Ноолуур судлаач, доктор профессорууд “Бүүвэй” компанийн зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг “Говь” брэндийн энтэй хөгжиж, олон улсад Монголын нэрийг нэрийг өргөж, хүч төрөн “мэндэллээ” хэмээн тодорхойлов. Ингэхэд “BUUVEE” брэндийг хэрхэн санаачилж, үүсгэн байгуулсан бэ, хэн хаана хэрэглээд чанартай, чансаатай гэж тодорхойлсон юм, олон улсад хэрхэн танигдсан бэ зэрэг олон асуултад уншигч абугай хариулт хүсэж буй нь лавтай. “Шангри Ла” олон улсын зочид буудалд болсон “Инновац ба үнэ цэн” хэлэлцүүлгийн үеэр энэ бүхний учиг тайлагдав. Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн энэхүү брэндийг танилцуулах “Инновац ба үнэ цэнэ” хэлэлцүүлгийг эдийн засагч, “Defacto” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан удирдан явуулсан юм. Энэхүү хэлэлцүүлэгт ШУТИС- ийн профессор, доктор Д.Энхтуяа, "Санширо" компанийн захирал, доктор Р.Борхүү, Монголын Инновацийн холбооны гүйцэтгэх захирал Л.Оюунцэцэг болон доктор Р.Бадмаанямбуу, жүжигчин Р.Анхням нар оролцлоо.
“BUUVEE” брэндийг үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуу хэлэлцүүлгийн эхэнд “Хүү минь багадаа байнга зураг зурах дуртай байлаа. Зургаа дүүдээ өгөхдөө “Бүүвээ, Бүүвээ” гэж хэлнэ. Сүүлдээ “Би “БҮҮВЭЭ” гэдэг компанитай болно гэж ярьдаг болсон. Үүнийг нь бэлгэшээж компани байгуулахдаа “БҮҮВЭЭ” гэж нэрлэсэн. “BUUVEE” гэдэг нь бүү ай гэсэн утгатай, эхийн хайр юм. Эхийн хайр бол энэ дэлхийн хамгийн ариун нандин хайр гэдгийг бид мэднэ. Дунд сургууль төгсөхдөө ноолуур судлаач болно хэмээн шийдсэн. Үүнд ямаачин явсан өвөөгийн минь нөлөө бий. Бас “Говьд” компанид инженерээр ажилладаг, нутгийн ахын үлгэр дуурайл их байсан. Би Архангайд төрж, өссөн хөдөөний хүүхэд” хэмээн сэтгэгдлээ хэлсэн. Тэрбээр сонгосон замналаараа явсаар ШУТИС-ийн доктор, профессор Д.Энхтуяа багшийнхаа удирдлага дор баклавр, магистрын дипломын ажлаа ноолуурын сэдвээр хамгаалж байжээ. Хэлэлцүүлгийн дараа “BUUVEE” брэндийг хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар оролцож, сэтгэгдлээ хэлсэн юм. “BUUVEE” брэндийн туршилтын бүтээгдэхүүнүүд Монгол, Австрали, Америк, Герман, Ирланд, Солонгос, Япон, Хятадын зах зээлийн хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн өндөр үнэлгээ авсан байна. Мөн найман сартай балчраас наян настай буурай нар загварын тайзнаа алхаж “BUUVEE” брэндийг ирсэн зочдод бодитоор танилцуулсан билээ. Түүнчлэн эл брэндийн нүүр царай, өнгө төрхийг илэрхийлж яваа жүжигчин Р.Анхням "Би BUUVEE брэндийг туршилтад байхаас нь л өмсөж, хэрэглэж өнөөдрийг хүрлээ. Хүүхдүүддээ бас авч өгдөг. Заавал хими цэвэрлэгээнд өгөлгүй, гэртээ хүйтэн усаар угаачихдаг. Зундаа халууцахгүй, өвөлдөө даарахгүй бас хөнгөн, нимгэн их тааламжтай. Монгол ноолуур дэлхийд үнэлэгдэх тусмаа үнэд орно. Тиймээс "BUUVEE” брэндээ экологид ээлтэй, малчдад өгөөжтэй бүтээгдэхүүн гэж бардам хэлнэ. Үндэсний эл бүтээгдэхүүн Монголын аж үйлдвэрт чимээгүй хувьсгал хийж чадлаа" хэмээсэн. Хэлэлцүүлгийн төгсгөлд маш олон хүн доктор Р.Бадмаанямбууд баяр хүргэж байгаа харагдсан.
Ийнхүү “BUUVEE” брэндийг үүсгэн байгуулагчид олон зочин урьж, гаргасан бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээж, дэлхийд Монголыг сурталчилж эхэлснээ хамтдаа тэмдэглэж, нэг үдшийг аз жаргал дүүрэн өнгөрүүлж, цаашид илүү ихийг үйлдвэрлэх урам авлаа. “BUUVEE” брэнд нь нэмүү өртөг шингэсэн, кластерын зохион байгуулалтад орж, инновац шингэсэн бүтээгдэхүүн. Улмаар олны хэрэглээ болж, дотоод, гадаадын зах зээлд хэдийнэ нэвтэрчээ. Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар зэрэг аймгаас ямааны ноолуур авч, дизайны эрдэм ухаан шингээж, оёдол эсгүүр, ээрмэл болгож, технологийн үр дүнд брэндээ гарган авч, олны хэрэглээ болгосон гэсэн үг.
Дэлхийн зах зээлд монгол ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргахад манай эрдэмтэн, бизнес эрхлэгчид хамтран шинэ технологийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үүднээс шинэ төрлийн нимгэн, цэвэр ноолууран бүтээгдэхүүний “BUUVEE” брэндийг гаргахад цөөнгүй эрдэмтэн судлаач хувь нэмрээ оруулсныг үйлдвэрлэгчид цохон тэмдэглэж байлаа.
Ноолуурыг зөвхөн хүйтэн сэрүүний улиралд өмсөх тохиромжтой гэсэн уламжлалт хандлагыг эвдэж, жилийн дөрвөн улиралд хэрэглэхэд зохимжтой технологийн шийдлийг гаргасан байна. Энэ нь экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн хөгжилд шинэ дэвшлийг авчрах брэндэд зүй ёсоор тооцогдож буй юм.
Энэхүү монгол ноолууран бүтээгдэхүүн зуны +30, өвлийн -30 хэмд ч өмсөх боломжтой учраас дэлхийн аль ч улс оронд экспортод гаргах боломж бүрджээ. Тиймээс шууд биеэн дээрээ өмсөж болох сүлжмэл хувцасны шинэ материал нь инновацын цоо шинэ шийдэл юм.
Энэхүү шинэ шийдлийг хөгжүүлэх үүднээс 2021 оны аравдугаар сараас компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, “BUUVEE” урланг байгуулж, Германы дэлхийд алдартай “Stoll” фирмийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн автомат сүлжих машиныг суурилуулсан байна. Мөн шинэ бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг жигдрүүлэн, ажиллах хүчнийг сургаж, бэлтгэх, хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах, маркетинг, брэнд хөгжүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллаж буй.
Үнэ цэнийг хамтдаа бүтээж, үр шимийг нь шударгаар хүртэж, урт хугацаанд итгэлцэн түншлэх зарчмаар эрдэмтэд, бизнесийнхний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өчигдрийн хэлэлцүүлгийн агуулга чиглэж, үүгээрээ ач холбогдолтой боллоо.
“Инновац ба үнэ цэн” хэлэлцүүлэгт урилгаар оролцсон эрдэмтдийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе.
Доктор, профессор Д.ЭНХТУЯА: Монгол 40 жилийн өмнө лабораторигүй байлаа. Одоо сайхан лабораторитой болсон. 1990 онд Олон улсын хуралд оролцохоор Францад очиход тэндхийн нэг эрдэмтэн "Монгол ноолуур бол миний мөрөөдөл" хэмээн хэлж, бид хамтран ажиллаж байв. Монгол ноолуур байгалиас заяасан нано ширхэгтэй, амьд организмд хамгийн нийцтэй бүтээгдэхүүн. “BUUVEE” брэнд энэ бүхнийг шингээснээс гадна зөөлөн, хөнгөн, нимгэн, уян, дулаан, амьсгалдаг, будаггүй байгалийн бүтээгдэхүүн юм. Тиймээс зуун дамжин хэрэглэх, инновац шингээсэн бүтээгдэхүүн гэж хэлнэ.
Доктор Р.БОРХҮҮ: “BUUVEE” брэнд үнэхээр онцгой бүтээл болсон. Үүнийгээ баталгаажуулж, патентийн гэрчилгээ олгосонд талархаж байна. Маш их хичээл зүтгэл гаргаж, лабораторийн туршилтад оруулж, эрдэмтдийн оролцоог хангаж, утасны мөн чанарыг гаргасан бүтээл бол эрүүл мэндэд эерэг нөлөөтэй “BUUVEE” брэнд юм. “BUUVEE” брэндийг гаргаж ирэхэд эрдэмтдийн 30 жилийн хөдөлмөр орсныг бахархалтайгаар хэлье. "Санширо" компанийнхаа зүгээс “BUUVEE” брэндийн хамт олондоо хоёр сая төгрөгийн ээрмэлийн утас бэлэглэж байна.
Доктор Л.ОЮУНЦЭЦЭГ: “BUUVEE” брэнд инновацад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Шинэ бүхэн инновац биш. Жинхэнэ инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдэг шинжлэх ухааны шийдэл, мэдлэг шингээсэн байх учиртай. “BUUVEE” брэнд бол нэгдүгээрт, шинэлэг бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд гаргасан. Гуравдугаарт, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа чанараараа олж авсан учраас инновац шингэсэн бүтээгдэхүүн юм. Товчхондоо, олон эрдэмтдийг урьж, маш том амбицтайгаар эхлүүлсэн кластер бизнес учраас амжилтад хүрсэн.
Эдийн засагч Д.ЖАРГАЛСАЙХАН: Би "BUUVEE” брэндийг гольф тоглохдоо өмсдөг. Нүцгэн биен дээр өмсөхөд тохиромжтой юм билээ. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийхэд хөлс ихээр ялгардаг. Харин "BUUVEE” брэнд амьсгалдаг учраас хөлсийг шингээдэг, дааруулдаггүй. Тиймээс цаашид спортын хувцас үйлдвэрлэлийг давхар хөгжүүлбэл илүү үр ашигтай байж мэдэх юм.
Сонирхолтой тоо баримт
Монгол Улс 2020 онд нийт 219.5 сая ам.долларын ноолууран бүтээгдэхүүн экспортолсон нь нийт экспортын 2.9 хувийг бүрдүүлдэг. Экспортын дийлэнх буюу 185,3 сая ам. долларын үнийн дүнтэй угаасан ноолуур гаргаж байна. Харин дөнгөж 16,9 сая ам. долларын дүнтэй сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ.
Монгол Улс нийт ноолуурын экспортын бүтцийг үнийн дүнгээр авч үзвэл 84,4 хувийг угаасан ноолуур, 7,7 хувийг самнасан ноолуур, эзэлж байгаа бол дөнгөж 7,9 хувь нь сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ. Дэлхийн ноолуур бэлтгэлийн 40 орчим хувийг Монгол Улс, 48 хувийг БНХАУ, үлдсэн 12 хувийг Иран, Афганистан гэх мэт орнууд бүрдүүлдэг байна.
Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг нийлүүлэгч Монгол, БНХАУ-ын ноолуурууд цаг уур, удамшил, ноолуур хураах арга барилаас шалтгаалан хоорондоо ялгаатай. Монгол ноолуур илүү урт ширхэгтэй, бохирдол бага, нэг ямаанаас гарах өгөөж ихээс гадна байгалиасаа олон өнгөтэй тул өнгө оруулагч будаг хэрэглэх шаардлагагүй юм.
Монгол Улсад ноолуур боловсруулах салбарт 15 гүн боловсруулах үйлдвэр, 23 анхан шатны боловсруулах үйлдвэр, 59 сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр, 150-200 өрхийн жижиг цех үйл ажиллагаа явуулж байна.