Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход орчны олон саадтай тулгардаг. Гэрээс гарахаас эхлээд нийтийн тээврээр үйлчлүүлэх, албан байгууллагуудаар орж, гарах зэрэгт өч төчнөөн бэрхшээлтэй таарна. Тиймээс тэдний олонх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрдэг. Тэгвэл аливаа саадыг даван туулж, ажил хөдөлмөр эрхэлж, өөртэйгөө адил хүмүүст гүүр, гарц болж яваа, “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ-ын гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Өлзийбаяр, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав нарыг “Өнөөдөр” сонин ажлын байрны тохируулгыг хэрхэн хийх талаарх хэлэлцүүлэгт урив. “Монгол ньюс” компанийн ерөнхий менежер Б.Баярмагнай уулзалтыг хөтлөн, өөрийн байгууллагаар жишээ болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны тохируулгын үнэлгээ хийлгэн, зөвлөгөө авлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн яриа байгууллагын авто зогсоолд машинаа нэвтрүүлэхээс эхлэн өрнөв. Тодруулбал, Б.Өлзийбаяр машинаа байршуулж, буухаас эхлээд орчны саадтай тулгарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ажил олгогч тухайн хүнийхээ онцлогт нийцүүлэн тохируулга хийх ёстой. Өөрөөр хэлбэл, сонсгол, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст тулгардаг орчны саад өөр өөр гэдгийг онцлоод, байгууллагын гол хаалга руу зүглэсэн тэрбээр гурван шат бүхий үүд хэсгийн босгыг давахын тулд бусдаас тусламж авах шаардлагатай болсон юм. Учир нь тэр хэсэгт тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам байхгүй. Ингэж явсаар дөрөвдүгээр давхарт байрлах Б.Баярмагнай даргын өрөөнд орлоо.
-Хүрэлцэн ирсэн зочдодоо талархал илэрхийлье. Бид тэргэнцэртэй иргэнийг ажиллуулах боллоо гэж бодоход энэ өрөө хүртэл олон янзын саад байгааг сая хамтдаа явж мэдэрлээ. Ер нь байгууллагуудын дотоод орчинд түлхүү тулгардаг саад нь юу вэ?
Б.Ө: -Миний хувьд тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ тал дээр ажлын байрыг хэрхэн тохируулах вэ гэдгийг олон улсын жишигт тулгуурлан ярья. Учир нь энэ талаар Монгол Улсын Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дөнгөж одоо л оруулах гэж байгаа. Мөн хүртээмжтэй орчин бий болгоход чиглэсэн хууль батлах гэж байна. Энэ талаар Б.Нарангарав дарга илүү дэлгэрэнгүй тайлбарлах байх. Тэгэхээр сая байгууллагын хашаанд автомашинаа байрлуулаад, буухаас эхлээд би 1-2 хүний тусламж авах шаардлагатай болсон. Тэргэнцэртэй хүнд зориулсан тэмдэглэгээ бүхий зогсоолгүй учраас тэр. Тийм зогсоолын хэсэг бий болговол машин хоорондын зай нь 1.5 метр байх учиртай. Дараагийн саад нь зориулалтын налуу замгүй учраас шатаар гарахад мөн л бусдаас тусламж авахад хүрлээ. Танай байгууллагын хаалга хоёр хавтастай ч нэг нь барагцаагаар 60 см өргөн юм байна. Тэгэхээр хоёуланг нь нээхгүй бол тэргэнцэртэй хүн нэвтрэх боломжгүй. Олон улсын стандартын дагуу бол нийт хаалганы өргөн багадаа 86 см байх ёстой. Үүнээс гадна хаалганы бариулыг 70- 80 см өндөрт хийжээ. Энэ хэмжээ боломжийнх. Үүнээс өндөрт байвал тэргэнцэртэй болон одой хүмүүс хүрэхгүй. Хаалганы хувьд өөр нэг чухал асуудал нь онгойлтын хүч. Энэ нь гурваас дээш кг ачаалалтай бол хөгжлийн бэрхшээлтэй хүн татаж дийлэхгүй. Онгойлгох гэж маш их хүчлэх нь. Тэгэхээр хаалганы татуургыг суллах шаардлагатай. Гадаа хаалганы босго харин боломжийн буюу хоёр см хэртэй байсан. Олон улсын стандартад 2.5 хүртэл см байхыг нийцтэй гэж үздэг. Дотогш нэвтрээд эргэх зай талбай болон шалны гадаргуугийн хувьд танайх боломжийн уужим, тэгш байсан бол угтах үйлчилгээний тавцан хэт өндөр байлаа. Тэргэнцэртэй хүний нүүр шууд харагдаж байх хэмжээ нь 70-80 см. Өндөр тавцанг буулгах боломжгүй тохиолдолд заасан хэмжээнд цонх гаргаж болох юм.
Цахилгаан шатны хувьд хаалга нь 86-гаас дээш см өргөн байх ёстой, товчлуурт нь одой болон тэргэнцэртэй хүн хүрэхээргүй өндөр юм. Ер нь гадна болон доторх товчлуур, бариулыг 70-80 см өндөрт байрлуулахаас гадна харааны бэрхшээлтэй хүнд зориулан брайл тэмдэглэгээ хийх ёстой. Мөн хаалганы эсрэг талд толь байрлуулснаар тэргэнцэртэй иргэн ард нь хүн байгаа, эсэхийг харж, саадгүй эргэнэ гэж үздэг. Цахилгаан шатны доторх талбай аль ч тал руугаа 1.5 хүртэл метр байна. Энэ байшингийн давхруудад харааны бэрхшээлтэй хүнд зориулсан ханын бариул хийсэн нь сайн. Гэхдээ шатнуудын хэсэгт заах тэмдэг бүхий хэвлэмэл, гэрэлтдэг брайл тэмдэглэгээ, мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан дуут дохио байх ёстойг стандартад заадаг. Дөрөвдүгээр давхрын коридорын зорчих хэсгийн шалны тэгш хэм алдагдсан буюу ойролцоогоор 7-8 см доголтой байсан. Үүнийг давахад тэргэнцэртэй хүнээс нэлээд хүч шаардана. Танай ариун цэврийн өрөөний унтраалгад тэргэнцэртэй байтугай намхан хүн хүрэхээргүй өндөр юм. Угаалтуур ч өндөр байна. Толины хувьд тэргэнцэртэй иргэдэд зориулж хоёр градус тонгойлгож байрлуулах ёстой.
-Сүүлийн үед барилгуудыг налуу замтай болгох зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр багагүй ажил хийж байна. Манай энэ барилгыг 2004 онд барьсан учраас энэ тал дээр учир дутагдалтай зүйл цөөнгүй бий. Цахилгаан шатны хаалгаар тэргэнцэртэй хүн орж, гарахад хүндрэлтэйг харлаа. Ингэж газар дээр нь зөвлөгөө авах нь олон зүйлийг шууд мэдрэх давуу талтай юм байна. Хаалганы өргөн 86 см-ээс өргөн байх, унтраалга, бариул, товчлуур, угаалтуурын өндөр 70 см-ээс хэтэрвэл стандарт бус, босгоны өндөр 2.5 см байвал нийцтэй гэхчлэн олон зүйлийг мэдэж, ойлголоо. Тэгвэл суултуурын стандарт ямар байх ёстой вэ?
Б.Ө: -Ариун цэврийн өрөөний суултуурын хувьд тусад нь байлгах боломжгүй тохиолдолд хананд сөхөгддөг, сөхөгддөггүй хоёр бариулыг Г хэлбэртэй байрлуулахад болно. Хана болон бариул хоорондын зай Америк, Японд зөрүүтэй байдаг. Японд 10 см байж болно, саажилттай хүмүүс тэр бариулд гараа оруулаад хөших маягаар биеэ татдаг гэдэг бол Америкт эл хэмжээг “хүн гараа хөшөөд хугална” гэсэн үүднээс зөвшөөрдөггүй. Тэгэхээр олон улсад ажлын байрны тохируулгын стандарт дээр ингэж олон талаас нь бодож, зөрүүтэй ханддаг. Бидний хувьд тэдгээрийг судалж, аль болох өөрийн нөхцөлд тохируулан ашигтайг нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Сая бидний ярьсан бүхэн зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохижилт, тохируулга гэж ойлговол өрөөсгөл. Энэ бүх шаардлагад нийцсэн байх нь бусад иргэнд, жишээ нь, намхан, таягтай, хүмүүс, хүүхэд болон ахмадууд ч орчны саадгүй үйлчлүүлэх боломж бүрдүүлж буй хэрэг.
-Хуулийн шинэчлэлийн талаар Б.Өлзий-
баяр цухас дурдлаа. Энэ талаар албаны хүний үгийг сонсъё. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ямар зохицуулалтууд орсон бэ. Бидний ярьж байгаа сэдвийн хүрээний зохицуулалт бий юү?
Б.Н: -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэд хэдэн зохицуулалт тусгасан. Тухайлбал, хөдөлмөрийн харилцаанд хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгахгүй байх гэсэн зарчмыг тусгасан, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирсэн зөвлөмжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажлын цагийг богиносгох тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан бол ажил олгогч хорогдуулсан цагаар ажиллуулах талаар заасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, зайнаас ажиллах боломж нөхцөлөөр хангах зэрэг зарчмын чухал өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн “Ажил олгогч нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан. Энэ нь ажлын байрны тохируулга хийхийг хэлж байгаа. Ер нь хөдөлмөр эрхэлж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг ажилд нь эргүүлэн авахдаа ажил олгогч тэдний онцлогт тохирсон зохицуулалт хийж, ажлын чиг үүргийг өөрчлөх, давтан сургах, хөдөлмөрийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
-Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа зориулан ажлын байрны тохируулга хийхэд юуг анхаарах вэ, жишээ нь, ширээ, сандлын стандарт байдаг уу?
Б.Ө: -Тухайн ажилтныхаа онцлогт нийцүүлж ажлын байран дахь ширээ, сандлыг бэлдэнэ. Хамгийн гол нь л энэ. Жишээ нь, би К7-К8-ын гэмтэлтэй буюу цээж орчмын нурууны хугаралттай. Хэт өндөр, эсвэл намхан ширээнд ажиллах боломжгүй. Баруун гараа тайруулсан хүнд зүүн гарын үзүүлэлттэй компьютер тохирно. Энэ мэтчилэн жижиг зүйлээс л ажлын байрыг нийцүүлэн тохируулахаас эхэлнэ. Тэргэнцэртэй явдаггүй, харааны болон сонсголын бэрхшээлтэй хүнд ширээ, сандал гэхээсээ илүүтэй дуут болон брайл тэмдэглэгээ чухал. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тохируулга нэрийн доор тухайн хүний бие махбодын онцлогт үл нийцэх ширээ, сандал бөөндөж болохгүй гэсэн үг.
-Ер нь ажлын байрны тохируулга гэдгийг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ойлгож, юуг анхаарах ёстой вэ?
Б.Н: -Тохируулга гэдэг нь тухайн иргэний ажлын байрыг бэрхшээлийнх нь онцлог, хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн өөрчлөх, бусдын адил хөдөлмөрлөх нөхцөл боломжоор хангахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байрандаа саадгүй нэвтрэх, ажлаа хийхэд нь орчин болон багаж, хэрэгслийг хүртээмжтэй болгох юм. Үүний тулд ажил олгогчийн зүгээс материаллаг орчныг бүрдүүлж, байгууллагын дотоод дүрэм журам, ажилчдын хандлага ойлголтыг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Тодруулбал, ажил олгогч нь ажлын байранд хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тухайн иргэний бэрхшээлийн төрөл, онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх байдлаар зохион байгуулж, хуваарь, дарааллыг тогтоон, ажил үүргийг тодорхой болгоно. Жишээ нь, харааны бэрхшээлтэй хүн ажиллуулахад дэлгэц уншигч программ бүхий ажлын тоног төхөөрөмж, дуут хонх, тактель зам хэрэгтэй. Тэргэнцэртэй хүн ажиллуулах бол налуу зам тавьж, хаалганы босгыг засаж сайжруулан, 90 см-ээс багагүй өргөнтэй болгох, ажлын ширээг тэргэнцрийн өндөрт тохируулж, стандарт шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Гэхдээ энд нэг зүйл онцолмоор байна. Ажил олгогчид ихэнхдээ ажлын байрны тохируулга гэхээр материаллаг эд зүйлсээр ойлгодог. Гэтэл ажлын байрны тохируулгад тухайн ажилтны онцлогт тохируулан байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах, ажилчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг дэмжлэгийн хэлбэр ч ордог. Ажлын байрны тохируулга хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаасаа хэрэгцээ, шаардлагыг нь тодруулах ёстой. Байгууллагын нийт ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонтой нь ойлголцуулж, холбох үйл ажиллагаа чухал.
Б.Ө: -Ажлын байрны тохируулга гэдгээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг орчны саадын талаар товчхон ярья. Үүнийг хатуу болон зөөлөн саад гэж ангилдаг. Хатуу саад гэдэг нь сая бид хамтдаа явж ирсэн замд тохиолдсон барилга байгууламжийн орчны хүртээмж юм. Зөөлөн гэдэг нь мэдээллийн хэрэгслийн саадыг хэлнэ. Жишээ нь, сонсгол, харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл яаж хүрч байна гэх мэт. Өөр нэг саад нь харилцаа, хандлагын саад. Сүүлийн үед ажлын байрны тохируулгын талаар эрчтэй ярьдаг болсон нь сайшаалтай. Энэ нь нэг талаар Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих найман заалт шинээр оруулсантай холбоотой. Ажлын байрны тохируулга хийхэд ажил олгогч юунд анхаарах ёстой вэ гэсэн таны асуулт их чухал. Юуны түрүүнд ажлын байр бий болгохдоо тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлогт нийцүүлэх ёстой. Үүнээс дутахгүй чухал зүйл нь хамт олныхоо хандлагыг өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл, харилцааны саадыг арилгах. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомашины зогсоолыг чөлөөтэй байлгах, “Уучлаарай энд манай ажилтан, эсвэл манай үйлчлүүлэгч унаагаа тавьдаг” гэж ойлгуулж, хэвшүүлэх зэргээр хамт олон, байгууллагынхны сэтгэл зүй, хандлагыг эерүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчийг хүлээн зөвшөөрүүлэх явдал нэн чухал шүү. Түүнчлэн хамт олны дунд орж ирж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн зан байдал, сэтгэл зүйн онцлогийг зөвөөр тайлбарлаж, ойлгуулах нь чухал. Тэгснээр хамт олон нь хүлээж авах уур амьсгал бүрдэнэ. Хандлага өөрчилнө гэхээр манайхан “Сургалт зохион байгуулчихвал болно” гэсэн буруу ойлголттой байх нь ажиглагддаг.
-Тэгэхээр ажлын байрны тохируулга хийхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүн тогтвортой ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?
Б.Н: -Тийм. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд ороход бэлтгэх, тохирсон ажлын байрыг нь олох, түүнд дадлагажуулах, хамт олонд нь нийгэмшүүлэх, гэр бүлийн гишүүдтэй нь эргэх холбоотой ажиллах чиг үүрэгтэй хүний нөөцийг бэлтгэснээр тухайн хүн илүү тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэхээр Засгийн газраас Японы ЖАЙКА байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд job сoach буюу ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэж эхэлсэн. Ажлын байрны дадлагажуулагч нь дээр дурдсаны дагуу хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, түүнд тохирох ажлын байрыг олж үнэлэх, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, ажил олгогч, хамт олонтой харилцах харилцаа, хандлага зэрэг ойлголцлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, тогтвортой ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг хүн юм. Тодруулбал, ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх ажлууд хэрэгтэй байна. Үүний тулд энэ хоёрыг холбох хүний нөөцийн тогтолцоог бий болгох шаардлагатай ажлын байрны дадлагажуулагч гэдэг шинэ ойлголт, ажил мэргэжил гарч ирж байгаа юм. ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл үүнд чиглэж байна. Үүний хүрээнд манай яамнаас “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал тодорхойлолт-08”-д “Ажлын байрны дадлагажуулагч” гэсэн мэргэжлийг бүртгүүлж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамж”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулан, хэрэгжилтийг хангаж буй. Мөн энэ төслийн хүрээнд ажил олгогчдод чиглэсэн нөлөөллийн ажил хийх хүний нөөцийг бэлтгэх юм.
Б.Ө: -Ажлын байрыг бэрхшээлийнх нь онцлогт нийцүүлэн тохируулаад, хамт олны уур амьсгалыг бүрдүүлчихвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн тогтвортой ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэдэгтэй санал нэг байна.
-Ажлын байрны тохируулгыг заавал мэргэжлийн хүний тусламжтайгаар
хийх ёстой юу. Монголд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг үү?
Б.Ө: -Энэ чиглэлээр мэргэшиж буй хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө л байна. Харин мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, сургалт одоогоор алга. Гадаадад ч тийм түгээмэл биш байх. Би “Гурван цагийн аяс” ТББ-аар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мэдээллийг түгээе, бусдад эергээр нөлөөлөх зорилгоор мини студи чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр хичээж явна. Үйл ажиллагаагаа эхэлж амжаагүй ч сургалт, судалгаа хийж байгаа. Монголд өдгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд эхэлсэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ажлын талбарт шууд гарахад бэлэн үү. Миний бодлоор бусдын асаргаанд байдаг, тархины саажилттай болон оюуны бэрхшээлтэй буюу хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ төр өөрөө хариуцаад, хөнгөн хэлбэрийнхийг нь төрийн бус байгууллагуудад хариуцуулаад, сургаад явбал илүү үр дүнтэй байх болов уу. Өөрөөр хэлбэл, практикаараа, өөрийн биеэр туулаад, мэдрээд явж байгаа хүмүүст зохих итгэл, үүрэг, хариуцлагыг нь хүлээлгээд, төрийн ачааллыг үүрэлцэх боломжийг нь хангаасай гэсэн санаа. Тэгж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль хэрэгжих хугацаанд ч нааштай. Би яагаад энэ тухай ярив гэхээр бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон. Хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нь зөрчигдвөл хэн хамгаалах вэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж, бэлтгэх, тохируулгатай ажлын байр гэж юу вэ гэхчлэн залуучуудаа бид сургана. Өөрөөр хэлбэл, бүхнийг төрөөс харах биш, бид өөрсдийн чадах хүрээнд хөдөлье, өөрсдийн ажлын байрыг бий болгоё, адил бэрхшээлтэй нэгнээ хөдөлмөр эрхлүүлэхэд дэмжлэг болъё, ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналттай байх зэрэг үүднээс үйлдвэрчний эвлэлийн хороог санаачилсан гэж болно.
Би энд нэг зүйл онцолмоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, аливаа саад бэрхшээлгүй амьдрах боломжийг бий болгох талаар бид ярилцлаа. Эрүүл ч бай, бие болоод оюуны хөгжлийн бэрхшээлтэй ч бай, эцсийн дүндээ энэ нь хүний тухай, тэдний амьдрах, ажиллах, аз жаргалтай, сэтгэл хангалуун байх орчны тухай юм. Тийм орчныг дан ганц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст “өмчлүүлэхгүй”. Тэрэгтэй, дугуйтай хүүхдээ түрээд, түшээд явж байгаа ээж, аав, таяг тулсан нэгэн, ахмад настан, хүүхэд, багачууд гээд хэн бүхэнд хамаатай, бүгдэд ээлтэй орчин. Олон улсын судалгаагаар батлагдсан, хүн өлмийгөө дунджаар хоёр см өргөж явдаг бол нас ахих тусам энэ хэмжээ багасдаг. Тэгээд л тээглэж, бүдэрч унах зэрэг эрсдэл бий болдог. Тийм учраас налуу зам, намхан босго зэрэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зүйл биш, бүх иргэндээ адилхан ээлтэй байх нийгмийн шаардлага гэж үздэг. Үүнийг л ээлтэй нийгэм, ээлтэй орчин гэдэг юм байна, олон улсын жишгээр. Юутай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмждэг, хүн болгонд ээлтэй нийгэм бий болгоход хөтөч болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ХНХЯ, холбогдох байгууллагууд, дэмжин ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд, “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлье.