Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чанх урд баригдаж буй энэ барилгын цаахан талд Сэлбэ гол аврал гуйх шиг урсана. Усны тухай хуульд “Голын эргээс 50-200 метрийн зайд орон сууц битгий хэл усан парк ч барьж болохгүй. Энэ бол улсын онцгой хамгаалалттай бүс” гэх утга бүхий заалт хууль, журамд бий. Гэвч 2008 онд хотыг удирдаж байсан Засаг дарга “M&G констракшн” ХХК-г “гуйж” тэр газрыг 200 гаруй сая төгрөгөөр “шахсан” гэх агуулгатай мэдээллийг тус компанийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан 2022 оны дөрөвдүгээр сарын 12-нд хэвлэлийн хурал хийх үеэрээ ярьжээ. Анхнаасаа олгох ёсгүй газрын эрхийг Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/ нь дээрх хүмүүсийг “гуйж газар олгоод” зогсохгүй, Усны тухай хуулиа анзаараагүй байх юм. 2020 онд Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан тус газрын эрхийг цуцалсан боловч “M&G”-гийнхэн шүүхэд хандаж, ялалт байгуулсан аж. Шүүхийн шийдвэрийг төрийн бүх шатны байгууллага биелүүлэх ёстой гэдгээрээ эл компани газрын эрхээ буцаан авчээ.
“M&G констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалангаас энэ талаар тодруулахад “Тухайн үед НЗДТГ-аас “Танайх Усан парк барина хэмээн авсан газраа зарах гэж байна” гэх үндэслэлээр манай газрын эрхийг цуцалсан. Тиймээс шүүхэд хандаж, нэхэмжлэгч талаас хангалттай баримт байхгүй учир бид ялалт байгуулсан” гэв.
Үүнээс үзвэл НЗДТГ-ынхан хангалттай баримтгүй байж газрын эрхийг “Нэр төдий” цуцлаад, шүүхэд ялагдсан юм уу гэлтэй. Баримт, үндэслэл, шалтгаан нь тодорхой байх ёстойг төрийн захиргааны бүх шатны байгууллагын хуулийн хэлтсийн хуульчид мэдэхийн дээдээр мэдэх ёстой.
Туул голын сав газрын захиргаа /ТГСГЗ/, Байгаль орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ нь 2008 оноос хойш “БОЛОХГҮЙ” гэх шаардлага удаа дараа хүргүүлээд байхад л “М&G”-ийнхан гүрийсээр барилгын ажлаа эхлүүлсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард БОАЖЯ-аас Засаг дарга Д.Сумъяабазарт дээрх компанийн газрын эрхийг цуцлах шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугараас энэ талаар тодруулахад “Шүүхийн шийдвэр гарсан учир бид яаж ч чадахгүй” гэв.
Анхнаасаа олгогдох ёсгүй газар учир, эрхийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох эрх мэдэл НЗДТГ-т хангалттай бий. Гэвч тус газрын шат шатны албан тушаалтнууд асуусан зүйлийг “Мэдэхгүй” хэмээн булзааруулж, хариу өгөхөөс бултаж, асуудлыг нэг нэгэн рүүгээ “шидэж” буй нь хачирхалтай.
ТГСГЗ-ны Уул уурхай хариуцсан мэргэжилтэн П.Энхбаяр “Тус компанийг анх газрын эрх авах үед л НЗДТГ, Хан-Уул дүүргийн газрын алба зэрэг шат, шатны байгууллагад шаардлага хүргүүлсэн ч тоогоогүй” гэлээ.
Энэ оны гуравдугаар сард “Усан паркийн сүүдэрт сүндэрлэх тансаг зэрэглэлийн орон сууц”-аа барьж эхлэх гээд газраа сэндийлтэл хөрсний ус ихээр гарч ирсэн байна. Энэ үед ТГСГЗ-наас “M&G”-ийнханд дахин анхааруулж “Энд барилга барьж болохгүй, хуулиар хориглосон. Экологид сөрөг нөлөөтэй. Үүгээр ч зогсохгүй хөрсний усыг гол руу цутгахдаа манайхаас зөвшөөрөл авах ёстой” гэхэд мөн л үл тоож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
“Усан парк” барьж буй компанийн өөр нэг хууль бус үйлдэл бол Барилгын хөгжлийн төвөөр зураг төслөө магадлуулж, хуулийн дагуу бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй явдал юм. Барилга хот байгуулалтын яамнаас энэ талаар тодруулахад “Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар “M&G констракшн” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 25 давхар бүхий орон сууц барилга болон усан парк, спорт цогцолборын барилгын зураг төсөл “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аар орж магадлал хийлгээгүй байна” гэж мэдээллээ.
Харин МХЕГ-аас тус газарт шалгалт хийхэд барилга барих зөвшөөрөлгүй байсан тул зөрчлийн хэрэг үүсгэж, прокуророос зөвшөөрөл авч, тус газрын цахилгааныг салгаж, үйл ажиллагаа явуулахыг нь түр хориглосон байна. МХЕГ-ын мэргэжилтэн энэ сарын 3-нд дээрх тайлбарыг хэлсний дараа бид тухайн газар очиж үзэв. Тэнд барилгын ажил хэвийн үргэлжилж байв. Тайлбар өгсөн мэргэжилтэнтэй утсаар эргэж холбогдон “Энэ газар барилгын барьсаар л байна” гэхэд “Манайх өдөр бүр шалгаж байгаа. Түр хүлээж байгаарай” гээд хэсэг хугацааны дараа эргэж залгаад “Тэнд барилгын ажил хийгээгүй. Хашаан дотроо цахилгаан мотор ажиллуулж, дээвэр дээрх эд зүйлсээ зөөн буулгаж байгаа гэнэ” хэмээн мэдээлэв. Манай сурвалжлах баг барилгын ажил явагдаж буй талбайн гадна очоод, харуулаас зарим зүйлийг тодруулах гэтэл ажилтнууд нь эвэртэй туулай үзсэн мэт аашилж, тайлбар өгөхөөс татгалзав. Тэр ч бүү хэл хашаанаас гарах гэж байсан ажлын машины жолооч руу гараараа дохиж “Энд нэг хэвлэл ирчихсэн, түр хүлээж бай” гэв. Хашаалсан талбайг өндөрлөг газраас ажиглавал дуу чимээ ихтэй бөгөөд дотор хэдэн арван барилгын ажилчид явах аж.
Эл үйл явдлаас гурав хоногийн дараа МХЕГ-аас нэмэлт тайлбар авсан юм. Тодруулбал, “M&G констракшн” ХХК-ийнхан шаардлага биелүүлээгүй тул бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж “Үр дагаврыг албадан арилгуулах” захирамж гаргуулсан. Тиймээс удахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагааг нь албадан зогсоох арга хэмжээ авна” гэлээ.
Усны тухай хууль зөрчиж, улсын онцгой бүсэд газрын эрх авсан. Мөн Барилгын хөгжлийн төвөөс зөвшөөрөл аваагүй, МХЕГ-ын шаардлагыг биелүүлээгүй гээд олон хууль, журам зөрчсөн эл компанийнхан үйл ажиллагаагаа зогсоосон гэх авч нидэр дээрээ хашаан дотор нь ажил ямар нэг байдлаар үргэлжилсээр байгаа юм.
Өвөг дээдэс маань үр хүүхэд биднийгээ цэнгэг ус, цэлмэг тэнгэрийн дор энх тунх аж төрөг гэж ерөөсөн нь лавтай. 2030 он гэхэд Улаанбаатарын цэвэр усны нөөц хомстоно гэдгийг судлаачид анхааруулсан. Уух ус байхгүй болсон цагт алт, мөнгийг идэж болдоггүйг өөрсдийн биеэр биш юм гэхэд, үр хойч минь мэдрэх нь гашуун үнэн.
Богдхан уулаа өвөл, зунгүй талхалж, үйлдвэрийн бохир усаа гол руу цутгахдаа зүрх нь шимширдэггүй бололтой эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс. Эл үзэгдэх хотынхны өмнө тулгарсан чухал асуудал ч манайхан нэг өдөр дэвэргээд мартдаг нь харамсалтай. Ард түмний хүлцэнгүй байдлыг эрх мэдэлтнүүд, зарим бизнесмен овтой ашиглахыг яана. Үүний нэг жишээ бол “Голын ай сав газар барилга барихыг хорино” гэж цагаан дээр хараар бичсэн хуулийн заалтыг уландаа гишгэж, хээвнэг “Усан парк барьж, жуулчид авчран, улсдаа хөрөнгө оруулна” гэж ярих хүмүүс. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэгдтэл цуврал нийтлэл бэлтгэн хүргэх болно.