“Нил” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяатай ярилцлаа.
-Утга зохиолд шимтэгсдэд ид танигдах үедээ “Тагтаа” хэвлэлийн газраас өрх тусгаарласан шалтгаан тань юу бол?
-Энэ тухай ярихад хувийн асуудлаа дэлгэх шаардлагатай болно. Баясаа (“Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Б.Баясгалан) бид хоёр одоогоос есөн жилийн өмнө “Тагтаа”-гаа эхлүүлж, бор зүрхээрээ зүтгэсэн. Хэн хэн нь уран зохиолд маш их хайртай учраас дуртай зүйлээ албан ёсоор хийхийг хүссэндээ л “Тагтаа”-гаа байгуулсан. Бид сайн найзууд. Бизнесийн хамтрагч биш. “Тагтаа”-г хүмүүст овоо танигдаж, ид “бойжиж” байх үед яах аргагүй холдох хэрэгтэй боллоо. Миний амьдралд томоохон эргэлт гарч, түүнээс улбаалан эл шийдвэрийг гаргасан юм. Юуг нь нуух вэ, би хүмүүст ч энэ талаараа илэн далангүй хэлдэг. Өнгөрсөн хугацаанд би сэтгэл гутралтай нүүр тулж, даван туулж байна. Энэ талаар огт мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс өнгөц ойлгож, эсвэл бүр ойлгохгүй ч байж магад. Үнэндээ сэтгэл гутрал гэдэг нь хүн өөрөө өөрийгөө “дуусгадаг” хүнд өвчин. Ид өсөж яваа “Тагтаа” хоёр жигүүртэй байсан бол намайг энэ “зүйл"- тэй тэмцэж байх үед өрөөсөн жигүүрээр дэвсээр байсан. Тиймээс л үнэхээр хайртай “Тагтаа”-гаа надаас болж ухраасай, унаасай гэж хүсээгүй юм. Улам хол нисэх хэрэгтэй шүү дээ.
-“Нил” хэвлэлийн газраа хэрхэн байгуулав?
-Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хүнд үеийг туулсан ч дуртай зүйлээ хийх хүсэл минь байсаар л байсан. Нэгэнт “Тагтаа”-гаа “тавиад явуулчихсан” учраас өөрөө бие даан хийх хэрэгтэй. Ингээд л “Нил”-ээ байгууллаа. Уншигчид анзаардаг бол Баясаа бид хоёр хувь хүнийхээ хувьд их өөр. Үнэ цэн, үнэлэмж, сонголтын хувьд ч тэр. Дотоод ертөнц, мэдрэмж ч гэсэн. Тийм ч болохоор нэгнийхээ өөр талыг нөгөө нь өөрийнхөөрөө нөхөж найзалсаар, хамтран ажилласаар ирсэн болов уу. Одоо харин бидний өөр өөрийн онцлог, мэдрэмжээс төрсөн бүтээлүүдийг тус тусад нь унших нь уншигчдад харин ч “амттай” байж мэднэ.
-Хэвлэлийн газраа “Нил” гэж дуртай өнгөөрөө нэрлэж, логондоо далавч дүрсэлсэн нь учиртай юу?
-Би нил ягаан өнгөнд үнэхээр дуртай. Багаасаа л дурласан. Хэт гэгээлэг ч биш, хар бараан ч биш энэ өнгийг зөвхөн минийх юм шиг санаж, бүх зүйлээ энэ өнгөөр төсөөлж явсан үе ч бий. Оюутан байхдаа зөвхөн энэ өнгийн хувцас л өмсдөг байлаа. Хэвлэлийн газартаа оноох олон нэр байсан ч онцолж “Нил”-ийг сонгосон. Нөгөөтээгүүр, нил гэдэг нь санскрит хэлээр нулимс гэсэн утгатай. Би чинь нулимс их ойртой хүн. Ингээд бодохоор “Нил” гэдэг нь хамгийн энгийн бөгөөд намайг илэрхийлэхүйц нэр. Харин далавчны тухайд бид багаасаа л шувуудыг харах бүртээ нисэхэд ямар мэдрэмж төрдгийг боддог байсан юм. Миний төсөөллөөр бол нисэхэд хамгийн гоё мэдрэмж төрдөг байх. Нөгөө талаар, хэдийгээр би “Тагтаа”-гаасаа өрх тусгаарласан ч жигүүр нь миний сэтгэлд үргэлж хамт гэсэн санаа ч бий.
-“Нил” хэвлэлийн газар эхний хоёр номоо “өлгийдчихлөө”. Тэдгээрийн нэг нь таны орчуулсан “Гоо үзэсгэлэн бол шарх” дэлхийн шилмэл хайрын өгүүллэгүүдийн түүвэр. Яагаад гараагаа эл номоор эхлэхээр шийдэв?
-“Гоо үзэсгэлэн бол шарх”-нд Харүки Мүраками, Милан Кундера, Июнь Ли, Рэймонд Карвер, Херман Хессэ тэргүүтэй 12 зохиолчийн хайрын тухай өгүүллэг багтаасан. Ийм ном гаргахаар дөрвөн жилийн өмнө шийдсэн юм. Унших, судлах, сонгоход маш их хугацаа зарцуулсан. Өгүүллэгийн түүвэр гаргах нь орчуулагчаас нэлээд ур чадвар шаарддаг. Ялангуяа алдартай зохиолчдын бүтээлүүдийг нэг сэдвийн дор зангидах амаргүй. Зохиолч нэг бүрийн бүтээлүүдээс хайрын тухай өгүүллэгүүдийг нь түүж уншиж, тэдгээрээс шигшиж, сонгосон.
-Удаах нь Японы зохиолч Ёко Огавагийн "Төгс тоо”. Эл зохиолчийн өөр бүтээлийг ч гаргахаар бэлтгэж буй гэсэн. Эл уран бүтээлчийг онцолж буй шалтгаан тань юу вэ?
-Нэгдүгээрт, Ёко Огавагийн зохиолыг монгол хэлээр хөрвүүлсэн тохиолдол байхгүй. Тиймээс уншигчдадаа шинэ бүтээлээс гадна шинэ уран бүтээлч танилцуулах нь хэвлэлийн газрын үүрэг гэж бодсон. Хоёрдугаарт, утга зохиолд баримталдаг миний зарчим, тухайн бүтээлийг сонгохдоо тавьдаг шалгуур, үнэ цэн, мэдрэмжид нийцсэн. Түүний бүтээлүүд чансаатай атлаа маш энгийнээр илэрхийлсэн байдгаараа онцлог, уртай. Гуравдугаарт, “Төгс тоо”-г гэр бүлээрээ унших боломжтой. Үүний дараа “Дурсамжийн цагдаа” гэж Ёко Огаваг арай өөрөөр илэрхийлэх бүтээлийг нь хүргэхээр бэлтгэж байна. Түүнчлэн Японы зохиолч Рю Мүракамигийн “Almost transparent blue” буюу “Бараг л нэвт харагдах цэнхэр” номыг гаргах төлөвлөгөөтэй. Түүний “Токиогийн мисо шөл” романыг уншигчид эчнээ мэднэ. Харамсалтай нь, зөвхөн эл романаар Рю Мүракамийг мэдрэх, танихад хангалтгүй. Рю Мүраками “Токиогийн мисо шөл”-өөр олон улсад танигдсан ч түүнийг илэрхийлэх, уран бүтээлд нь жин дарах бүтээл нь “Бараг л нэвт харагдах цэнхэр”, “Coin locker babies” буюу “Тээш хадгалах савны хүүхдүүд”. Эднийг орчуулан гаргах санаа бий. Нэг талд Ёко Огавагийн халуун дулаан, хайр хүрэм, хэн ч унших боломжтой хүртээмжтэй бүтээлүүд, нөгөө талд Рю Мүракамигийн харгис хэрцгий, бүгд биш, зөвхөн хэсэг бүлэг хүн л сонирхож унших романуудыг сонгож зэрэгцүүлэн хүргэх нь сонирхолтой санагдаж байгаа.
-Японы зохиолчдын бүтээлүүд сонирхлыг тань илүү татаад байгаа юм аа даа?
-Ямар зохиолыг танилцуулах, ямар зохиол сонгох вэ гээд хэрэндээ л судалж байна. Судлах явцад яалт ч үгүй Японы зохиолчдын бүтээлүүд таараад байсан. Орчин үеийн уран зохиолд япончуудын эзэлж буй байр суурь өндөр. Японы зохиолчид хэт нүсэр биш атлаа маш хурц, сонирхолтой бичлэгтэй. Тэр нь уншигчдыг татдаг төдийгүй миний таашаал, сонголтод нийцэж буй хамгийн том шалтгаан. Ёко Огава, Рю Мүракамигийн бүтээлийг гаргасны дараа ч өөр нэг Японы зохиолчийн номыг хүргэхээр сонирхоод л байна. Гэхдээ мэдээж хажуугаар нь өөр орны зохиолчдын бүтээлийг гаргана. Ямартай ч эхний нэг жил “Нил”-ийнхээ шав суурийг тавихад Японы зохиолчдын бүтээлүүд голлох нь.
-Аливаа номыг орчуулах, эрхлэн гаргахдаа уншигчдад таалагдах бүтээлийг сонгох ёстой юу, өөртөө таалагдсаныг “барьж авах” хэрэгтэй юү. Эсвэл бестселлерүүдийг хөрвүүлэх шаардлагатай байдаг уу?
-Бестселлер гэдэгт огт ач холбогдол өгдөггүй. Юу чухал вэ гэхээр уран зохиолын үнэ цэн, чансаа. Түүнээс гадна бичлэгийн онцлог, сонирхолтой байдал. Уншигчдын сэтгэлгээг задлахад хэр үүрэг гүйцэтгэх, тэдэнд ямар шинэ мэдрэмж төрүүлэх вэ гэхчлэн олон талаас нь бодож, судалдаг. Мэдээж зарим уншигчид таалагдана, заримд нь огт таалагдахгүй.
-Ф.Кафкагаас хөндийрчихлөө дөө.
-Франц Кафка яах аргагүй миний хайртай зохиолч. “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номоо гаргаснаараа би Ф.Кафкад “өр”-өө төлчихсөн гэж боддог. Ф.Кафкагийн бүтээлүүдийг орчуулж байсан тэр үе одоогийнхтой минь харьцуулшгүй. Тэр хүнд зохиолыг англи хэлний ахисан түвшний л мэдлэгтэй охин үг нэгбүрчлэн нухаж, удаан хугацаанд орчуулж байлаа. Би “Хувирал” туужийн Грегор Замзагийн дүрд их хайртай. Тийм хайртай зохиолчийнхоо голлох бүтээлийг орчуулснаараа сэтгэлээ амраасан ч гэж хэлж болно.
-М.Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г орчуулах үедээ юу мэдэрсэн бол?
-Ф.Кафкагийн бүтээлийн ард гарчихсан болохоор ч тэр үү, Милан Кундерагийнхыг орчуулахад таатай санагдсан шүү. М.Кундера хөвөрсөн гоё бичлэгтэй, уг роман ч сонирхолтой болохоор төвөггүй орчуулсан. Тухайн зохиолчийн арга барил, бүтээсэн үгэн ертөнц, зохиолын мөн чанар орчуулагчдаа янз янзаар нөлөөлдөг юм билээ. Зарим нь орчуулахад хэцүү ч сэтгэл зүйн хувьд дарамтлахгүй. Зарим нь орчуулахад төвөггүй ч сэтгэл зүйгээр дарамтална. М.Кундерагийн бүтээлийг орчуулсан нь намайг сэтгэлгээний хувьд өөрчилсөн гэж боддог. Уншигчдаас ч “Шинэ, содон санагдсан” гэсэн үг олон сонссондоо баярладаг.
-Аливаа зохиолчийн бүтээлийг орчуулахдаа өөрийн мэдрэмж, сэтгэл зүйн байдлыг тусгаж, хөндөж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь орчуулагчид маш хэцүү байх.
-Аль болох төв, сэтгэл зүйн байдал “тэгш” байх хэрэгтэй. Тэгж байж зохиолчийн ертөнцөд соруулахгүйгээр, бас өөрийн ертөнц рүү хөмрүүлэхгүйгээр орчуулж чадна. Сэтгэл гутралтай тэмцэж байх үедээ орчуулгын бүтээл хийж чадаагүйн минь шалтгаан энэ. Миний сэтгэл зүй ганхчихсан байсан учраас. Өөрийнх нь сэтгэлд мянган “хорхой” язганаж байхад би хүний үнэ цэнтэй бүтээлд хуруу хүргээд яах юм бэ. Тэгж түвдээгүй. Угаасаа боломгүй ч байсан. Ясүнари Кавабатагийн бүтээлийг орчуулах гэсэн ч чадаагүй.
-Орчуулъя гэж хүсдэг ч өнөөдрийг хүртэл барьж авч зүрхлээгүй зохиол танд байдаг уу?
-Сильвия Платын “The bell jar”-ыг орчуулах сан гэж хүсдэг ч чадаагүй явна. Саяхан өөр хүмүүс орчуулж байгаа гэж сураг дуулсан.
-Кино болж, дэлгэцэд амилуулаасай гэж боддог зохиол байдаг болов уу?
-Найруулагч нар Монголд зохиолч, зохиол алга гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Үнэхээр сайн кино болж чадах зохиол нэрлэ гэвэл Төрийн шагналт, Д.Норов агсны “Тэжээвэр” туужийг хэлнэ.
-Аль нэг зохиолчийн бүтээлүүдийг судалж уншдаг хүмүүс байхад урсгал, төрлөөр нь дагнаж уншдаг нь ч бий. Сайн номыг хэрхэн ялгаж, сонгож унших хэрэгтэй бол?
-Хүн хүнээсээ л шалтгаалах байх. Ёстой юу сайхан, дур сайхан гэдэг дээ. Гэхдээ анхлан уншигчид ихэвчлэн бестселлер юм уу, хэн нэгний санал болгосон номыг унших нь бий. Яваандаа аль нэг зохиолч, эсвэл төрөл зүйлд дурлана. Тэгж л цаашид хэнийг, юуг сонирхож, сонгож уншихаа шийддэг болов уу. Гэхдээ аль болох сайн бүтээлүүдийг эртхэн судлаад, олоод уншчихвал цагаа ч хэмнэнэ, үр өгөөж нь ч их. Муу зүйлд цагаа үрэх хайран.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-“Boobooks” хэвлэлийн газраас гаргасан Чарльз Буковскийн “Шүлгүүд”-ийг уншсан. Ч.Буковски онцгой туурвилч л даа. Шүлгүүд нь романуудаас нь илүү өөрийг нь илэрхийлдэг мэт санагдсан даа. Сонирхолтой нь, “Boo¬books”-ийн Ч.Буковскийн шүлгийн есөн түүврээс нь хамгийн шилдгүүдийг нь сорчилж эл номдоо оруулсан юм билээ.
-Номыг уламжлалт буюу цаасан хэлбэрээр барьж унших дуртай юу, цахим хувилбараар унших амар санагддаг уу?
-Аль аль нь. Уг нь цаасан хэлбэрээр барьж унших нь амттай. Гэхдээ ажлын шаардлагаар судалгаа хийж, бас цаг алдахгүйн тулд цахимаар унших шаардлага гардаг.
-Одоо хамгийн ойрын хугацаанд уншигчидтай ямар бүтээлээр уулзах бол?
-“Playtime” хөгжмийн наадмын үеэр хөгжим, яруу найраг хослуулсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд дуучин Лана Дель Рейн шүлгийн номыг орчуулан гаргах санаатай. Хүмүүс түүнийг дуунуудынхаа үгийг өөрөө бичдэгийг мэдэх байх. Түүнээсээ гадна маш гоё шүлгүүдтэй яруу найрагч юм билээ. Эл хүний дууны уран бүтээлийг нь сонсох, яруу найргийг нь унших боломжтой болно гэсэн үг юм.