Ж.МИШЭЭЛ
Охиноо цэвэр агаарт нэг өдөр амраахаар шийдэв. Хотод ойрхноор нь Тэрэлжийг сонгож, тэндхийн амралтын газруудыг сонжлоо. Аль нь тухтай, дулаахан, хоол унд сайтай, хүүхэд амрахад тохиромжтой бол. Утсаар нэлээд олон газартай холбогдож, мэдээлэл авлаа. Бүгд л “Манайх байршил сайтай, тохьтой, цэвэрхэн” гэж сурталчлах аж. Монгол гэр хоногоор түрээслэх зардал 200-400, байшин 350-600 мянган төгрөгийн ханштай байв. Олон сонголт дунд будилж, чигээ алдсан тул мэргэжлийн зуучлалын байгууллагад хандлаа. Амралтын газар, жуулчны баазуудыг хэрэглэгчидтэй холбодог тус газрынхан бага насны хүүхэдтэй явна гэдгийг минь сонссон даруйдаа “шилдэг” гэснээ санал болгов.
“Тэдний гэрүүд тухтай, шалны халаалттай учир дулаахан, хүүхэдтэй хүмүүст нэн тохиромжтой, хоол сайтай, байгаль нь ч сайхан. Та сонгосондоо харамсахгүй” хэмээн ухуулах менежер бүсгүйн ярианд сэнхэрч, захиалгаа баталгаажууллаа. Дулаахан, тохьтой гэрт хоноглохын тулд урьдчилаад 350 мянган төгрөг төлөв. Хоол, цай зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөрөө цаг тухайд нь төлдөг гэнэ. Ингээд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хаднаас холгүй орших амралтын газарт хүрлээ. Байршлын хувьд үнэхээр бишрэм сайхан санагдав. Ойн зах бараадуулан барьсан цомцог гэрүүд үзэмжтэй, цэгцтэй, цэвэрхэн харагдах нь сэтгэл татам. Өдөржин гадуур алхаж, агаар “амталж” ядарсан бид орой нь үнэтэй гэртээ тухлав. Шал нь үл ялиг бүлээн хэвээр (өдөр нь ч тийм байсан). Амралтын газрын менежерийг дуудаж гэр дулаацахгүй байгааг хэлэхэд “Халтлаа удна. Шөнө сайхан болчихно” гэж тайвшруулав. Харамсалтай нь, түүний энэ тооцоолол ёсоор болсонгүй. Шөнө халаалт бүр сураггүй болов. Өнөөх тохилог гэр “хөргөгч” болж хувирлаа. Хүүхдээ дааруулчих вий гэхдээ хөнжлийг нь засаж, давхарлан, хөл гарыг нь хучсаар өглөөг угтав. Дайны хажуугаар дажин гэгчээр шөнө дунд зэргэлдээх гэрт хүүхэд уйлах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс чанга дуугаар хэрэлдэх чимээ гарч бас баахан тух алдууллаа.
Оройжин судалж, эрэл сурал болж, мэргэжлийн хүмүүсээс тусламж авсны эцэст хүйтэн гэрт ийнхүү жиндэж хоносон юм. Уг нь би тэр олон газраас “дулаахан, тухтай” гэдэг шалгуураар шигшиж, эднийхийг сонгосон. Харамсалтай нь, миний хайсан зүйл тэнд байсангүй. Шаттай, шилэн тоонотой, дэнлүү шиг загвартай гэрэлтэйгээрээ л бусдаас ялгаатайгаас биш өөр онцгой, содон зүйл тэр гэрт байсангүй. Гэвч би 350 мянган төгрөг төлсөн. Мөн хоол, цайныхаа төлбөрийг ч өгсөн.
Хэд хоногийн өмнө ийм үйл явдал дахин давтагдав. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, эмчилгээ, үйлчилгээгээрээ алдартай гэх, хотоос 600 гаруй км зайтай рашаан, сувиллыг зорилоо. Тийшээ явсан шалтгаан минь харшил, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй охиноо илааршуулах гэснийх. Бага насны хүүхэдтэй, бас сэрүүвтэр өдрүүд тохиож буй учраас өвлийн байранд байрлахыг амралтын газрынхан санал болгож, бид ч үгийг нь дагалаа. Төв байрных нь өрөө дүүрсэн, ачаалалтай үе таарсан тул үйлчлүүлэгчдийг зун, өвлийн байшинд л хуваарилах сонголттой байсан юм билээ. Гэтэл өнөөх өвлийн байшин нь үзэмжгүй, тухгүй гэж жигтэйхэн. Хэзээ мөдгүй нурж унах нь уу гэлтэй харагдах нь түгшүүртэй. Ариун цэврийн өрөө нь хүүхэд байтугай томчууд бие засах аргагүй бохир. Хооллох, эмчилгээ, сувилгаа хийлгэх газар нь тусдаа тулдаа охиноо бодоод “балгас” шиг байранд хэд хонов. Мэдээж үүнийхээ төлбөрт багагүй хэмжээний мөнгө төлсөн.
Ийм явдал ганц надад бус, олон хүнд тохиолдож байна. Үйлчлүүлэгчдээ тав тухтай байлгахад анхаардаггүй, аюулгүй байдлыг нь хангадаггүй, үнэдээ тохирсон үйлчилгээ үзүүлдэггүй газар хаа сайгүй олширчээ, аялал жуулчлалын салбарт. Тэдний дийлэнх нь “Тав тухтай, аюулгүй, үйлчилгээ сайтай” хэмээх үгээр жуулчдыг урхиддаг ч бодит байдалд энэ шалгууртаа нийцэх нь тун ховор. Монголд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазууд дотоодын аялагчдад ээлгүй, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг хэт хөөрөгддөг гэсэн гомдол, шүүмжлэл сүүлийн үед олширсон нь ч учиртай.
“Тэрэлж явснаас Вьетнамыг зорьсон нь хямд. Хөвсгөлийг зорьсноос Турк рүү явсан нь хэмнэлттэй. Баян-Өлгийд очсоноос Бали ниссэн нь зардал багатай” гэх зэрэг яриа ч гарав. Угтаа энэ бол инээдэм бус, эмгэнэл юм. Эдгээр “том” мөнгөн дүнгүүд аялал жуулчлалын салбарт үнийн хөөсрөл тогтсоны, хараа хяналтгүй байдал гаарсны, нэгдсэн бодлого, зохицуулалт дутагдсаны баталгаа юм. Яаж ч бодсон дотоодын аялал гадаадынхаас хэмнэлттэй, хэд дахин хямд байх ёстой шүү дээ. Гэтэл манай улс дэлхий нийтэд тогтсон энэ хандлагыг сөрж, дотоодын жуулчдадаа үнийн өндөр “босго” тогтоосоор байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, тухайн байгууллага, компанийн зэрэглэл зэргээс хамаараад өртөг харилцан адилгүй байх нь бий. Тухайлбал, “Туушин” зочид буудалд байрлах, “гэст хаус” ангиллын дэн буудалд хоноглох тэс ондоо. Үйлчлүүлэгч тав тухыг хэр зэрэг эрхэмлэхээс, мөн санхүүгийн чадамж нь ямар байхаас шалтгаалаад эдгээрийн алиныг нь ч сонгох боломжтой. Харин амралтын газар, жуулчны баазуудад ийм эрэмбэ, зэрэглэлд тулгуурласан үнийн сонголт алга. Тэд амандаа орсон үнээ хэлж, жуулчдыг үргээн, зорин ирснийг нь сэтгэл дундуур буцаасаар байна.
Хотод хамгийн ойр аялал жуулчлалын бүсэд тооцогддог Тэрэлж, Элсэн тасархайд аялал жуулчлалын ид улиралд монгол гэр хоногоор түрээслэхэд багадаа 200-400 мянган төгрөг төлдөг. Орчин үеийн тохижилттой, тухтай гэх цомцог гэрийн дундаж ханш 300-600 мянган төгрөг байдаг ч нэршлээсээ бусдаар жирийнхээс онцгойрох зүйлгүй. Тохьтойхон өрөө, сууцад хэд хоноход өөр улсын аль нэг хот руу (Улаанбаатар-Бусан-Улаанбаатар нисэхэд 1.2-1.3 сая төгрөгийн ханштай байна) явах (заримынх нь хоёр талын нислэгтэй) зардалтай дүйх жишээтэй. Хөвсгөл нуурын ойр орчмын амралтын газар, жуулчны баазуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ жил жилийн зун тэнгэрт хаддаг. Өнгөрсөн жилийн наадмын үеэр гэхэд монгол гэрийн хоногийн түрээс 600 мянган төгрөгөөс эхэлж байв. Хатгалаас-Жанхай хүртэл завь түрээсэлж, хүргүүлэх зардал нэг сая төгрөгт хүрсэн.
Ийм байхад үүргэвчтэй, майхантай аялагч олшрохоос яах вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тулсан (420 мянга буй) мөнгөөр ганц хоног гэр түрээслэхийн оронд дуртай газраа майхнаа бариад, тааваараа амрахыг илүүд үзэх нь ойлгомжтой шүү дээ. Майхантай аялагч олшрохын хэрээр аялал жуулчлалын компаниудын хүртэх өгөөж буурна. Дотоодын аялал жуулчлал хөгжих боломж хумигдана. Хог хаягдал, орчны бохирдол зэрэг асуудал бий болно. Тэгэхээр БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг холбогдох байгууллагынхан энэ асуудалд бодлогын түвшинд анхаарч, шийдэл эрэлхийлэх цаг нь иржээ. Цар тахал, дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан удаан хугацааны хямрал, хязгаарлагдмал нөхцөл байдлыг даван туулахад дотоодын аялагчид “амь тариа” болох нь дамжиггүй. Харин тэдний хувьд тулгамдаж буй гол асуудал нь аялал жуулчлалын салбар дахь үнийн хөөсрөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар юм.