ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагватай ярилцлаа.
-Та өмнө нь хашиж байсан албандаа дахин томилогджээ. Хэзээнээс ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сараас ажиллаж байна. Үндсэндээ цар тахлын шувтаргаар ирэв үү дээ.
-Хойд хөршийн нийслэлд балетын олон улсын уламжлалт, нэр хүндтэй уралдаан болж байна. Танай театрын балетын жүжигчдээс нэлээд хэд нь өрсөлдөхөөр очжээ. Амжилт хэр байна, сурагтай юу?
-Москвад балетын олон улсын XIV уралдаан болж байна. Манай театраас таван эрэгтэй, гурван эмэгтэй балетчин оролцож байгаа. Мөн хоёр багш явсан. Энэ нь балетын олон улсын анхдагч уралдаануудын нэг юм. Олон жилийн түүх, замналтай. ЗХУ гэж байхаас зохион байгуулсан, залуу сайн балетчдыг илрүүлэх зорилготой олон улсын арга хэмжээ юм.
-Балетын олимп гэж үзэж болох уу. Тийм яриа байна.
-Албан ёсоор тэгж хэлдэггүй. Их театрт болдгоор нь, олон улсын балетчдыг хамруулдаг гэдэг утгаар нь хүчирхэг уралдаануудын нэг гэж үзэж болно. Чадалтай балетчид өрсөлддөг, чадалтай багш шавиа илгээдэг, чадалтай театрууд туршилт хийдэг талбар мөн.
-Тэгэхээр улс, театр балетчдынхаа түвшинг тодорхойлох, хаана яваагаа мэдэх нэгэн боломж уу?
-Тийм ээ. Манай улс уг уралдаанд балетчдаа илгээснээр балетын урлагтай улс болохоо нотолж байгаа юм. Бид нэгдүгээр шатны шалгаруулалтыг урд шөнө 01.00-03.00 цагийн хооронд (5-6-нд шилжих шөнө) үзлээ. Өглөө нь ажил дээрээ цуглахад бүгдээрээ л “Манайхан дажгүй байна шүү. Тэгэхээр бид боломжийн түвшинд байгаа юм биш үү” гэцгээж байсан. Харьцуулах юмтай байх гэдэг энэ л дээ. Бид хурд, сэтгэлгээ, шинэ хандлагаар бол түрүүлж байна. Дэлхийн балетын урлагтай хөл нийлүүлэн алхаж явна гэдгээ харлаа. Монголын балетчид нэгэнт энэ зэрэгт байгаа юм бол ДБЭТ-ын ерөнхий балетмейстерийн хувьд дэлхийн балетчдыг Монголдоо авчирч, хамтарч тогломоор юм байна, олон улсын балетмейстерүүдийг урих хэрэгтэй, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн тэргүүний уран бүтээлчдийг улс орондоо ирүүлснээр өөрсдөө цаашид илүү ур чадвартайгаар урагшлах юм байна гэж бодлоо.
-Сэтгэл их хангалуун байгаа юм байна.
-Тийм ээ. Энэ нь надаас ч юм уу, хэн нэгнээс хамаарсан амжилт биш. Нэг өдөр юу ч бий болдоггүй. Олон хүн, байгууллагын үйл ажиллагаа, хүч, хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, олон жил тогтсон дэг жаягийн үр дүнд Монголын балетчид өнөөдөр олон улсын уран бүтээлчидтэй эн зэрэгцээ түвшинд тоглож, бүжиглэж байна.
-Та нэг хэсэг балет сонирхогчдын, уран бүтээлчдийн ч анхаарлын төвд байлаа. Таныг А.Аданы “Жизель” балетыг өөрчиллөө гэж буруутгах шахав. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Би тийм яриа хөөрөө, дуулиан, шуугианыг анзаардаггүй. Амьдралд олон юм болдгоороо болоод өнгөрдөг. Аливааг өөрчилж болдоггүй гэж ярьдаг хүмүүсийн зөв ч байдаг байх. Бас өөрчилж болдог гэж үздэг хэсгийнх нь зөв ч байж мэднэ. Би бол аль нь зөв гэдгийг мэдэхгүй. Шүүж чадахгүй. Хүмүүс санаа бодлоо илэрхийлж байгаа бол тэр л биз. Бас аливааг хэвээр нь байлгаад л байя гэвэл юу ч хөндөхгүй байх болов уу. Харин эсрэгээрээ өөрчилье гэвэл ондоо болгоно. Эргэн тойрноо харъя л даа. Энэ хотын байшин барилгуудыг хэвээр нь л байлгах юм шүү гээд байвал хэвээрээ л байна. Өөрчилье, шинэчилье гэвэл өөр болно. Чухам яаж шийдэхээс үр дагавар ямар байх нь хамаарна.
-“Жизель” балет нь халдашгүй мэт төгс бүтээл, нэг л янзаар тоглодог бичигдээгүй хуультай учир тэр хэвээр нь хадгалж, хамгаалж, тоглож байх ёстой гэж үзэж буй балетчид байна. Санал бодлоо ч нэлээд илэрхийллээ.
-Америкт, Японд, БНСУ-д гээд бараг л дэлхий даяар өөрчлөн тоглож байна шүү дээ. Олон хэлбэрээр тоглож байна. Хөгжмийг нь цахилгаан болгочихсон л байна. Балет бүү хэл, бүхий л юмс өөрчлөгдөж байна. Өөрчлөөд болохгүй бол буцаад хуучнаар нь хүлээн зөвшөөрч байна. Хүмүүс үгээ хэлж л байг. Эрх нь байгаа юм чинь. Бид ажлаа хийсэн. Цаашид ч хийнэ. Энд нэг юм хэлэхийг хүсэж байна. Уран зураг яг ийм байх ёстой гэдгийг хэн хэлээд байгаа юм бэ. Яруу найраг бас адилхан яг ийм байх ёстой, өөр болговол тооцохгүй гэж хэн хэлнэ вэ. Хөгжмийн зохиолч яг ингэж ажиллах ёстой гэдгийг бас хэн үүрэгддэг вэ. Балет адилхан шүү дээ. Бас л бүтээл. Хүмүүс бусдын хийсэнд үнэлгээ, дүгнэлт өгье гэвэл ажил хэрэгчээр хандаасай, бага зэрэг уншаасай, судлаасай. “Жизель” анх бий болсноосоо хойш хэдэн удаа өөрчлөгдсөн бол, ямар зам туулсан бэ гэдгийг энэ хүмүүс мэддэг болов уу. За харъя. Бас л байшингууд харагдаж байгаа биз дээ. Эдгээрийг хэдэн арав, зуун жилээр ийм л байлгаад байх уу. Эсвэл бүх хүний сайн сайхны төлөө өөрчлөх ёстой юу. Үгүй юм уу. Хөгжил, хөдөлгөөн гэж тэгвэл юу юм бэ. Нөгөө талаас нь харвал хуучны юм бүхэн муу, муухай биш. Өнөөдөр “Волга-24” машин уначихсан нэг нөхөр явж байвал түүнийг бүгд сонирхож харна. “Хөөх, ямар сонин, гоё машин унаа вэ” гэнэ. Түүнээс биш “Пүү, паа, социализмын үеийн машинтай, ямар тэнэг нөхөр вэ” гэж хэн ч хэлэхгүй. Хүмүүс юуг, юу гэж харахаас, бодохоос, хүлээж авахаас бүх юм хамаарна. Тэгэхээр санал, бодлоо хэлж байгаа, шүүмжилж буй хүмүүсийг би буруутгахгүй. Би шинэчилсэн “Жизель”-иэ гоё болсон гэж хэлж чадахгүй, муухай ч гэхгүй. Энэ нь уран бүтээл бөгөөд хэд наслахыг цаг хугацаа л шийднэ.
-Театр цаашид энэ шинэ хувилбарыг үзүүлсээр байх уу?
-Аль аль хувилбараар нь тоглож байх болно. Энэ чинь зүгээр л үзэгчдэд санал болгож байгаа оюуны бүтээл юм шүү дээ. Хүмүүс аль таалснаа хүртэнэ. Хоёуланг нь ч үзэж болно.
-ДБЭТ-ын балетын дараагийн шинэ уран бүтээл юу байх бол?
-Тэр талаар одоо ярих боломжгүй. Бид ажиллаж байна. Гэхдээ мэдээлэх хэрэггүй.
-Одоо балет анги хэдэн уран бүтээлчтэй байна вэ?
-50 гаруй.
-Гоцлоочдоо тэргүүлэх балетчид байлгахын төлөө ажиллаж байна гэж та түрүүнд хэлэх шиг боллоо. Тэд одоогоор таны санаанд хүртэл тоглож, бүжиглэж чадахгүй байгаа юм уу?
-Тийм ээ, тэргүүлэх гоцлоочдын зэрэглэлд аваачих гэж эрмэлзэж байна. Тэргүүлж гоцлон бүжиглэнэ гэдэг бол сэтгэлгээний асуудал юм. Дэлхийн чиг хандлагад нийцүүлэхийг хичээж байна. Дэлхийд ямар ардчилал, удирдлагын систем байгаа юм, түүнийг нэвтрүүлэхийг зорьж явна. Энэ нь балетаа сайжруулах, тэргүүлэх гоцлоочдоо улам чадавхжуулах тухай яриа юм. Байгаагаа чанаржуулна. Түүнээс биш шинэ юм хийхгүй. Тэргүүлэх гоцлоочид гэж нэлээд ярилаа. Сүүлийн үед гарч ирж байгаа залуучуудтайгаа түлхүү ажиллаж, ур чадварыг нь нэмнэ. Тэдний урлагийн төлөөх сэтгэлийн галыг улам бадраана. Олон улсын уралдаануудад аль болох олон удаа оролцуулна. Түүнээс биш Дуурийн театрын балет ангид балетын гоцлооч алга гэж хэлэх гээгүй юм шүү.
Таны юу хэлэх гээд байгааг, ямар хариу хүсэж уулзсаныг гадарлалаа. Ер нь хүмүүс урлагийг урлагаар нь ойлгож байгаасай гэж хэлье. Ван Гогийн бүтээлүүдэд дуртай бол түүний зургуудыг үз. Леонардо Да Винчийнх бол түүнийхээ л бүтээлүүдийг илүү гэж бод. Зураач Н.Орхоны фэн бол түүний зургуудыг цуглуул. Сонголт л мэднэ. Түүн шиг балетад ч гэсэн тэгж ханд. Бидний гол зорилго бол хүмүүс театрт балет үзэх гээд ирэхэд нь чадварлаг уран бүтээлчдийн багаар босгосон чанартай балеттай сууж байх. Үүнээс өөр юу ч боддоггүй. Шинэ бүтээл хиймээр байвал хийнэ. Хуучин нь болж байна гэж үзвэл түүнийгээ сайжруулж харуулна. Театр өөрийн гэсэн бодлоготой.
-Таны юу гэж үзэж байгааг ойлголоо. Ярианы сэдвийг өөрчилье. Монгол Улс маань балетын олон улсын уралдаантай боллоо. Одоо хоёр дахь нь болох гэж байна. Энэ нь дэвшил биз?
-Тэгэлгүй яах вэ. Манай улс балетын хоёр, гурван ч уралдаантай. Юм аль хэдийн өөрчлөгдсөн. Бид чадлынхаа, бололцооныхоо хэрээр дэлхийн балетын урлагаас хоцрохгүйг хичээж байна. Балетын урлаг гэж юу байдаг юм бэ гэдгийг Б.Жамъяндагва гуай монголчууддаа ойлгуулсан, таниулсан. Одоо хэн хүнгүй цаашид олигтойхон авч явахыг эрмэлзэх л чухал байна. Урлаг гэж юу юм бэ гэдгийг хаана, хаанаа сайтар ухаарч, хандаж байх хэрэгтэй байна.
-Урлаг гэж юу юм бэ?
-Урлаг бол дотоод ертөнцийн зогсоо зайгүй эрэл хайгуул юм. Хувьсаж буй цаг хугацаанаас урьдчилан харж, хайж олох, түрүүлж явах эрэл хайгуул. Уран зураг, хөгжим, яруу найрагт илүү тод харагддаг. Миний багшийн шүлгүүдээс ч харагддаг.
-Таны багш хэн бэ?
-Д.Урианхай. Багш “Урьдын юмыг давтахгүй хийхийг шүлэг гэнэ” гэдэг. “Анхны удаа хийж үзэж байгаа юм шиг бичсэн бол түүнийг шүлэг гэнэ” гэж багш минь хэлдэг. Би шүлэг бичдэг. Энэ жил анхны номоо гаргана.
-Таныг балетын урлагаар л төсөөлдөг болохоос шүлэг, яруу найрагтай холбож бодож байгаагүй юм байна.
-Багшийнхаа 70 шүлэгтэй номыг гаргаад, дараа нь өөрийнхөө 35 шүлэгтэй номыг хэвлүүлнэ.
-Сонирхол татаад явчихлаа. Та модерн хийцийн гэхээр шүлэг бичдэг болов уу.
-Ном хэвлэгдэхээр үзээрэй.