Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Г.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг 1984 онд инженер, механик мэргэжлээр төгссөн цагаасаа хойш ХААИС-д ажиллаж буй. 1994-1998 онд Польш улсад эрдмийн зэрэг хамгаалжээ.
-Манай орон хөдөө аж ахуйн салбартаа инновац нэвтрүүлж чадаж байна уу. Инновац нэвтрүүлэхэд ХААИС-ийн оролцоо хэр байгаа бол?
-Инновац гэдэг бол шинэ ойлголт биш. Хэзээнээсээ бид хэрэглэж, нэвтрүүлээд ирсэн ухагдахуун. Энэ нь аливаа ажил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд шинэ санаа, оновчтой шийдэл, улмаар технологийн дэвшлийг ашиглах, хөдөлмөр хөнгөвчлөх, зардал хэмнэх тухай л ойлголт. Өөрөөр хэлбэл, манай салбарын хувьд хөрсний үржил шим, байгалийн нөөцийг олон жил хүртэх, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь инновац.
ХААИС-ийн багш, судлаачид, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхний шинэ бүтээл, судалгааны ажлын үр дүнд улсын хэмжээнд үр тарианы 20, төмсний 15, хүнсний ногооны 60, жимс, жимсгэнийн 50, бусад ургамлын 40 гаруй сорт шинээр бий болгож, нутагшуулсан. Эдгээрийг гарган авч, нутагшуулахын зэрэгцээ хөрсөө хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, усалгаатай тариалан эрхлэх зэрэг агротехнологийн зөвлөмж, гарын авлага олныг боловсруулж, түгээсэн байна. Монгол бол хуурай, цөлөрхөг уур амьсгалтай. Тиймээс ганд тэсвэртэй сорт нутагшуулах нь хамгийн чухал. Тэгвэл манай эрдэмтдийн гаргасан, ганд тэсвэртэй чанараараа гойд гэж болох улаан буудайн “Дархан-144” сорт нь хамгийн их өгөөж өгч буй. Үүнээс гадна малыг эрүүлжүүлэхтэй холбоотойгоор цөөнгүй судалгаа хийн, вакцины олон арван технологи боловсруулсан. Тухайлбал, малд жилд хоёр удаа өндөр тунгаар хийдэг вакциныг халж, нэг удаагийн вакцин бүтээсэн. Мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн шүлхийн вакцины технологи боловсруулж баталгаажуулсан. Удахгүй Биокомбинатад технологио шилжүүлж, үйлдвэрлэхээр яригдаж буй. Химийн бус, эрдсийн гаралтай бордоог ч манай эрдэмтэд цөөнгүй жилийн өмнө гаргасан. Шингэн бордоо ч үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнийг улам төгөлдөржүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах асуудал л чухал. Хөдөө аж ахуйн салбарынхны, ялангуяа эрдэмтэд, багш нарын хийсэн ажил их.
-Зарим хүн эл салбарын хөгжлийг нэг га талбайгаас авах ургац, нэг малаас гарах түүхий эдийн хэмжээгээр тодорхойлох нь бий. Энэ талаар юу гэх вэ?
-Монгол орны хувьд байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж газар тариалангийн салбарт эрсдэл гарах магадлал өндөр. Шинжлэх ухааны үүднээс ч эрсдэл өндөртэй бүсэд хамаардаг. Тиймээс бид өөрсдийн онцлогт тохирсон арга технологиор газар тариалан эрхлэх нь чухал. Мөн дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүүтэй мэдрэгдэж байгаа. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт илэрхий ажиглагдаж байгаа 10 улсын наймдугаарт Монгол эрэмбэлэгдсэн. Тиймээс газар тариалангийн тогтвортой өсөлтийг ханган, эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэхэд уур амьсгалын өөрчлөлт, хөрсний чанартаа тохирсон технологи ашиглах шаардлагатай гэсэн үг. Дээр дурдсанаар ганд тэсвэртэй сортууд нутагшуулж, нэг га талбайгаас авах ургацын хэмжээг улам бүр ахиулж байна. Аж ахуйн нэгжүүд технологио боломжийн хэрээр сайжруулж, сайн туршлага нэвтрүүлж, үр дүнд хүрсээр буй.
Харин нэг малаас авах ашиг шим буурч байгаа нь үнэн. Уг нь малд шаардлагатай бүхий л тариа, тэжээл, маллагааны арга зүй бэлэн байдаг. Гэтэл малын тоо хэт өссөнөөс бэлчээр талхлагдаж, малдаа тавих анхаарал багассан зэрэг нь ашиг шим багасах нөхцөл болдог. Жишээ хэлэхэд, дээр үед малчид бэлчээрээ жилд дөрвөн удаа сэлгэн, малаа зүй зохистой адгуулж байж. Ингэснээр тухайн бэлчээр нутгийн бүх ургамал үндэстэйгээ талхлагдахаас сэргийлж, мал ч тарга тэвээрэг авч байгалийн тэнцвэрийг хадгалж ирсэн. Мөн сүргийн бүтэц зөв буюу нэг айлын мэдлийн бог, бодын тооны харьцаа хэт алдагдаагүй, ямаа дагнан малладаггүй нь хөрс, бэлчээрт хөнөөл бага учруулж байжээ.
-Малын тоо олон болсноос л бэлчээр сүйдэж буй гэж ойлгодог.
-Статистикаас харахад мал бүхий иргэд, малчид амьдарч буй газар нутаг улсын хэмжээнд бага. Өргөн уудам газар нутагтай учраас одоогийн байгаа 70 саяас олон мал адгуулах боломжтой.
-Малаа цөөрүүлээд фермийн аж ахуй хөгжүүлье гэж их ярих болсон.
-Тодорхой бүсэд фермийн аж ахуй хөгжүүлж болно. Хөгжүүлж буй олон аж ахуйн нэгж бий. Гэхдээ бүх малын тоог багасган, суурин маллагаатай болгох нь бүтэшгүй зүйл. Тэгвэл бид экологийн гаралтай, зөвхөн бэлчээрийн ургамлаар хооллодог малын түүхий эд хэрэглэдэг, бэлтгэн нийлүүлдэг байр сууриа алдана.
-Манай орны хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг бүхэлд нь хэрхэн үнэлэх бол?
-Бидэнд органик буюу эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэлийн салбарт хөгжих бүрэн боломж бий. Хүмүүс эрүүл, органик, зохицуулах үйлчилгээтэй хүнсэнд гар татахаа больсон. Тэгвэл экологийн гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх хөрс суурь нь манайд байна. Үүнд түшиглэн эрүүл хүнс нийлүүлэхийн тулд эхлээд ямар аргаар, ямар төхөөрөмжөөр, хэзээ, юуг тарих, ямар бодис ашиглахыг нарийн тооцох шаардлагатай. Хэзээ тариалалтаа эхлүүлсэн, ургацаа хэзээ хураасан гэдгээ ч нотлох хэрэгтэй. Технологио зөв мөрдөн, бүтээгдэхүүний гарал үүслээ тодорхойлж чадвал бид хөдөө аж ахуйн салбар, ялангуяа экологийн гаралтай хүнс үйлдвэрлэлийн чиглэлд жишиг болно. Үүний зэрэгцээ дэвшилт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэй. Хөрсний үржил шимийг зайнаас хянан, хаана ямар эрдэс, бордоо шаардлагатайг тодорхойлон, хариу арга хэмжээг цаг алдалгүй авч чадвал зардлаа хэмнэх юм.
-Хүнсний эрүүл ахуй алдагдсан гэж үзэх боллоо. Эл асуудал хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлтэй хэрхэн холбогдох бол?
-Хүнсний эрүүл ахуй гэдэг бол үндэсний аюулгүй байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт. Манайд химийн бордоо, эсвэл технологио буруу ашиглах зэргээр аль болох бага зардлаар их ургац авах сонирхол бий болсон. Хөдөө аж ахуйн зүй зохистой дадлыг нэвтрүүлж, хөрөнгө зарцуулж байж эрүүл хүнсний стандартыг хангана. Үүнд төр, засгаас сайтар анхаарч, урт хугацааны төлөвлөгөө гаргах нь зүйтэй. Аж ахуйн нэгж бүрийн талбайг хянан, ургамал бүрийг шинжилж чадахгүй ч эрүүл түүхий эд бэлтгэсэн тохиолдолд л урамшуулал олгох нь зөв. Хүнсний ногооны тонн тутамд урамшуулал олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Ногоочид талархан хүлээн авсан, ургацын хэмжээгээ ч өсгөх нь дамжиггүй. Гэтэл тэдгээрээс эрүүл, экологийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэсэн нэгнийг урамшуулах нь зүйтэй. Ингэж хэвшвэл экологийн гаралтай, эрүүл хүнсний хангамж сайжирч, газар тариалангийн салбарт том дэвшил болно.
-Хөдөө ахуйн салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зарцуулж буй төсөв хүрэлцдэг үү?
-Үүнд ДНБ-ийхээ хоёр хувийг зарцуулах тухай хуулийн заалт бий. Гэтэл өдгөө 0.02 хувьтай тэнцэхүйц төсөв хуваарилж байгаа нь маш хангалтгүй дүн. Төсвийн дийлэнхийг эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинд зориулдаг. Судалгаанд хангалттай мөнгө зарж чаддаггүй гэсэн үг. Гэхдээ төрөөс судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад итгэл хүлээлгэн, улс орны болон салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, шинэ мэдлэг, бүтээх, инновац бий болгох талаар аль болох хамтран ажиллахыг эрмэлздэгийг дурдах нь зүйтэй.
-Цаашид ХААИС хэрхэн хөгжих вэ. Судалгааны их сургууль болох зорилтоо хэзээ биелүүлэх вэ?
-Дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь үйлдвэрлэл, нөөцөд тулгуурласан эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжиж байгаатай уялдан шинжлэх ухаан, шинэ мэдлэг, түүнчлэн ур чадвартай мэргэжилтний хэрэгцээ урьд өмнөхөөс илүү нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор их сургуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр ач холбогдол өгөх шаардлага үүссээр байна. ХААИС хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн чиглэлээр шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг хослуулсан бүс нутгийн тэргүүлэгч байх стратегийн зорилттой. Багш нарын маань талаас илүү нь эрдмийн зэрэг цолтой, эрдэм шинжилгээний ажил нь дэлхийд үнэлэгдэн, арга туршлага болохын зэрэгцээ лаборатори, тоног төхөөрөмжөө улам сайжруулсан. Тиймээс старатегийн зорилтоо биелүүлж байгаа гэж хэлнэ.
-Хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг бүх талаар нь хөгжүүлэхэд цаашид юуг анхаарах ёстой бол?
-Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан нь Монгол Улс биеэ даасан, тусгаар орон байх, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад чухал үүрэгтэй гэж болно. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол онцлог бол байгалийн, биологийн нөөцийг зохистой, шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах асуудал юм. Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбумд хүрэх бол манай иргэд таван саяд хүрэх тооцоо бий. Хүн ам хурдацтай өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээг хэрхэн хангах асуудал хаана хаанаа хөндөгдөж буй. Байгалийн баялаг шавхагдах учраас одоогийн нөөцийг хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой ашиглах, тогтвортой хөгжүүлэх вэ гэдэг чухал. Дээр дурдсанчлан, хөрснөөс аль болох их ургац бага зардлаар авахыг хичээн, сүргийн бүтцэд санаа тавихгүйгээр маллагааны уламжлалт аргаас улам бүр татгалзаад байвал хүнс үйлдвэрлэлийн салбарт тэр хэрээр бэрхшээл үүснэ. Уламжлалыг орчин үеийн арга зүйтэй хослуулахад анхаарах хэрэгтэй гэсэн үг.
-ХААИС-ийн зарим салбарыг орон нутагт байгуулъя гэж байна. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-ХААИС-ийн салбар сургууль Дархан-Уул аймагт бий. Гэтэл жилээс жилд элсэгчийн тоо буурах болсон. Залуус орон нутагт суралцах сонирхолгүй байна. Энэ нь тэнд нийгэм, соёлын үйлчилгээ тааруу байгаатай холбоотой. Орон нутагт залуусын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц орчин бүрдүүлэхгүйгээр сургууль нүүлгээд ашиг гарахгүй. Багш нар, тоног төхөөрөмж, эд хэрэгслийг аваачиж болно. Гэтэл оюутнууд байхгүй бол хэрхэх билээ. Сургууль нүүлгэх нь хот төлөвлөлттэй холбоотой асуудал.