Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан, гаднын иргэнтэй харилцаа тогтоож, түүндээ дурлаж, суух дээрээ тулсан монгол эмэгтэйчүүдийн хүн итгэхийн аргагүй гомдлууд цагдаагийн байгууллагад ирэх нь ихэсжээ. Олон улсад үүнийг ROMANCE SCAMбуюу дурлалын гэмт хэрэг гэж нэрлэдэг. Эл гэмт хэргийг үйлдэгч нь хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхидан хохироодог аж. Бүр тодорхой хэлбэл, цахимаар танилцаж, хайртай дуртай болсон, улмаар танай нутагт очиж үл хөдлөх хөрөнгө худалдан авч хамтдаа амьдарна, би хөрөнгө оруулалтын олон улсын компанитай, чамд байгаа мөнгийг өсгөж, нугалж ашиг хүртээнэ гэх зэргээр олон улсын гүйлгээгээр валют шилжүүлэн авдаг хэрэг эрс нэмэгджээ. Энэ төрлийн хэрэг Монголд хэд хэд бүртгэгдсэн байна. Тодорхой хэлбэл, саяхан 45-55 насны гурван эмэгтэй эл дурлалын гэмт хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болоод мөнгө санхүүгээрээ хохирсон гэнэ.
Тухайн эмэгтэйчүүд нэр, хаяг нь, бүр аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй иргэдтэй харилцаж, цахим хайр дурлалын улмаас гадагшаа мөнгө шилжүүлж, хохирсон хохирлын хэмжээ 147 800 ам.доллар, Монгол мөнгөөр 443 сая 400 мянган төгрөг болсон байна. Эдгээр эмэгтэйчүүд бүгд гадны залилангийн нарын хохирогч болсон нь тогтоогдсон бөгөөд гадагшаа шилжүүлсэн олон улсын гүйлгээ бүхий мөнгө нь эргэж олдохгүй замхардаг болохыг хуулийнхан хэлж байна.
Мөн Монгол улсын иргэн Д.О гэгч эмэгтэй Aliso Camelove гэж хаягтай хүнтэй фэйсбүүкээр танилцан, харилцаж, чаталсаар хайр сэтгэлийн холбоо тогтоож, олон улсын мөнгөн гуйвуулгаар Голомт банкаар дамжуулан 18 удаагийн үйлдлээр 77 мянган доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарч байжээ. Aliso Camelove гэгч нь иргэн О-д өөрийгөө АНУ-ын иргэн, хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 77 мянган доллар авсан аж. Эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад хандсан ч цагдаагийн байгууллага Турк дэх АНУ-ын Консулын газраар дамжуулан хайлт хийлгэхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэсэн хариу ирсэн байгаа юм.
Яг үүнтэй адилхан байдлаар Mickeal гэх хаягтай, өөрийгөө малын эмч гэж танилцуулан Турк улсад шувууны ханиад эмчилж байгаа гэх хүнд манай улсын иргэн С 33 500 ам.доллар, мөн George Henson гэдэг хаягтай, Австралид амьдардаг, Австралид ирэх урилга, илгээмж явуулна гэсэн хүнд хоёр удаагийн үйлдлээр 37 мянган доллар шилжүүлжээ.
ROMANCE SCAM гэмт хэрэгтний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулъя гэх мэтээр их хэмжээний ашиг амлаж, энэ бүхнийг хийхийн тулд шимтгэл төлөх хэрэгтэй гэж итгүүлэн олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг. Ингээд зогсохгүй данс болон интернэт банкийг нь ашиглаж олсон мөнгөө данс руу нь шилжүүлэн, гадаад улсын өөр данс руу шилжүүлүүлж авах замаар залилангийн хэргээ үйлдэж байна.
ROMANCE SCAM залилангаар Монгол Улсын долоон иргэн Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, Индонез улс дахь дансруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэрэг гарч байсан удаатай. Нигерийн бүлэглэл гэдэг шиг яг ийм гадны олон орны бүлэг этгээдүүд Монгол улсыг онилон, зорилтот ажил болгож, судалгаа хийж, маш нарийн төлөвлөгөөтэйгээр ROMANCE SCAM залиланг үйлддэг.
Монголчууд шиг технологийн мэдлэг муутай улс орны иргэд рүү зохион байгуулалтад орсон албан байгууллага шиг үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүд тогтмол цагаар ажилладаг аж. Ихэвчлэн Америк иргэдийн бүртгэлгүй нэрээр фэйсбүүк, инстаргам, твитерт бизнес эрхэлдэг ганц бие эмэгтэйчүүд, тэтгэврийн насны хүмүүсийг нарийвчлан судалж хайр дурлалын романс үүсгэдэг. Тэд гэмт үйлдлээ гадаад орноос хийдэг, ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай.
Цагдаагийн байгууллага залилангийн гэмт хэргийг 60 орчим хувьтай илрүүлдэг боловч нэгэнт гадны улс орон руу шилжүүлгээр гарсан мөнгө эргэн олдох боломжгүй байдаг аж.