлаа орхиж хотод ирээд арваад хоночихлоо. Өнөө орой (өчигдөр) буцахаар яарч байна. Энэ сард Агад болох “Алтаргана” наадамд дуулах шинэ дуу студид бичүүлэхээр ирсэн юм.
-Ямар дуу вэ?
-“Алтаргана наадам” гээд, үгийг нь дээхнэ үед Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Балдандорж баавай зохиож, аяыг нь манай сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү зохиосон дуу. Хэнтий аймгийн Биндэр сумын Дангина гэдэг эгчтэй хамтарч анхлан дуулах гэж байгаа юм.
-Та адуутай юу. Хурдны морины сургаар ингэж асуулаа.
-Үгүй ээ, ганц, хоёр л морьтой. Аавдаа тусалж байгаа юм. Өвөөгийнхөө бэлэглэсэн морийг их насанд анх удаа давхиулж үзэх гэж байна. Миний өвөө өнгөрсөн онд насан өөд болсон. Зүсэлж өгсөн морийг нь наадамд уяж байна аа.
-Та буриад аялгаараа сайхан ярьдаг юм байна. Дорнод аймгийн Дашбалбар сумынхан ер нь иймэрхүү, угсаа гарвалаа гэдэг хүмүүс байдгийг анзаарсан. Хэл яриа, дуулах манерын онцлог хэрэг болж байгаа даа?
-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс “Одоо ингэж унаган хэл, яриагаараа харилцдаг хүн цөөрлөө. Чи харин ёстой соёлын өв тээгч байна даа” гэдэг юм.
-Дуулах ур зүйн хичээлүүд нэг л жил заалгасан хэрнээ Орост очиж, томоохон уралдаанд түрүүлснийг бодоход авьяастай юм. Удмынх уу?
-Хоёр эмээ минь их гоё дуулдаг. Нагац ижий минь дээр үеийн буриад ардын дууны үг, ая, бас оньсого сайн мэддэг, цуглуулдаг. Би дууг нь сонирхдог болохоос биш, оньсгыг нь нэг их тоохгүй байсан юм. Буруу юм шиг байна. Одоо очихдоо бичиж авна гэж бодож байгаа. Хөгшин ижий бас сайхан дуулна аа. Манай хоёр эмээгийн нэг 82, нөгөөх нь 77 настай буурлууд.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Цэцэрлэгийн багш Г.Бадамхорлоо “Танай хоёр эмээ маш сайхан дуулдаг. Чи чадах ёстой” гээд анх удаа дуулуулсан юм. Дараахан нь дууны нэгэн уралдаанд оролцуулахад нь дээгүүр байр эзэлсэн. Удалгүй сургуульд орсон, урлагийн үзлэгт дайчлагдаж эхэлсэн. 2015 онд манай сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Цэцэгмаа багш Баян-Уулын уугуул, Д.Дашням гавьяатын нэрэмжит, хоёр жилд нэг удаа болдог “Алтан намар” дууны уралдаанд өрсөлдөхийг санал болгосон юм. Багш түүгээр далимдуулж Улаан-Үдэд ОХУ-ын Ардын жүжигчин М.Г.Ёлбоновын нэрэмжит “Идэр Будамшуу” дууны наадам, уралдаанд оролцох хүүхэд шалгаруулах зорилготой байсан юм билээ. Тэгтэл би тэнд амжилт гаргаад, Улаан-Үд явах урилгаар шагнуулсан. Тэр жил бол Улаан-Үдэд гуравдугаар байр эзэлсэн юм. Түрүүн ярьсан даа, 2016 онд гран при хүртсэнээс хойш хэдэн жил дараалан очиж шагналтнуудын нэгдсэн тоглолтод дуулсан гэж. Ер нь эндээс урлагийн замд орох гараа эхэлсэн гэж боддог. Түүнээс хойш Хүүхдийн ордны, Өсвөр насны дуулаачдын, Ким Базарсадаевын нэрэмжит гээд уралдаануудад дээгүүр байр эзэлж ирсэн. Ким Базарсадаевынхад оролцох гэж Дорнодын Чулуунхороот дахь Соловьевск боомтоор гараад 400 гаруйхан км яваад Агад очиж байлаа. Одоо тэнд “Алтаргана” наадамд дуулах болоод байна. Тийшээ явах амархан. Чойбалсангаас Улаанбаатар хүрэхээс ойр шүү дээ.
-Танай сургуулийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ч.Чинзориг багш “Би энэ хүүг дуулаачаар сур гэсэн юм” хэмээсэн.
-Тийм ээ, Ч.Чинзориг багш бид хоёр нэг нутгийн хүүхдүүд. Би ах гэдэг. Дашбалбар сумын Чух багийнхан л даа. Ах 2019 онд холбогдоод “Чух нуурынхаа тухай дуутай болъё, чи дуул” гэсэн. Өмнө нь болсон нэг явдлын талаар ярья. Тухайн оны долдугаар сарын 1-8-нд Монголын хүүхдүүдийн урлагийн IV их наадам нийслэлд болсон юм. Бүх аймгаас 400 гаруй хүүхэд цуглуулж, БХИС-д байрлуулаад бэлтгүүлсэн. Сонсогчийн батальонд найм хоногийн турш хагас цэрэгжилтийн байдалтай байлаа шүү дээ. Наадмын концертын ерөнхий найруулагч нь С.Сүхбаатар гуай. Би ганцаараа буриад. Ёстой усан буриад байлаа. Найруулагч “Энд ганц буриад байх ёстой, тэр хүүхэд хаана байна, гараад ир, гоцолж дуулна” гэж зандраад л, сүртэй байсан. Тэгэхэд Хүүхдийн ордны Б.Энхтуяа багш маань намайг бэлдүүлсэн. Уралдаанд хоёрдугаар байр эзэлж байв. Үүний дараа Ч.Чинзориг ах “Чух нуурын тухай дууг чи л дуулах юм байна” гэсэн. Удалгүй ах Консерваторын дуулаачийн тэнхимээс зохион байгуулдаг “Алтан тайз руу” уралдаанд шаардан байж оролцуулахад нь III байр эзэлж, тус сургуульд элсэх урилга өгсөн. Ингэж уртын дууны ангийн оюутан, Б.Батмэнд багшийнхаа шавь нь болсон.
-Яагаад уртын дууны ангийг сонгосон юм бэ?
-Ч.Чинзориг ах “Энэ төрөл чамд зохино” гэсэн.
-Гавьяат жүжигчин Б.Батмэнд багшаасаа их эрдэм сурч байна уу?
-Сурч байна аа. Дуулах гэдэг бол ерөөсөө амьсгаатайгаа ажиллах арга барилд суралцах гэсэн үг юм билээ. Хаана нь татаж, аль хэсэгт түрэх хуваарилалтыг сайн хийвэл болох юм шиг. Гэхдээ мэдээж заалгаж амжаагүй мэдлэг их бий байх л даа. Дөнгөж нэгдүгээр курс төгссөн хүн юу ярих вэ. Гэхдээ би уртын дуугаа халх хүүхдүүдийг бодвол арай удаан сураад байгаа.
-Юу дутагдаад байна?
-Мэдэхгүй. Шалгалтын үеэр Ардын жүжигчин А.Бүтэд, Гавьяат жүжигчин Д.Долгормаа багш нар сонсоод “Чиний судсаар буриадын цус гүйж байгаа шүү дээ” гэж хэлсэн.
-Тэгэхээр уртын дуу сайн сурахгүй гэсэн үг үү?
-Арга барилыг нь заалгаж байгаа болохоор сурах байх л даа. Яах вэ, багш нар буриад дуугаа дуулж байгаарай гэж захих гэсэн байх.
-ОХУ-д И.Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанд явсан тухайгаа сонирхуулж яриач.
-Бид тийшээ гэнэт явсан. Уралдаан эхлэхэд дөрөв хоног дутуу байхад манай сургуулийн, бидэнд тайзны ярианы хичээл заадаг багш Б.Сүхээ амьсгаа өндөртэй ирж, уралдаанд оюутнуудаасаа явуулаач гэж манай мэргэжлийн багшид хэлсэн юм.
Багш ангийнхандаа мэдээлэл өгч, явах хүүхэд байгаа, эсэхийг асуухад “Хугацаа нь тулчихсан юм байна. Бэлтгэж амжихгүй” гэсэн л дээ. Тэгэхэд Б.Батмэнд багш надад “Чи яв. Газар үзэж, нүд тайлаад ир” гэв. Тэгэхээр нь аав, ээждээ хэлэхэд тэд маань бас дэмжээд мөнгө явуулсан. Филармонийн дуучин Б.Дэлгэрбаяр ах, Орхон аймгийн чуулгын Н.Нямсүрэн эгч, түүний хүү гээд долуул Оросын Соёл, шинжлэх ухааны төвд ажилладаг Цэцэгдэлгэр эгчийн удирдлагад явцгаасан даа. Хотоос шөнө гараад, Улаан-Үдээс Москва руу ниссэн. Би гэдэг хүн ямар хөгжимчинтэй дуулахаа ч тооцоолсон юмгүй гараад өгсөн. Хэнтийн чуулгад ажилладаг байсан, одоо П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчоор сурдаг Энхбаяр ахад “Очих нь байна, туслаарай” гэж хэлснээс цаашгүй. Очиход Энхбаяр ах, бас хөгжмийн зохиолчоор сурдаг Мөнхбаяр, Гнесиний академийн оюутан Жаргалсайхан ах гээд хүмүүс бүх талаар тусалснаар бүгд уралдаандаа оролцож, Б.Дэлгэрбаяр ах гран при шагнал ч авсан. Энэ хүмүүст болон надад итгэж тийш нь илгээсэн багш, сургуулийн удирдлагадаа их баярлаж байгаа. Жаргалсайхан ах морин хуур тоглож өгөөгүй бол би яаж дуулах байсан юм бол. Одоо бодоход ихээхэн түүхий нөхөр явж очсон байгаа юм. Багш “Яв, газар үз, нүд тайл” гэсэн болохоор ерөөсөө тэгье л гэж бодсон юм шиг (инээв).
-Ямар дуу дуулж ангилалдаа түрүүлсэн бэ?
-Энхбаяр ахын зөвлөснөөр Монгол ардын уртын дуу “Цомбон туурайтай хүрэн”, буриад ардын дуу гэдэг “Нэгдэлдээ хөдөлнө”-ийг сонгосон.
-Шүүгчид хэрхэн үнэлж, дүгнэв?
-Аль аль нь аялгуу сайтай, гоё дуу байна гэсэн. Шагналтнуудын нэгдсэн тоглолтод намайг оролцуулж, буриад дуу дуулуулсан. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Г.Барсболд гэж басс баритон хоолойт дуучин сонгодог дууны төрөлд нэг, харин эстрадын ангилалд II байр эзэлсэн. Манайхан ер нь их сайн байлаа. ОХУ дахь манай улсын ЭСЯ-ныхан очиж үзсэн, баяр хүргэсэн. Бас нэгэн дурсамжтай явдал болсон нь Ю.Цэдэнбал гуайн хүү Ц.Зориг биднийг гэртээ хүлээж авч уулзсан юм. Тэднийд Монголынхоо тухай харилцан ярилцаж, нэгэн оройг сайхан өнгөрүүлсэн.
-“Залуу байхад галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байдаг” гэсэн үг бий байх аа. Таны уралдаанд орно гээд “харанхуй”-гаар гараад туучихсаныг сонсоход санаанд орлоо.
-Ёстой л тийм юм болсон.